М.Сономпил: Оюутолгойд эрчим хүч нийлүүлэхэд жилд 110 сая ам.доллар зарцуулж байна
"Ярилцах танхим " буланд энэ удаагийн дугаартаа Эрчим хүчний сайд М.Сономпилыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Манай улсын эрчим хүчний салбар жилээс жил хүнд байдалд орж байна. Үүнийг төрөөс эрчим хүчний салбарт нэгдсэн бодлого барьж ажилладаггүй байсны үр дүн гэж харж байгаа. Таны хувьд энэ салбарыг толгойлж ажиллаж байгаагийн хувьд бодлогын шинэчлэл хийхэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Салбарын сайдын хувьд эрчим хүчний бодлого алдагдсан гэдэгтэй санал нийлнэ. Сүүлийн арав гаруй жил энэ салбарт төрөөс баримтлах бодлого үгүй болсон нь өнөөдөр эрчим хүчний хомсдолд оруулахад хүргэж байна. Уг нь эрчим хүч улс орны эдийн засгийн хөдөлгөх хүч нь болж байгаагийн хувьд хөгжлөөс түрүүлж явах ёстой юм. Эрчим хүчтэй байж гэмээнэ уул уурхай, барилга, үйлчилгээний салбарууд хөгжинө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл эрчим хүч, эдийн засгийн хөгжлийнхөө ард орчихсон чирэгдээд явж байгаа нь үнэхээр харамсалтай хэрэг. Шинэчлэлийн Засгийн газар эрчим хүчний салбарт баримтлах бодлогоо тодорхой гаргасан байгаа. Эрчим хүчний дутагдлаас богино хугацаанд гарахын тулд манай яам бодлогоо боловсруулаад Засгийн газарт танилцуулсан. Манай улс нар, салхи, усны асар их нөөцтэй учраас сэргээгдэх эрчим хүчний салбарыг түлхүү хөгжүүлэх ёстой. Түүнчлэн нүүрсний баялаг нөөцөө өдөр, шөнөгүй гадны орон руу зөөж байхын оронд нүүрсээ шатааж эрчим хүч болгоод дотоодынхоо эрчим хүчний хомсдлыг арилгаж дараа нь гадны орнуудад экспортлох бололцоо байгаа гэдгийг олж харсан. Энэ чиглэлээр ажиллаж байна. Хамгийн түрүүнд тавдугаар цахилгаан станцын байршлын асуудлыг Засгийн газарт долоон удаа тавьсаны эцэст оны өмнөхөн шийдвэрлэсэн. Эдийн засгийн хөгжлийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам цагаан сараас өмнө гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа. Одоогийн байдлаар зураг, схемийг нь танилцуулж байна. Тиймээс тавдугаар цахилгаан станцын ажил энэ хавар эхэлнэ. Энэ төслийг ажил эхэлснээс хойш 3.6 жилийн дараа дуусахаар "шахаж" байгаа.
-Ийм хэмжээний цахилгаан станцыг 3.6 жилийн хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй талаар зарим инженерүүд ярьж байсан?
"Эрдэнэс МГЛ" ХХК хэдэн жилийн өмнө 300 МВт-ын цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулсан
-Тавдугаар цахилгаан станц 450 МВт-ын хүчин чадалтай байх юм. Энэ бол том хэмжээний цахилгаан станц биш. 20-30 жилийн өмнөх инженерүүд л ийм зүйл ярьж байгаа байх. Дээхнэ үед бол энэ хэмжээний цахилгаан станц асар томд тооцогддог байсан юм. Одоо 1000 МВт-аас доошхи цахилгаан станц бага хүчин чадалтайд тооцогддог. Ер нь манай улсын цаг агаарын онцлогоос шалтгаалан өвлийн улиралд ажил зогсож байгаа учраас удааширч байгаа болохоос үүнээс ч хурдан хугацаанд барих боломж бий. Гадны орнуудад энэ хэмжээний цахилгаан станцыг 2.6-3 жилийн дотор л барьчихдаг юм. Тиймээс удлаа гэхэд ажил эхэлснээс хойш дөрвөн жилийн дараа тавдугаар цахилгаан станц ашиглалтад орно.
-Цахилгаан станцын ажлыг өвлийн улиралд үргэлжлүүлэх талаар судалж байгаа юу. Ер нь ийм боломж байдаг юм болов уу?
-Цахилгаан станц гэдэг маань зөвхөн барилгын ажил биш. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, угсралт гэх мэт олон ажил бий. Иймд өвлийн улирлыг ашиглах боломжтой. Барилгын ажлаа дууссан цагт дотор талдаа дулаан өгөөд ажиллаад байх боломж бий. Ер нь энэ төслийн аль болох хурдан хугацаанд ашиглалтад оруулахын тулд "шахаж" байгаа. Франц, Япон, БНСУ-ын компаниуд, манай улсаас "НьюКом" ХХК хамтарсан консерциум ажиллаж байна. Энэ гурван улсын компанийн хувьд дэлхийд эрчим хүч үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг томоохон группүүд юм.
-Тавдугаар цахилгаан станцаас гадна эрчим хүчний хоёр ч эх үүсвэрийг бий болгох талаар ярьж байгаа шүү дээ. Энэ ажил юу болж байна вэ?
-
Тавантолгойн орд газар
"Эрдэнэс МГЛ" ХХК хэдэн жилийн өмнө 300 МВт-ын цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулчихсан байсан. Засгийн газрын бондын хөрөнгөөс энэ цахилгаан станцын 30 орчим хувийг санхүүжүүлнэ. Үлдсэн хөрөнгө оруулалтын асуудлыг "Эрдэнэс МЖЛ" болон Тавантолгой орчимд үйл ажиллаж байгаа компаниудтай ярьж тохироод энэ ажлыг эхлүүлэх боломжтой. Мөн л 3-3.6 жилийн хугацаанд дуусгана. Тавдугаар цахилгаан станцаас өмнө ч ашиглалтад оруулчих боломж бий. Эрчим хүчний яамнаас 2020 он хүртэл бодлогоо гаргасан байгаа. 2020 он хүртэл эрчим хүчний хэрэглээ хэр өсөх вэ гэдгийг тооцоолсон. Одоо 300 гаруй МВт-ын хэрэглээ дутаж байна. Улаанбаатар хотод 500 МВт-ын хэрэглээ шаардагдаж байна. Ингээд тооцож үзэхэд 2000 МВт-ын хэрэглээ байна. Одоогийн байдлаар манай улсын эрчим хүчний салбар 810 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг.
Тэгэхээр 2020 он хүртэл 1200 МВт 1 эрчим хүч дутагдаж байгаа юм I Тиймээс Багануурын цахилгаан 1 станцыг барих ажлыг судалсан. Социализмын үе буюу 1983 онд 1 хийгдсэн ТЭЗҮ байдаг юм билээ. Шавыг нь ч тавьчихсан байдаг. Тэр үед хийгдсэн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний яамнаас шинэчилсэн.
-Энэ станцуудыг бондын хөрөнгөөр санхүүжүүлнэ. Тэгэхээр санхүүжилт нь орчихвол шууд ажлаа эхлэх боломжтой юу?
-Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх боломжтой. Харин Багануурын цахилгаан станцын ажлыг яаравчилж байгаа. Энэ жилдээ багтааж ажлаа эхлэхийг зорьж байна. Үгүй бол ирэх жил ажилдаа орно. Эдгээрээс гадна баруун бүсэд цахилгаан станц барих шаардлагатай. Манай улсын баруун бүс эрчим хүчний хэрэглээнийхээ 70 хувийг ОХУ-аас авч байна. Гадны оронд мөнгө төлөх биш өөрсдийнхөө хэрэгцээг хангахын тулд зайлшгүй баруун бүсэд цахилгаан станц байгуулна. 60 МВт-ын цахилгаан станцын ТЭЗҮ хийгдээд дуусч байна. Мөн л бондын хөрөнгөөр санхүүжинэ. Мөн Увс аймгийн Бөхмөрөн сумын Нүүрст хотгор гэдэг газарт төсөл хэрэгжинэ. Үүнээс гадна хувийн хөрөнгө оруулалтаар барьж буй томоохон төсөл олон байна. Энэ ажлууд маань сааталгүй үргэлжлэх юм бол 3-5 жилийн дараа эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо хангаж гадны орон руу импортлох боломжтой болно.
-Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй зүйл. Гэхдээ цахилгаан станцуудыг барихын тулд бондын хөрөнгөөс зарцуулах нь буруу гэж шүүмжлэх хүн байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Олон хүн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах шаардлагатай гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ эрчим хүчний салбарт бондын хөрөнгийг 10-30 хувийг л оруулж байгаа шүү дээ.
-30 хувь гэж байсан шүү дээ?
-30 хүртэлх хувийг санхүүжүүлж байгаа.
-Оюутолгойд эрчим хүч нийлүүлэхийн тулд Хятад улсад өдөрт хэдэн төгрөг төлдөг юм бэ?
