Өөрийнхөөрөө л байж чадсан Ерөнхий сайд
-Төрсөн өдөр-
Юм, юмны донжийг нь тааруулж чаддаг улс төрийн өндөр соёлтой нэгэн гэдгийг улстөрчид хүлээн зөвшөөрдөг. Хүн өөрийнхөөрөө л байх хэрэгтэй, бусдын таалалд нийцүүлж өөрийгөө өөрчлөх шаардлагагүй гэж үздэг нэгэн. Магадгүй тийм ч учраас ардын уран зохиолч, төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн түүнд “Өөрийнхөөрөө” гэсэн нэртэй зургаа бүтээж, бэлэглэсэн байх.
Бөх, морийг учиргүй сонирхож, торгон дээл, угалзтай гутал өмсдөг нэгэн биш ч хувцасны чанарыг сайн мэдэрдэг. “Би хямд юм авдаг, тийм ч баян хүн биш” гэсэн хэллэгийг нь Монголчууд бараг цээжилчихсэн гэхэд хилсдэхгүй. Найз нөхдөөрөө бахархаж, тэднийгээ амьдралын утга учир гэж бодож явдаг. Хүнд хоол хувцаснаас гадна санах нутаг, зүтгэх ажил хэрэгтэй гэдгийг залууст сануулсан хүн бол яах аргагүй С.Баяр юм.
Ан хааяа хийчихдэг ч загасчлах илүү дуртай. “Өдөржингөө олзтой, олзгүй хөлхөж отогтоо буцаж ирээд анд нөхөдтэйгөө хээрийн хоол, ундаагаа хувааж хүртэх, эзгүй хээр эзэн нь болох гэдэг бол эр хүний жаргал” гэж ярьж байсан.
Гоонь Ерөнхий сайд хэмээн “цоллуулж” байхдаа С.Баяр гомдоогүй. Охиныхоо хүүг үрчилж аваад хүүтэй болох мөрөөдлөө “биелүүлж” элгээ дэвтээж яваа нэгэн.
Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа С.Баяр танд түргэн илааршиж, олон олон удаагийн төрсөн өдрөө ард түмэнтэйгээ тэмдэглэхийг ерөөе.