Газар өмчлүүлэх, бэлчээрийн асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан
2013.01.22

Газар өмчлүүлэх, бэлчээрийн асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй

Хууль тогтоох дээд байгууллагаар Газрын тухай багц хууль хэлэлцэгдэж эхлээд буй. Тодруулбал, зохион байгуулалт хийх, газар чөлөөлөх, өмчлүүлэх, бэлчээрийг хэрхэн бий болгох гэх мэт олон зүйл яригдаж байна. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа.

-Газрын тухай багц хууль хэлэлцэгдэхээр боллоо. Хэчнээн хууль байгаа вэ?

-Газрын тухай багц хууль нь маш чухал ач холбогдолтой л доо. Одоогийн байдлаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихлээ. Цаашид анхны болон дараагийн хэлэлцүүлгээр илүү тодорхой оруулж, зүйл заалт болгон дээр ярилцах болно. Ерөнхийдөө таван хууль бий. Газрын тухай, кадастрын, газар чөлөөлөх, төлбөр гэсэн хуулиуд байгаа юм. Үүнээс гадна гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын өргөн мэдүүлсэн Газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирсэн. Хуульд Монгол Улсын иргэнд бэлчээр болон өвөлжөө хаваржааны газрыг малчдад эзэмшүүлэх асуудал тусгагдсан. Энэ нь, өмнө нь огт байгаагүй зүйл л дээ.

-Нийслэлийн газар зохион байгуулалтын талаар тусгагдсан. Энэ талаар?

-Улаанбаатар хот ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу хөгжөөгүй. Өнөөдөр  гэр хороолол ямар хэмжээнд хүрч, хүн амын нягтрал хэр болсон нь үүнээс харагдах биз. Тиймээс нийтийн эрх ашгийг дээдпэх үүднээс зам, дэд бүтэц, барилгажилтын асуудлыг дахин төлөвлөх шаардлага гарч байгаа юм. Ийм учраас барилга, цэцэрлэг, сургууль барих гэсэн шаардлагаар аливаа газрыг албадан чөлөөлөх тухай заалт оруулсан. Ер нь улс, орон   оршин   тогтнох   нөхцөл нь газар. Газаргүй бол тусгаар улс гэж байхгүй. Тиймээс маш нухацтай хэлэлцэж, ёстой эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг зарчим баримтлах нь зүйтэй. Ерөнхийдөө манай Байнгын хороо хуулийн төслийг бэлтгэх гол үүргийг гүйцэтгэнэ.

-Гэхдээ бусад бүтцээр зайлшгүй оруулах шаардлагатай гэсэн шүүмжлэл гарсан?

-Тийм. Төсөв болон Эдийн засгийн байнгын хорооны хурлаар зарим асуудал нь орох ёстой гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шаардлагатай асуудлаар дээрх Байнгын хороодтой хамтарч хуралдан ямар зохицуулалт хийх вэ гэдгийг ярина. Тодруулбал, газар албадан чөлөөлөх асуудлыг Эдийн засгийн байнгын хороотой хамтран шийдэх бол Газрын төлбөрийн тухай хуулийг Төсвийн байнгын хороотой хамтарч шийдэх жишээтэй. Ингэхгүйгээр дангаар шийдэх ямар ч боломжгүй юм.

-Магадгүй зөвхөн УИХ-аар асуудлыг шийдэх ёсгүй байх л даа. Иргэдийн санал бодлыг ч үүнд тусгах нь зүйтэй болов уу?

-Маш их хариуцлагатай хандаж, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхээргүй тийм л хууль батлан гаргах ёстой. Ёстой "гоомой" зүйл хийж, хөнгөн хандаж болохгүй гэсэн үг. Тийм ч учраас бид хаврын чуулганы завсарлагаанаар энэ ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Нэг үгээр хэлбэл, Байнгын хороог даргалан ажиллаж байгаагийн хувьд бүтцийн байгууллага дээрээ ажлын хэсэг томилж, завсарлагаанаар нэлээн ачаалалтай ажиллах болно. Мөн ард иргэдийн дунд хэлэлцүүлэг ч өрнүүлэх юм. Тодруулбал, бэлчээр, өвөлжөө, хаваржаагаа өмчлөх асуудалд малчид ямар бодолтой байна. Хот суурингийнхан газар чөлөөлөх дээр ямар байр суурьтай байгааг сонсох нь зүйтэй гэж үзэж байгаа. Газар бол хэзээ ч үнэ цэнээ алдахгүй баялаг. Өнөөдөр Таван толгойн хувьцаа гээд л яриад байгаа ч амьдралд биеллээ олохгүй, ард түмний амьжиргаанд нөлөө үзүүлэхгүй яваа. Иймээс юун түрүүн иргэддээ газар өмчлүүлэх асуудлыг шийдэх хэрэгтэй байна.

-Өнөөдөр газар өмчлөх эрх иргэн бүрт байгаа ч бараг тал хувь нь газаргүй яваа. Гэтэл өмчлөөгүй хэсэг нь газар авъя ч гэсэн олдохоо байж. Үүнийг зохицуулах талаар ямар заалт байна?

-Мэдээж хэрэг үүнийг бид хараагүй биш л дээ. Тэр ч утгаараа иргэддээ газар өмчлүүлэх асуудлыг хөндөж байгаа хэрэг. Өнөөдөр газар өмчлөх цаг хугацаандаа багтаж өргөдөл хүсэлтээ илэрхийлээгүй хүн маш олон бий. Ийм хүмүүст газар эзэмших эрхийн бичиг өгнө. Түүнийгээ үр хүүхэд, хамаатан садандаа өвлүүлэх эрх олгоно. Мөн биржээр дамжуулан худалдах ч эрхтэйгээр өгөх юм. Ерөнхийдөө эдийн засгийн эргэлтэд оруулах давуу эрхтэй капитал иргэдийн гарт хүрнэ гэсэн үг.

-Магадгүй тэрхүү эрхийн бичиг ямар үнэ цэнэтэй, хэдэн га газар байх нь иргэдэд сонин байгаа л даа?

-Одоогоор эрхийн бичиг тэдэн төгрөгний үнэтэй байна аа гэж хэлэхэд эрт байна. Ханш нь ч ямар байх нь тодорхойгүй. Тиймээс миний хувьд тааж хэлэх зүйл алга.
Өнөөдөр Монгол Улсын иргэн зөвшөөрөгдсөн хаана ч газар авахад чөлөөтэй. Эх орны газар шороо хэзээ ч үнэ цэнээ алдахгүй учраас лав л тийм ч хямд байхгүй, бас эрхийн бичиг иргэдийн амьдралд чухал ач холбогдолтой байна.

Магадгүй 2016 он гэхэд бүх аймаг, суурин хатуу хучилттай замаар холбогдох тул зам дагаж амьдрал гэдэг болохоор хаана ч газар эзэмшиж болох байх аа.
-Газар албадан чөлөөлөх асуудал тийм ч амар шийдэгдэхгүй байх?

-Тийм. Аливаа хүн та газраа өг гэхээр шууд нүүгээд явчихгүй. Үүнд анхаарах хамгийн гол асуудал нь ямар ч тохиолдолд иргэнээ хохироож болохгүй юм. Хатуухан хэлбэл тухайн хүний өмч рүү халдаж байгаа учраас хохирлыг нь заавал барагдуулах ёстой. Ардчилсан нийгмийн амин сүнс нь хүний эрх чөлөө, өмч шүү дээ. Ямар аргаар газрыг нь авах, албадан нүүлгэх вэ гэдэг нь чухал. Тиймээс эзэмшигчтэй нь тохиролцох, зөвшилцөх, төр худалдан авах замаар шийдэх нь илүү оновчтой. Мөн нүүлгэх ажлыг төр хийж байгаа бол тухайн иргэнээс асууж хаана газар авахыг нь сонгуулах сонголт бий болгох хэрэгтэй болов уу. Түүнээс та нүү бид байшин барилаа гэх нь буруу. Үүнээс гадна байраар солих, зах зээлийн хамгийн өндөр ханшаар худалдан авах арга хэмжээ ч зохион байгуулж болно. Энэ бүхнийг тусгай заалт болгон оруулна даа.

-Бэлчээр эзэмшүүлэхдээ хэрхэн шийдэж, хэний ямар журмаар зохицуулах вэ?

-Үүнийг Засгийн газраас гаргасан журмаар зохицуулна. Энэ нь ч зөв. Малын тоо толгой жил ирэх тусам өсч, бэлчээрийн даац хэтрэхдээ тулчихлаа. Гэтэл бэлчээргүй болчихвол монголчуудын эдийн засгийн тулгуур баганын нэг мал сүрэг маань яах вэ. Үүнийг шийдэхийн тулд заавал ямар нэгэн алхам хийх шаардлага гарсан. Иймээс бэлчээрийг малчдад эзэмшүүлж, нутаг орон нь хариуцдаг хуультай болох нь зүйтэй юм. Ер нь, анх удаа ийм асуудлыг хуульчилж, зохицуулах гэж оролдож байна. Магадгүй бие даасан хууль болгон гаргавал эрсдэл өндөр байх нь гарцаагүй. Тиймээс Засгийн газрын журмаар зохицуулах нь зөв гэж байгаа хэрэг. Алдаа оноо гарвал журмыг өөрчилж, сайжоуулахад ямар ч асуудалгүй шүү дээ. Цаашид нэлээн боловсронгуй болохоор нь хууль болгосон ч гэмгүй.