-Нэгжийн үнэ нь 64 төгрөг. Ер нь Оюутолгойд эрчим хүч нийлүүлэхийн тулд жилд 110 гаруй сая ам.доллар төлж байгаа. Тиймээс шинэ эх үүсвэрийг яаралтай барих хэрэгтэй. Одоогийн байдлаар 40-60 МВт-ын цахилгаан авч байна. Төсөл эхлэхээр 260 МВт-ын цахилгаан худалдаж авна.
-Сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барихын тулд ямар ажил хийж байгаа вэ. Манай улсын өмнөд хэсгийн салхины нөөцийг Хятадууд ашиглан эрчим хүч үйлдвэрлэж байна?
-Засгийн газар мөрийн хөтөлбөрт энэ асуудлыг оруулсан. Эгийн голын цахилгаан станц, Шүрэнгийн цахилгаан станцыг барьж байгуулах ажлын хэсэг гарсан. Үүнээс гадна энэ оны тавдугаар сард "Нью Ком" компанийн 50 МВт-ын салхин цахилгаан станц ашиглалтад орно.
-Уг нь энэ ажил өнгөрсөн онд дуусах ёстой байсан?
-Тийм. Гэхдээ цаг агаарын байдлаас шалтгаалан хойшилсон зүйл бий. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр цахилгаан станц барих зөвшөөрөл авсан маш олон компани байгаа. Хувийн хэвшлийнхний ажил хэзээ дуусч, цахилгаан станц нь хэзээ ашиглалтад орохыг хэлж мэдэхгүй байна.
-Сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны орнуудын туршлагаас суралцах шаардлагатай байх. Гадны компаниудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа юу?
-Норвеги улс бол усан цахилгаан станц барих ажилд арвин их туршлагатай. Бид Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ улстай хамтарч ажиллахаар болсон. Эгийн голын усан цахилгаан станц барих ажилд хамтарна. Мөн Хятад улстай хамтран том чадлын цахилгаан станцыг барьж "түлхүүр хүлээлгэж өгөх" нөхцөлтэйгөөр урт хугацааны зээлээр санхүүжүүлэх асуудлыг Засгийн газар хооронд хэлэлцэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нийт 500 МВт-ын цахилгаан станц барих зөвшөөрөл олгосон. Төр засгаас хувийн хэвшлийг дэмжих бодлого барьж байгаа.
-Эрчим хүчний үнийг ойрын хугацаанд нэмэх үү. Эрчим хүчний үнийг чөлөөлөхгүйгээр цахилгаан станцууд ашигтай ажиллах боломжгүй гэдэг юм билээ?
-Өнгөрсөн онд гарсан УИХ-ын 72 дугаар тогтоол гэж бий. Энэ оноос эхлэн цахилгааны үнийг үе шаттайгаар нэмээд 2014 он гэхэд эрчим хүчний үнийг чөлөөлөх чиглэлтэй байгаа: Дулаан, цахилгааны үнийг нэмэхгүйгээр дотоод зардлаа бууруулаад одоогийн үнээ барих боломж байна уу гэдийг судалж байна. Тиймээс энэ оныг бид эрчим хүчний хэмнэлтийн жил болгон зарласан шүү дээ. Энэ ажлыг яам өөрөөсөө эхлээд эрчим хүчээ хэмнэж эхэлж байна. Манай эрчим хүчний үйлдвэрүүд дотоод зардлаа бууруулах талаар их зүйл хийж байгаа. Тиймээс ойрын үед эрчим хүчний үнийг нэмээгүй байгаа. Үнэ нэмэх шаардлага бий. Гэхдээ эхлээд дотооддоо дүн шинжилгээ хиймээр байна. Тиймээс зөв шийдэлд хүрэхийн тулд үнэ нэмэх асуудлаар тодорхой зүйл хэлэх боломжгүй байна.
-Эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл "УС-15", дөрөвдүгээр цахилгаан станцыг 100 МВт-ын турбинээр нэмэгдүүлэх зэрэг ажил хийж байгаа. Гэхдээ энэ нь шаардлагатай эрчим хүчний хэрэглээг нөхөж чадахгүй, аргацаасан ажил болж байх шиг?
