Хадаас үйлдвэрлэж байгаа орныг хараад атаархдаг
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн дарга буюу ерөнхий технологич М.Авирмэд
2013.06.18

Хадаас үйлдвэрлэж байгаа орныг хараад атаархдаг

Анх Монгол, Япон улсын засгийн газар хоорондын гэрээгээр жилд 100,0 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн хүчин чадалтайгаар 1990 онд Дарханы Төмөрлөгийн Үйлдвэрийн суурь анх тавигджээ. Тус үйлдвэр нь дэлхийд металлургийн техник технологиор тэргүүлэх компаниудын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

1993 онд анхны ган хайлалт хийгдсэн бөгөөд 1994 онд үйлдвэр бүрэн хэмжээгээр ашиглалтад орсон. 2008 онд Төмөртэй, Төмөртолгой, Хуст Уулын гэсэн төмрийн 3 ордын лицензийг албан ёсоор эзэмших лицензийг эзэмшиж, 2009 оноос Төмөртолгойн ордыг ашиглаж эхэлсэн байна. Тиймээс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн дарга буюу ерөнхий технологич М.Авирмэдтэй монголын төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.

 -Төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, боловсруулахаар ЗГ, болон төмрийн хүдэр олборлогчид идэвхийлэх боллоо. Хөгжүүлэлт юунаас эхлэх ёстой вэ?

Төмөрлөг гэдэг маань өөрөө стратегийн бүтээгдэхүүн. Өнөөдөр Төмөрлөгийн үйлдвэрлэлийн талаар цэгцтэй нэгдсэн бодлого үгүйлэгдэж байна.. Манай улсад төмөрлөгийн үйлдвэрлэлийн түвшин ямар байгаа билээ. Ямар ч улс оронд тусгаар тогтнол, эдийн засаг, хөгжлийн үндсэн суурь нь Төмөрлөгийн үйлдвэрлэл буюу металл боловсруулалтын түвшин байдаг. Бид 13-р зуунд хүдрээ боловсруулан ган бүтээгдэхүүнээ өөрсдөө хийж байсан түүхтэй юм. Манай улсад төмөрлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус 3 холбоо, нэгдэл байна.

Өнөөдөр юуны түрүүнд энэ олон холбоо, нэгдэл, төр засаг нэгдэж цэгцтэй нэгдсэн бодлоготой болох хэрэгтэй. Төмрийн хүдэр буюу хуурай соронзон аргаар баяжуулсан баяжмал экспортлох явдлыг зогсоож нэмүү өртөг шингэсэн нойтон соронзонгоор баяжуулсан баяжмал үйлдвэрлэх шаардлагатай. Нойтон соронзон аргаар баяжуулсан баяжмалаасаа шууд ангижруулсан төмөр, ширмэн гулдмай зэргийг үйлдвэрлэж өөрийн хэрэгцээт ган бүтээгдэхүүнээ хангах илүүдэл завсрын бүтээгдэхүүнээ экспортлох нь зүйтэй бол уу.

-Боловсруулах үйлдвэр болон аж үйлдвэрийн цогцолборууд одоо дандаа судалгааны шатандаа л явж байгаа. ТЭЗҮ ч хийгдэж дуусаагүй.  Гэхдээ энэ салбарыг судалдаг хүний хувьд та үйлдвэрийн технологийн шийдэл талаас нь ямар байх ёстойг хэлж өгөөч. 

Миний бодлоор бол хар төмөрлөгийн үйлдвэрлэлийн технологи нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт суурилсан дотоодын хэрэгцээгээ ган бүтээгдэхүүнээр хангах, чиглэлээр хөгжүүлэх нь зөв байх. Хар төмөрлөгийн үйлдвэрлэлд төмрийн хүдрээс  ширэм- ган үйлдвэрлэх, шууд ангижруулсан төмөр-ган үйлдвэрлэх гэсэн хоёр үндсэн технологиуд нилээд түгээмэл, дэлхийн улс орнуудад зэрэгцэн хөгжиж ирсэн байдаг.

Манай улсад байгаа төмрийн хүдэр, бусад түүхий эд материалууд зэргийг судалж үзэхэд хямд өртөгтэй ердийн нүүрс, төмрийн баян агуулгатай хүдэр зэрэг нь шууд ангижруулсан төмрийг хатуу түлш, нүүрсний хийн хамт ашиглан үйлдвэрлэх боломжийг олгож байна. Энэ нь өнөөдөр Монголд ажиллаж байгаа цахилгаан нуман зуух, индукцын зуухнуудад хаягдал төмрийн оронд ашиглах түүхий эд болох давуу талтай.

-Ашиглах ёстой гэдэг нь зайлшгүй байгаа ч төр засаг нэг л хөшүүн байгааг юу гэж ойлгох вэ? Яагаад өдий болтол хөгжүүлж чадаагүй юм бэ?

Би дээр хэлсэн төр засаг, төрийн бус байгууллагын нэгдсэн цэгцтэй бодлого хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн уялдаа холбоо муу байна. Энэ нь төрийн дэмжлэг, хөшүүрэг дутагдаж байгаа явдал юм. Мөн үүний зэрэгцээ Яам тамгын газарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, ажиллаж байгаа  хүмүүсийнх нь мэдлэг чадвар, сэтгэл дутагдах зэргээс шалтгаалаад хөгжиж чадахгүй байна. Ер нь яаманд хар төмөрлөгийн үйлдвэрлэл хариуцсан газартай болж байж хөгжих байх.

-Нөөц хязгаарлагдмал учраас зөв бодлого гаргах хэрэгтэй. Энэ салбараа хөгжүүлэх нь их ашигтай. Улс орны хувьд хаалгаа ч үйлдвэрлэж чадахгүй байна гэдэгт эмзэглэмээр байна.

Манай үндсэн түүхий эдийн нөөц тийм ч бага биш л дээ гэхдээ зөв бодлого хэрэгтэй байна. Ийм баялагтай улсын хувьд хаалгаа хийж чадахгүй юм аа гэхэд ядаж хадаасаа хийдэг болмоор байгаа юм. Заримдаа өөрөөсөө ичих юм. Би чинь энэ мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллалаа, тэгэхэд нэг

Өмнөд Солонгос улс 1970-аад оны сүүлч хүртэл үргэлжилсэн хоёр дахь шатны үндсэн дээр экспортын чиглэлийг үйлдвэрлэлийг эрчимжүүлэн төмөрлөг, хими, машины үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлжээ.

байрнаасаа хөдөлж чадаагүй дээ. Тэгэхэд ямарч баялаггүй улс орнууд тив алгасан төмрийн хүдэр худалдан авч өөрсдийгөө хангаад зогсохгүй дэлхийн хэмжээнд экспортлоод яваад байж болоод байна.

-Төмрийн хүдэр олборлогчид нэг уурхай, хажуудаа баяжуулах үйлдвэр барихад засгийн газраас 20 тэрбумын зээл хүсч байна. Ер нь аж үйлдвэрийн цогцолбор барьчихаад хажууд нь уурхайнуудад тус тусад нь баяжуулах үйлдвэртэй болгох нь хэр ашигтай вэ. Яаж уялдаатай ажиллуулж, харилцан ашигтай болгох вэ?

Зөвхөн баяжуулах үйлдвэр барихад 20 тэрбум төгрөг шаардаад байвал засагт хэцүү байх болов уу. Өнөөдөр Дарханд манай үйлдвэрийг тойроод миний мэдэж байгаагаар 7 баяжуулах үйлдвэр баригдаад түрүүч нь ажиллаад эхэлчихлээ. Манай үйлдвэр ч гэсэн баяжуулах үйлдвэрээ 8 сард ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүдийн хүчин чадал нь манай баяжуулах үйлдвэртэй нийлээд жилд бараг 2 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд хүрнэ. Тэгэхээр өнөөдөр ашиглагдаж байгаа орд маань хэд билээ, түүхий эдийн нөөц маань ямар билээ эдгээр баяжуулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хэрхэн хангах вэ гээд асуудлууд үүсэх байх.

Харин одоо эдгээр баяжмалаа боловсруулах тухай, миний яриад байгаа Шууд ангижруулах үйлдвэрүүд барьж байгуулах хэрэгтэй байна. Үүнд баяжмалын үйлдвэрийг бодвол харьцангүй хөрөнгө оруулалт өндөр шаардагдана. Гэвч эцсийн бүтээгдэхүүний үнэ цэн баяжмалаасаа 4-5 дахин үнэтэй байна.

Шууд ангижруулах үйлдвэр барих хувийн хэвшлийхэнд Монголын засгийн газраас зээл өгдөггүй юм аа гэхэд гадаадаас зээл авахад нь ядаж баталгаа ч юм уу туслалцаа үзүүлэх шаардлагатай гэж бодож байна. Төрийн өмчийн үйлдвэр хувийн хэвшлийхэн хоорондоо харилцан ойлголцож хэн хэндээ ашигтай байдлаар тохиролцож ажиллах шаардлагатай байна.  

