2022.03.03

Хэнтий аймгийн Ус, Цаг уур, Орчны шинжилгээний төвийн хамт олонтой уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамт олонтой уулзалт хийж, улс орны нөхцөл байдал, эдийн засаг, УИХ-ын үйл ажиллагаа, тойргоос сонгогдсон гишүүдийн ажлын талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авлаа.

Шинэ оны босгон дээр Хэрлэн суманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа газруудын нэгдсэн конторын барилга улсын төсвийн 2,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон. Конторын барилга нь зоорийн давхартайгаа нийлээд 5 давхар, 2600 орчим метр квадрат талбайтай. Үүний 3, 4-р давхарт УЦУОШАлба, цаг уурын лабораторийн үйл ажиллагаагаа явуулж байна.

УЦУОШТ-ийн дарга Б.Хэрлэнчимэг Шинэ конторын барилгатай болсноор тохижилт хийж буйг уламжилж, сургалтын танхимын тохижилтод дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн 1997 онд батлагдсан Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатайг онцолж, дэмжин ажиллахыг хүсэв. Ахмадуудын шагнал урамшууллын асуудал, хүний нөөцийн бодлогодоо анхаарч ажилтнуудаа мэргэшүүлэх сургалтад хамруулах, аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Зөгийн Үүр” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ хүргэсэн талаар дурдлаа.

Уулзалтын дараа УИХ-ын гишүүн Ц.Идэрбат УЦУОШТ-ийн үүх түүхийг харуулсан танхим, архивтай танилцаж, байгууллага хамт олноос хүссэн санал хүсэлтүүдийг судалж, шийдвэрлэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

Хэнтий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв нь улсдаа үйл ажиллагаагаараа тогтмол тэргүүн дэд, байруудад шалгарч ирсэн, Хэнтий аймгийн тэргүүний байгууллага, хамт олны нэг юм. Зөвхөн өнгөрсөн жилийн амжилтаараа салбартаа гуравдугаар байранд, Хэрлэнбаян-Улааны өртөө Тэргүүний өртөөгөөр, Хэрлэн бороо экспедицийг 2021 оны Тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедицээр, Хэрлэн Өндөрхаан усны харуулыг тэргүүний ус судлалын харуулаар шалгаруулсан байна.