Энхболд.Н 2013.01.08 | Сонин: Өглөөний сонин

Бид ирц бүрдүүллээ ч байр суурийг маань сонсохгүй байна

  Бид ирц бүрдүүллээ ч байр суурийг маань сонсохгүй байна
МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин /МАН-ын бүлгийн хурал­дааны дараах мэдээлэл 01 сарын 07/

МАН-ын  бүлгийн хурал­даанаар Чингис бондын зарцуулалт болон зарим аймгийн Засаг даргыг томилох асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохоор урьсан. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдаанаар тэр талаар мэдээлэл хийчихсэн” хэмээгээд бүлгийн хуралд ороогүй аж.

Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймагт ялалт байгуулсан. Гэтэл өнөөг хүртэл зургаан аймгийн Засаг дарга томилогдоогүй. Үүний шалтгааныг “Ерөнхий сайд нэрийг нь өргөн мэдүүлсэн Засаг дарга нарыг батламжлахгүй байна”  гэж тайлбарлаж байгаа. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар мэдээлэл хийсэн юм. МАН-ын дарга, УИХ-ын ги­шүүн Ө.Энхтүвшин “Орон нутагт цаг агаар хүндэрч байгаа энэ үед Засаг дарга нарыг томилохгүй, эзгүйдүүлж байгаад иргэд бухимдалтай байна. Ерөнхий сайд энэ асуудлыг ярихаас халгаж байх шиг байна” хэмээсэн юм.

Энэ үеэр бүлгийн дарга Н.Энхболдоос зарим зүйлийг тодруулсан юм.

-Ерөнхий сайд Н.Алтан­хуягаас Чингис бондын зарцуу­лалт, хүү төлөлтийн талаар мэ­дээлэл сонсохоор урьсан бо­ловч өнгөрсөн баасан гарагийн чуулганаар мэдээлэл хийсэн гээд ирсэнгүй. Үүний шалтгааныг юу гэж үзэж байна вэ?

-Ерөнхий сайдаас Чингис бондын талаар үнэн зөв мэдээлэл сонсохыг хүссэн. Гэвч ирсэнгүй. Энэ нь зөвхөн МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд ирэхгүй байгаа юм биш, УИХ, Засгийн газар хоорондын ажил үүргийн хуваарь, хариуцлагын тогтолцоог хөндсөн асуудал болж хувирлаа. Бүлгийн хурал дээр холбогдох албан тушаалын хүмүүс мэдээлэл өгч ярилцдаг уламжлалтай.

Бондын асуудлаар тусгайлан ярилцъя гэхээр ирэхгүй байгаа нь зарим зүйлийг бодогдуулж байна.

Ингэлээ гээд бид уг асуудлыг орхихгүй. Бидний санал хэвээр байх болно. Мөн  бондын асуудлаар Монгол­банк­ныхантай уулзаж, мэдээлэл авна. Бонд бол  Засгийн газрынх гэхээсээ илүү Монгол Улсын хэмжээний асуудал. Засгийн газар Монголбанктай гэрээ хийснээр манай улс өрийн дарамтгүй болно гэдэг нь яаж ч бодсон ойлгомжгүй зүйл. Эсвэл Монголбанк Засгийн газрын өмнөөс мөнгө төлнө гэсэн юм уу. Энэ талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авмаар байна.

-МАН олонх болсон есөн аймгийн зургаад нь Засаг даргыг баталгаажуулаагүй байгаа. Энэ асуудал яагаад удаад байна вэ?

-Ерөнхий сайд өнөөдрөөс тэд­гээр аймагт Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэж хүмүүс томилж байна. Энэ нь хууль зөрчсөн асуудал. Энэ талаар шүүхэд хандаж, шаталсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

-Өнгөрсөн баасан гарагийн чуулганаар МАН-ынхан яагаад чуулганы хуралдаанд ороогүй юм бэ?

-УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдааны ирц, санал өгч буй нөхцөл байд­лын талаар яриад хуулийн да­гуу ажиллах нь зүйтэй гэж үзсэн. МАН-ын гишүүд УИХ-ын хуралдааны ирцийг бүрдүүлэгч биш. Бид ирцийг нь бүрдүүлж, олонх хуралдаа идэвхтэй оролцож буй гишүүдийн байр суурийг сонсохгүйгээр аливаа асуудлыг шийдэх нь зохимжгүй юм. Олонх ирцээ бүрдүүлэх ёстой. Хэрэв ирц бүрдсэн бол бид хуралдаанд оръё гэж бодож байсан.