Байгаль орчныг хамгаалах асуудалд нэгдсэн байр сууринаас хандах нь чухал
Байгаль орчныг хамгаалах асуудлаар төрийн чиг үүргийн байгууллагуудын хамтарсан хуралдаан байгаль орчин, аялал жуулчлалын яаманд боллоо.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа, Хүрээлэн буй орчны газрын дарга А.Энхбат, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буяннэмэх, Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл, Усны газрын дарга Ш.Мягмар, Туул голын сав газрын захиргааны дарга Д.Нямдорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж, Ашигт малтмал, газрын тосны газар, Экологийн цагдаагийн албаны удирдлагын төлөөлөл оролцов.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн зорилтод хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж заасан байдаг.
Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангуулахад төрийн чиг үүргийн байгууллагуудын хамтрал туйлын чухал бөгөөд байгаль орчныг хамгаалах аливаа асуудалд нэгдсэн байр сууринаас хандах нь илүү үр дүнтэй гэдгийг уулзалтаар талууд хөндөж байв.
Тиймээс байгаль орчныг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах чиглэлээр талууд энэ удаагийн хурлаар санал солилцож, цаашид хамтарсан ажлын хэсэг байгуулан байгаль орчныг хамгаалах аливаа асуудалд нэгдсэн байр сууринаас хандаж ажиллахаар боллоо.
Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомжийг үл тоомсорлож, холбогдох шат шатны төрийн байгууллагын зөвшөөрөлгүй, хяналтгүй ашигт малтмал олборлож буй аж ахуй нэгж байгууллага, иргэнд хуулийн дагуу хариуцлага тооцож, зөрчлийг арилгуулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй эсэх асуудалд хяналт тавих зэрэг ажлыг хамтран гүйцэтгэж, байгаль орчныг хамгаалах асуудалд нэгдмэл нэг бодлоготой ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хуралд оролцогч төлөөллүүдэд санууллаа.
Ялангуяа ашигт малтмал олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд дунд ус ашиглалт, зарцуулалт, түүнтэй холбоотой хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа нийтлэг зөрчил удаа дараагийн хяналт шалгалтаар илэрч байгаа тул дээрх зөрчилд хуулийн дагуу улс, орон нутгийн хяналтын байгууллагууд нь хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хариуцлага тооцох байгаль орчноо хамгаалах аливаа асуудалд иргэдийн оролцоог бий болгож ажиллахыг үүрэгдэв.