Д.Батжаргал: Халамж бол ядуусыг олноор бий болгох улс төрийн бодлого
Санхүү эдийн засгийн их сургуулийн гүйцэтгэх захирал Д.Батжаргалтай үнийн өсөлтийн талаар ярилцлаа.
-Статистикийн төв газрын сагсанд авдаг цөөхөн бүтээгдэхүүний үнэ ихэнхи тохиолдолд зохион байгуулалттай л өсөөд байгаа?
Махны үнийг хэдхэн ченж барьдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд ариун цэврийн шаардлага л тавьчих хэрэгтэй. Гар аргаар нядалж болохгүй, үйлдвэрлэлийн аргаар гэх мэт шаардах нь зөв. Ингэхээр бизнес эрхлэгчид нядалгааны цех барина, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, зориулалтын зооринд хадгалах болно. Улаанбаатарт орох махнаас дээж авч, шинжилгээ хийгээд, нэгдсэн том агуулахад хадгалж, эрүүл мах идэх боломж бүрдэнэ.
-Төр засгийн зүгээс махны үнийг бууруулах гэж нөөцийн махыг хэдэн жил дараалж гаргаж байгаа ч үр дүнгээ өгөхгүй л байна. Үүнийг зарим эдийн засагчид гал унтраах арга гэж нэрлэдэг?
Хичнээн жил нөөцийн мах гаргах вэ дээ. Өөр аргаар шийдэх механизмыг олох хэрэгтэй. Нөөцийн мах гэх мэт тогтворжуулалтын хөтөлбөр удаан
Нөөцийн мах
үргэлжилж болохгүй. Нэг хоёр жилдээ гал унтраана. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлагыг тавих нь хамгийн оновчтой арга.
Ер нь бизнес эрхлэгчдийн санхүүгийн тайлан, орлого, зарлагыг хянаж байх хэрэгтэй. Ингэвэл үнийн өсөлт хэр бодитойг шалгаж болно. 50 хувиар үндэслэлгүй нэмсэн бол монополь ашиг олох гэж байна гэдгийг тогтоож, арга хэмжээ авна. 50 хувийнхаа ашиг нэмж байна гэдэг нь хэрэглэгч авахаас өөр аргагүй байдалд оруулж байна гэсэн үг.
Эхлээд бүртгэлийн тогтолцоогоор нь өөрчилж, үүнд аудит, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хянах ёстой.
-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар сүүлийн үед ажлаа эрчимжүүлж байгаа ч хүчин чадал нь хүрэхгүй юм шиг харагддаг?
Хяналт сайн байвал үнэ галзуурахгүй. Монголд бүх юмнийх нь үнэ дэлхийн өндөр хөгжилтэй орныхтой адил. Гадныхан биднийг ядуу мөртлөө үнэ бараа бүтээгдэхүүнтэй, яаж амьдардаг байна аа гэж гайхдаг. Энэ чигээрээ байвал инфляцитай тэмцэлдэж, зууралдсаар л байна. Инфляци нэг хэсгийг баяжуулж хоосруулдаг зүйл. Ийм улсад хувьсгал гарч, пролетариуд бий болдог.
-Дэлхийн банкнаас мэдээлснээр манай улсын эдийн засаг саарч, ДНБ буурсан тухай мэдээлсэн.
Эдийн засгийн өсөлтийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр хэмжихээр саарсан харагдаад байна. Өнгөрсөн жил эдийн засаг өсөөн нь ДНБ нүүрснээс л болж өссөн. Нүүрсийг хятадын компаниуд урд аваачиж
Нүүрсний экспорт 2020 он гэхэд 80 сая тоннд хүрэх төлөв бий
шанагаар зөөж, ачсанаас бий болсон. Тэр үед хэн баяжсан юм бэ. Эдийн засгийн өсөлт иргэнд наалдаагүй. Одоо гадны хөрөнгө оруулалт буурч байна гэж санаа зовох хэрэггүй. ДНБ-ий тооцдогоор эдийн засгийн өсөлт буурвал буурч л байг.
Харин гаднаас дэлхийд сул байсан 1,5 тэрбум долларыг татаж чадсан манай улс үүнийг өөрийн бүтээн байгуулалтдаа зөв зарцуулж чадвал эдийн засаг өснө. Цалин нэмэгдэж, орлого ихэснэ. Орлогын өсөлтөөр л эдийн засгийн өсөлтийг тооцох хэрэгтэй.
Дэлхийн банкны хувьд эдийн засгийн өсөлтийг ДНБ, үндэсний орлого, зарлагаар хэмждэг. Угаасаа өсөлтийг хэмждэг гурван л арга бий. Үүний нэг нь татварын зөв тогтолцоотой, бүртгэл тогтолцоо нь сайн, бизнес эрхлэгчид нь зөв төлөвшчихсөн газар ДНБ хэмжихэд их хялбар.
Үүнийг монголд нааж бодохоор арай л биш. Манай улсын тухайд эдийн засгийн өсөлтөө арай л өөр байдлаар хэмжих хэрэгтэй.
Хэдийгээр гадаад эдийн засаг, муу ч гэлээ дотоод орчиндоо бүтээн байгуулалт сайн хийвэл эдийн засгийн өсөлт хэвийн явагдана.
-Бэлэн мөнгө тараах нь улс орны эдийн засагт их хохиролтой. Гэтэл манай улс салбараа дэмжих нэрийдлээр урамшууллын мөнгийг компаниудад өгдөг. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
Халамж бол олон ядуу хүнийг бий болгох улс төрийн бодлого. Улаанбуудайнд өгсөн урамшууллаас болж гурилын чанар муудсан. Би урамшуулал өгөхийн эсрэг байдаг. Нэг юмийг дэмжиж байна гээд шууд мөнгө өгч байгаа нь буруу. Атрын аян гэх нэрийдлээр хамаг газар хагалж, хагалсан газраас метан хөөрч дулаарал бий болгож байна. Хэрвээ үнэхээр үр ашгаа бодож байвал шинэ технологи нэвтрүүлж, зөв менежментээр хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй.