Иргэдээр эрэмбэлүүлсэн ажлын гүйцэтгэлийг хэлэлцлээ
2022.04.19

Иргэдээр эрэмбэлүүлсэн ажлын гүйцэтгэлийг хэлэлцлээ

2021-2024 онд Хэнтий аймгийг хөгжүүлэх иргэдээр эрэмбэлүүлсэн 164 ажлын гүйцэтгэл, 2023 оны төсвийн төсөлд тусгах ажлын санал зэрэг нийтдээ 6 асуудлаар удирдлагууд хэлэлцлээ.

2022 онд улсын төсөвт тусгагдсан 25 ажлын эрх орон нутагт шилжиж ирсэн. Үүнээс өнөөдрийн байдлаар 17 ажлын 19 гэрээг байгуулжээ. Өөрөөр хэлбэл 17 ажлаас гурав нь багцын ажил байсан гэсэн үг.
Харин 4 ажлын сонгон шалгаруулалт зарлагдаж нээх хугацаа нь болоогүй байгаа бол дахин зарласан нэг, дахин зарлахаар бэлтгэгдэж байгаа 3, огт зарлагдаагүй нэг ажил байгааг аймгийн ХОХБТХ-ийн Хөрөнгө оруулалт, өмчийн бодлого хариуцсан мэргэжилтэн Ц.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Улсын төсөвт тусгагдсан, Салбарын яамдаас зарлагдсан нийт 15 ажлын 9 ажлын гүйцэтгэгч шалгарч гэрээ хийсэн бол 6 ажлын гэрээ хийгээгүйг албаны эх сурвалж мэдээллээ.

Ажлын баг хэлэлцэж орон нутгийн сонгон шалгаруулалтын ажлыг түргэвчлэхийг аймгийн Засаг дарга, яамдаас зарлагдсан ажил, Сайд нарын багцад тусгагдсан ажилд тойргийн гишүүдийн зөвлөхүүд анхаарч ажиллахаар боллоо.

Сүүлийн хоёр жил улсын төсөвт их засварын ажлыг тусгахгүй байгаатай холбогдуулан Хэнтий аймагт тулгамдаж байгаа 19 объектын их засварын ажлыг орон нутгийн төсвөөр санхүүжүүлж, шаардлагатай судалгааг гарган 2022, 2023, 2024 онд шат дараатай гүйцэтгэхээр боллоо.
2021-2024 онд Хэнтий аймгийг хөгжүүлэх ард иргэдээс эрэмбэлсэн 164 ажлын гүйцэтгэлийн асуудлыг мөн хэлэлцлээ. Тус ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд үнэ ханшийн өсөлтийг тооцож төлөвлөсөн ажлын хүчин чадлыг нэмэгдүүлж, төсвийн төсөлд санал хүргүүлэх, мөн ирэх оны төсвийн төсөлд тусгах 30 ажлыг эрэмбэлж, даруй боловсруулахаар боллоо.