-Манай улсад дотооддоо үйлдвэрлэж байгаа зүйлсийг давхар хямдхан импортолж авчраад нэгнийгээ унагаад байдаг практик бий. Томоохон хөрөнгө оруулалт шаардсан үйлдвэрт ч бас ийм байдал үүсвэл яах вэ?

Төмөрлөгийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хувьд харьцангүй гайгүй. Дэлхийн зах зээлийн үнэ ойролцоо. Үйлдвэрлэлийн хэмжээнээс хамаарч үнэ нь ихдээ 10-20%-н зөрүү гарна. Үүнийг бид гаалийн татвар, онцгой албан татвар зэргээр зохицуулах бүрэн боломжтой. Миний яриад байгаа шууд ангижруулсан төмөр, ширмэн гулдмай зэрэг нь завсрын бүтээгдэхүүн учир үнийн хувьд санаа зовох асуудал байхгүй.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн өнөөгийн байдал ямар байгаа вэ? Хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Боловсруулах үйлдвэр байгуулах нөөц бололцоо хэр байна?

Дарханы төмөрлөгийн үйлдвэр сүүлийн жилүүдэд жилд дунджаар 60,0 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 2009 оноос хойш хүдэр ашиглаж хайлалтын үндсэн түүхий эдээ хангах асуудал руу шуурхайлан орсон. Одоогоор 2 уурхай ашиглалтанд оруулж таваарын хүдэр /хуурай соронзон баяжмал/ гаргаж эхэлсэн, жилд 1,0 сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэр баригдаж байгаа ба  8-р сард ашиглалтанд оруулчих байх. 

Ойрын 2 жилдээ багтаагаад шууд ангижруулах үйлдвэрээ ашиглалтанд оруулчих боломжтой, бүх технологийн судалгаа хийгдсэн, сонголтын хэмжээнд байгаа. Гэхдээ бид маш удаан байгаа гэж бодож байна. Учир нь 1990 онд анх төмөрлөгийн үйлдвэрийг байгуулахдаа 1996 онд шууд ангижруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байсан юм. Технологи судалгаа туршилтын ажил 1990-1992 онд хийгдээд технологийн сонголт хийгдсэн.

Тэгээд хөрөнгө мөнгөний асуудлаас болоод зогссон. Уг нь манай үйлдвэрт 1990 онд Төмөртолгой, Төмөртэй, Баянгол гэсэн 3 орд газар байсан. Баянголын орд нь  Болд төмөр -Ерөө гол ХХК-ийн мэдэлд очсон.  Одоо бол Төмөртэй ордод олборлолтын үйл ажиллагаа эхлүүлээд байгаа ч ордын лицензийн асуудал маргаантай хэвээр байна. Төмөртолгойн орд дээр олборлолт явуулж байна. Энэ орд дээрх ордуудаас нөөцөөрөө хамгийн бага нь юм. Гэхдээ болно биздээ.

-Бусад үйлдвэрлэгчидтэйгээ хэрхэн нийлж, нэгдэж хамтарч ажиллах боломжтой вэ?

Бусад үйлдвэрлэгчидтэй хамтарч ажиллах бүрэн боломжтой.

 -Боловсруулалтын түвшин ямар байх боломжтой вэ? Аж үйлдвэрийн цогцолборыг хэрхэн байгуулах нь зөв вэ?

Боловсруулалтын түвшинг өнөөдрийн нөхцөлд хэрэглэгдэж байгаа дэлхийн шилдэг техник технологиор сонгох хэрэгтэй. Цогцолборыг Дархан-Сэлэнгийн бүс дэх төмрийн хүдэр, нүүрс,шохойн чулууны асар их нөөцөд тулгуурлан одоо байгаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн технологи, туршлага дээр тулгуурлан уг үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх замаар байгуулах нь зүйтэй.

Ер нь аж үйлдвэрийн цогцолборын хүчин чадал жилд 500 мянгааас 1,0 сая тонн хэмжээнд байх нь зохимжтой. Мөн цогцолборыг төр, хувийн хэвшил гэсэн хосолсон хэлбэрээр байгуулбал ашигтай байх. Ядаж хяналт сайжирна.

-Цогцолбороос гарсан бүтээгдэхүүнийг экспортлох уу, зөвхөн дотоодын хэрэгцээг хангах уу.

Цогцолбор маань эхний ээлжинд дотоодын хэрэгцээг хангана. 2-рт: экспортлох зайлшгүй шаардлагатай. Эцсийн бүтээгдэхүүн болох хүртэлх дамжлага бүр дээр завсрын бүтээгдэхүүн гарна. Харин ямар бүтээгдэхүүн экспорлох вэ гэдэг нь чухал. Энэ цогцолборыг дагаад маш олон жижиг үйлдвэрүүд байгуулагдана.