Э.Эрдэнэжамъян: Би Интерполд захидал илгээсэн нь үнэн
Дэд сайд Э.Эрдэнэжамъян
2012.10.31

Э.Эрдэнэжамъян: Би Интерполд захидал илгээсэн нь үнэн

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян МАХН-ын дарга Н.Энхбаярын авлигын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг Интерполд илгээсэн талаар АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа.

Энэ асуудлаар Э.Эрдэнэжамъян дараах тайлбарыг өглөө.

-АТГ-аас таныг сэжигтнээр татсан гэх мэдээлэл байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү?

-АТГ-аас өчигдөр надаас гэрчийн мэдүүлэг авсан. Харин өнөөдөр 14.00 цагт намайг сэжигтнээр татсан тухай зарлан дуудах хуудас ирүүллээ. Тэгэхээр би одооноос эхлээд АТГ-т шалгуулах болж байна.

-Тэгэхээр та МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгтэй холбоотойгоор Интерполд захидал илгээсэн гэсэн үг үү?

-Би Интерполд захидал явуулсан нь үнэн. Н.Энхбаяр даргын авлигын хэрэгтэй холбоотойгоор түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжилж байгаа. Гэтэл Интерпол нь дөрвөн төрлийн хэрэгт эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулах эрхгүй байдаг. Үүнд, хүний эрх зөрчигдсөн, арьс өнгөөр ялгаварласан, улс төрийн болоод шашны хэрэгт Интерпол оролцох боломжгүй. Харин бидний зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа тул Интерполд хандсан.

-Та хэзээ Интерполд захидал илгээсэн бэ?

-Одоогоос 10-аад хоногийн өмнө Хууль зүйн дэд сайд болон МАХН-ын гишүүний нэрийн өмнөөс Интерполд и-мейл илгээсэн.

-Таны захидалд Н.Энхбаярын хэрэгт холбогдсон хоёр сэжигтнийг эрэн сурвалжлах үйл ажиллагааг зогсоох тухай дурдсан уу?

-Монгол Улсын цагдаагийн байгууллагаас хүсэлт явуулсны дагуу Интерпол Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн сурвалжилж байгаа. Гэтэл Н.Энхбаярын хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байгаа, мөн бидний зүгээс цагаатгах боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Н.Энхбаяр даргын хэргийг улстөрийн хэрэг гэж үзэж байгаа тул Интерполоос Монголд шинжээчээ явуулж, энэ хэрэг улстөрийн мөн, биш эсэхийг шалгаж, тогтоохыг хүссэн утгатай захидал илгээсэн. Хэрэв улстөрийн хэрэг гэдгийг тогтоовол Интерпол ч, Монголын цагдаагийн байгууллага ч ноцтой асуудалд орно. Энэ үүднээс би Интерполд хандсан.

-Интерполд захидал илгээхийн тулд ямар нэг байгууллагаас зөвшөөрөл авах ёстой юу?
 

-Ямар нэг байгууллагаас зөвшөөрөл авах шаардлага байхгүй.

-Хууль зүйн дэд сайдын нэрийн өмнөөс Интерполд ийнхүү захидал илгээсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Би МАХН-ын гишүүн. Энэ намын нэрийн өмнөөс Хууль зүйн дэд сайд болсон. Тиймээс дэд сайд боллоо гээд Н.Энхбаяр даргын хилс хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Ирэх дөрвөн жилд ч тэмцэх болно.

-Нэгэнт та Интерпол руу захидал илгээсэн. Тиймээс АТГ-аас мөрдөн байцаах аажиллагаанд саад учруулсан гэх үндэслэлээр хуулийн дагуу танд ямар нэг хариуцлага оноох байх?

-Миний захидлаас болж Интерпол эрэн сурвалжлах үйл ажиллагаагаа зогсоохгүй нь мэдээж. Би АТГ-т захидлын талаар бүхнийг тайлбарлаж өгсний дараа асуудал шийдэгдэх байх. Тиймээс надад ямар нэг байдлаар хариуцлага хүлээлгэнэ гэж бодохгүй байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.