2025.01.15

П.Сайнзориг: Суурь шийдэл рүүгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэдийн оролцоотой явах ёстой

Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.01.15/-ны өдрийн хуралдаанаар  “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцлээ.

Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

Энэхүү хөгжлийн төлөвлөгөөг дэмжиж байна. Улаанбаатар хотын асуудал өчигдөр гэнэт үүсээгүй. Бид суурин төлөвт шилжээд, хот байгуулаад нээх удаагүй.Мэдээж алдаа оноотой шийдэгдэж байгаа. Тэгэхдээ зарим сургамжуудыг эрт засах ёстой байсан. Ард иргэдийг бухимдуулж хожуу засаж байгаа үнэн. Алсдаа нийтээрээ хотдоо стресс бухимдалгүй, ажлын байртай, орлоготой, эрүүл аюулгүй орчинд амьдрахын тулд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Улаанбаатар хотын хууль эрх зүйн орчныг мартсантай холбоотой. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөлт бий болж байгааг анзааралгүйгээр төсөв харамласантай холбоотой ийм зүйл өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн. Бид хот төлөвлөлтийн том алдаа нь дээр Улаанбаатарчууд бүх нийтээрээ маш өртөгтэй сургалтад сууж байгаа. Эрүүл мэндээрээ хохирч байгаа. Үүнийг өнөө маргаашдаа шууд засна гэдэг хэцүү. Тэгэхдээ өнөө маргаашдаа дандаа алсыг харсан суурь шийдэл рүүгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэдийн оролцоотой явах ёстой. Аргацаасан, гоё ганган зүйл яриад хэрэггүй. Ерөнхийдөө эрчим хүч, дэд бүтцээ шийднэ гээд концепци орж ирж байгааг дэмжиж байна. Богд уултай холбоотой асуудлыг Ж.Бат-Эрдэнэ дарга хэллээ. Төрийн байгууллагууд нь хууль зөрчиж газар авчхаад, иргэд нь отог нэртэйгээр орон сууж барьчхаад бүгд амьдарч байна. Богд уулын тэлэлттэй холбоотой ан амьтны гарц орцыг цаашид анхаарах ёстой.