2022.04.03

Хэрлэн сумын Нэгдүгээр багийн авто зам болон Хэрлэн гүүрийг шинэчлэнэ

Өнөөдөр /2022.04.03/ УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймаг, сумын удирдлагуудын хамт Хэнтий аймгийн Хэрлэн нэгдүгээр багаар дайран өнгөрч буй улсын чанартай авто замын засвар, Хэрлэн гүүрийг шинээр барих байршлын асуудалтай холбогдуулан мэргэжлийн инженерүүдтэй Хэрлэн суманд ажиллаа.

Тодруулбал, одоогоос 8 сарын өмнө 2021.08.26-ны өдөр Зам, тээврийн сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар Хэрлэн суманд ажилласан. Мөн үед УИХ-ын гишүүн Ц.Идэрбат аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Чингис хот доторх улсын чанартай авто замын засвар арчлалт, хүнд даацын автомашиныг зорчуулах замын асуудал, Хэрлэн голын гүүрийн чанар муудаж байгаатай холбогдуулан шинэ гүүр барих геодезийн судалгаа, Гудамж төслийн зургийн дагуу шинэ зам тавих гэх мэтчилэн хэд хэдэн асуудлаар Б.Бат-Эрдэнэ гишүүний хамт Зам, тээврийн сайдтай санал солилцож, ЗТХЯ-ны зүгээс шинэ гүүр барих, түүнтэй холбогдох зам гэх мэтчилэн зарим судалгааны ажлыг эхлүүлэхээр болсон.

Эх сурвалжийн мэдээлснээр аймгийн төвийн Хэрлэн гүүрийг хамгийн сүүлд 2009 онд засварласан. Чанар, насжилтын хувьд хуучирч буйг салбарын сайд нь мэдээлсэн. Тиймээс Хэрлэн голын гүүрийг шинэчлэх ажлын зураг төсөвт 2022 онд улсын төсвийн 700 сая төгрөгийг тусгасан бөгөөд энэ хүрээнд хоёр үе шаттай /тендер/ ажлын сонгон шалгаруулалт зарлагдаж, тендерт оролцогчдоос ажлын цар хүрээг эцэслэн тогтоох, техникийн тодорхойлолт бэлтгэхэд туршлагатай гүйцэтгэгч, нийлүүлэгчээс туслалцаа авах шаардлагатай ажлыг тодотгох үүднээс судалгааны ажил хийн эхэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат тойргоос сонгогдсон гишүүдтэй зөвшилцөж шинэ гүүрийг ирэх жилээс барьж эхлүүлэх зорилт дэвшүүлж буйг онцлоллоо.