Төрийн үйлчилгээний ажилтнуудын төлөөллүүдийн үгийг сонслоо
2022.03.23

Төрийн үйлчилгээний ажилтнуудын төлөөллүүдийн үгийг сонслоо

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн боловсрол, эрүүл мэндийн салбарын Төрийн үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл 71 хүнтэй уулзалт хийж, тэднийг сонслоо.


Учир нь Засгийн газраас энэ оны эхнээс эхлэн Төрийн үйлчилгээний ТҮ1-ТҮ3 зэрэглэлийн ажилтнуудыг гэрээт болгохоор шийдвэр гарсантай холбогдуулан Хэрлэн сумын үйлчилгээний ажилтнуудаас уулзах хүсэлт ирүүлээд байсан юм. Үүнчлэн түүнийг хөдөөгийн багуудад ажиллах явцад төрийн үйлчилгээний ажилтнууд нэлээдгүй санал уламжилсан.


Тус уулзалтад тэрбээр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Өнөрцэцэг, Соёл, урлагийн газрын дарга Б.Зулбаатар, Боловсрол, Шинжлэх ухааны газрын дарга С.Мөнхцэцэг нарыг оролцуулж, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлгэж, үйлчилгээний ажилтнуудын төлөөллүүдийн үгийг сонслоо.


Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Нямдаваа мэдээлэхдээ, Төсвийн шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр тодорхой чиглэл улсын төсөв батлагдахаас өмнө ирсэн. Үүнд ТҮ1-ТҮ3 цалингийн зэрэглэлтэй албан хаагчдыг хамруулж байгаа.
Улмаар хэрэгжүүлэх явцад бүх аймаг эрүүл мэндийн үйлчилгээг гэрээт болгох боломжгүй гэж үзээд саналаа нэгдсэн байдлаар илэрхийлж, эмнэлгийн үйлчилгээний ажилтнууд хуучин статусаараа үлдсэн. Бусад чиг үүргийн байгууллагын үйлчилгээний ажилтнуудыг гэрээт болгох асуудал яригдаж байна.

Манай аймагт үйлчилгээний ажилтнуудын зардал 5,2 тэрбум төгрөг тусдаа шилжиж ирсэн. Үүнд нийгмийн даатгалын шимтгэл хүрэхгүй байсан учраас орон нутгийн төсөв батлахад 863,2 сая төгрөг нэмж баталсан. Асуудлаа ингэж зохицуулсан учраас Хэнтий аймаг улсын хэмжээнд асуудалгүй юм шиг харагдаж байгаа. Гэхдээ бодит байдал амаргүй байна. Төрийн үйлчилгээний ажилтнуудыг урамшуулах, илүү цагийн хөлс дутагдалтай байгааг уламжилсан. Соёлын салбарын үйлчилгээний ажилтнуудын зардал батлагдаж ирээгүй. Тухайн үед бүтцийн шинэчлэл явагдаж байсан. Тиймээс судалж үзээд Соёлын төв, музей, номын сан, БТСГ-ын үйлчилгээний ажилтнуудын цалин хөлсний зардлыг тооцоолж үзээд, аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэх гэж байна гэв.


Үүнчлэн, БШУГ, ЭМГ, СУГ-ын дарга нар орон нутгийн салбарын нөхцөл байдлын талаар мэдээлсэн бөгөөд үйлчилгээний ажилтнуудаа төлөөлж 9 хүн 22 саналыг УИХ-ын гишүүнд уламжиллаа. Тоймолбол, Монгол Улсын Засгийн газар үйлчилгээний ажилтнуудаа гэрээт болгох асуудлаа дэвшүүлэхдээ салбарын ажилтнуудын санал хүсэлтийг тусгаагүй, 2022 онд тэтгэвэрт гарах иргэдийн тэтгэмж төсөвт суугдсан хэрнээ цаашдаа үйлчилгээний ажилтнуудын тэтгэмж яригдаагүй. Тодорхой албан тушаалд үйлчилгээний ажилтан томилогддог ч байгууллагын бүхий л ажилд оролцож хөрвөж ажилладаг, цаашлаад илүү цаг, шөнийн нэмэгдэл, нийгмийн баталгааны асуудлыг дэвшүүлж, хуучин статусаараа ажиллахыг хүсэж буйгаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ц.Идэрбат зарим шийдвэрүүд нийслэл Улаанбаатарт нийцээд байдаг ч орон нутагт төдийлөн нийцдэггүй, дээрх шийдвэртэй холбогдуулан орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөж, орон нутгийн төсвөөс олон зардлыг шийдвэрлэж байгааг хэлж, нийт саналуудыг нэгтгэн авч, УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг, УИХ-д дэвшүүлэхээ илэрхийллээ.