-Ямар ч байсан шинэ эх үүсвэр ашиглалтад ортол "гал алдчихгүй" байхыг л хичээж байна. 16 сарын дотор 170 орчим МВт-ын эх үүсвэр бий болно. Үүнийг хийсэн ч гэсэн тэр хэмжээний хэрэглээ бий болно. Гэхдээ үүнийг нөхөхийн тулд хоёр хөршөөсөө эрчим хүч экспортлох боломжтой. ОХУ-аас 170 МВт-ын эрчим хүч экспортолж байна. ОХУ-тай хэлэлцээр хийгээд энэ хэмжээг 250 МВт хүртэл нэмэгдүүлэхээр болж байна. Үүнээс Хятадаас эрчим хүч авах боломжтой. Шаардлагатай бол Хятад улсаас эрчим хүч импортолж болно.
-ОХУ, БНХАУ хоёр эрчим хүч экспортлохоо зогсоовол хүнд байдалд орно. Үүний бодолцож байгаа юу?
-ОХУ бол эрчим хүч экспортолдог орон. Эрчим хүч түлшний асар их нөөцтэй. Манай улсад эрчим хүч экспортлоход юу саад болж байна вэ гэвэл техникийн бололцоо байхгүй. Манай талаас техникийн шинэчлэл хийчихвэл ОХУ эрчим хүчний экспортоо нэмэгдүүлнэ.
-Эрчим хүчний үйлдвэрлэлээс гадна түгээх систем хүнд байдалтай байна. Жил бүр л засвар хийдэг. Цахилгаан, дулаан түгээх шугам сүлжээг нэгдсэн байдлаар засах боломж байна уу?
-Манай эрчим хүч, дулааны шугамууд үнэхээр муудсан. Анх Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрахаар бодож төлөвлөсөн юм билээ. Гэтэл одоо хэд дахин олон хүн амьдарч байна шүү дээ. Сүүлийн үед Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийх талаар ярьж байна. Энэ хүрээнд дулаан, цахилгааны дэд бүтцийг шинэчилнэ. Эрчим хүчний "бага тойрог" гэдэг сүлжээг бий болгохоор ажиллаж байгаа.
-"Шударга ёс эвсэл"-ийг Засгийн газраас гарах гэж байна гэсэн яриа гарах боллоо. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Сонин хэвлэлээр ингэж гарч байсан. Би энэ тухай яриа сонсоогүй. М.Энхсайхан дарга "Үндэстнийхээ эрх ашигт сөргөөр нөлөөлөх шийдвэр гарах гэж байгаа бол бид засагт байх шаардлагагүй. Үүний эсрэг тэмцэнэ" гэж хэвлэлд ярилцлага өгсөн байсан. Үүнийг л тэгж ойлгож байгаа байх. Түүнээс биш Засгийн газраас гарна гэж яриагүй. УИХ-ын сонгуулиас хойш МҮАН чуулганы хурлаа хийгээгүй байна.
-Чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. Манай намын Ерөнхий нарийн бичгийн дарга УИХ-ын гишүүн болсон учраас шинэ хүнийг ч томилно. Энэ мэтчилэн олон асуудал хэлэлцэх байх.
-М.Энхсайханыг ажлаас нь халахдаа Ерөнхий сайдад мэдэгдээгүй гэсэн. Энэ ямар учиртай юм бэ. Ер нь Х.Баттулга сайд Ерөнхий сайдтай байр суурийн хувьд зэрэгцэх боллоо гэх юм?
-Засгийн газрын тэргүүн нь мэдээгүй байхад Төрийн өмчийн хороо хуралдаж шийдвэр гаргасан нь үнэн.
-Та энэ асуудлаар Ерөнхий сайдтай ярилцаж үзэв үү?
-Шийдвэр гарсныг би мэдээгүй байсан. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд мэдээгүй л байсан шүү дээ. Үүнээс болж маргааш нь Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн хорооны даргыг сольсон.
-Н.Энхбаяр даргыг хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх асуудлыг юу гэж харж байна вэ?
-Миний хувьд юуны түрүүнд Н.Энхбаяр даргын эрүүл мэндэд санаа зовж байна. Эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа учраас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байх. Энэ асуудалд аль нэг улс төрийн нам, эвсэл оролцохгүйгээр мэргэжлийн эмч нар шийдвэр гаргах нь зүйтэй.
-Н.Удвал сайдыг Н.Энхбаяр даргад зориулан дүрэм зохиож байна гэдэг. Энэ нь ч ортой?
-Энэ бол хардлага байх аа. Ер нь зөвхөн Н.Удвал сайдын шийдвэрээр бүх асуудал явахгүй шүү дээ. Мэргэжлийн эмч нар юу гэж дүгнэж байна, түүгээр л шийдэгдэх ёстой. Тиймээс ганц сайд бүхнийг шийдвэрлэхгүй.
-Ярилцсанд баярлалаа.