Барилгын материалын үнэ хямдарсан ч орон сууцны үнэ өссөөр байна
Өнгөрсөн сард шинэ орон сууцны үнэ метр квадрат тутамдаа 200 мянган төгрөгөөр огцом өсч, иргэдийг бухимдуулсан. Үнэ яагаад өссөн бэ гэдгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгана гэж байсан. Гэхдээ үнэ өссөн нь буруу, эсвэл зөв байсан талаар одоогоор мэдэгдсэн зүйл алга. Ямартай ч байрны үнэ өсчихлөө. Одоо зарагдаж буй байрны дундаж үнэ метр квадрат тутамдаа 1200 ам.доллар байгаа гэдгийг Барилгын үндэсний ассоциацийн захирал Ц.Эрдэнэбаяр хэлж байсан юм.
Монгол төгрөгөөр тооцвол сая 400 мянга гаруй төгрөг болж байна. Энэ жишгээр тооцвол шинэ байрны үнэ ойролцоогоор 16 хувиар нэг сарын дотор өсчээ. Ийм өндөр үнийн өсөлтөд чухам юу нөлөөлчихөв өө. Статистик мэдээллээс харахад манай урд хөршийн Эрээний боомтоос Монгол руу орж ирэх барилгын материалын экспорт эхний зургаан сард 47.8 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 128.7 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл, барилгын материалын зах зээлд ямар нэгэн хомсдол, гачигдал үүсээгүй гэсэн үг. Барилгын материалын ченжүүд ч бас үүнтэй санал нэг байсан. "100 айл" худалдааны төвийн ченжүүдтэй уулзахад "Барилгын материалын эрэлт, нийлүүлэлт тогтвортой байгаа" гэж байсан юм. Гэхдээ барилгын материалын үнэд жил бүр тодорхой хэмжээний өөрчлөлт ордог гэцгээж байлаа. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад барилгын материалын үнэ төрөл бүр дээрээ 500-2000 хүртэлх төгрөгөөр нэмэгдсэн гэнэ. Үүнийг хувиар нь тооцож үзвэл ойролцоогоор 10 орчим хувийн өсөлт болж байгаа юм.
Өдийд хүйтэрсэн учраас барилгын материалын үнэ хямдарсан байгаа гэдгийг ченжүүд мөн дуулгасан. Тодруулбал, нэг кг будаг зуны ид хэрэглээний үед 1800 төгрөг байсан бол одоо 1500 төгрөг болжээ. Түүнчлэн плита, паркет, дүүжин тааз гэх мэт барилгын материалууд 500-1000 төгрөгөөр хямдарсан гэж байна. Барилгын материалын үнэ дотоодын зах зээл дээр тогтвортой байгаа аж. Тэгвэл гадаад зах зээл ямархуу байна вэ. Үндсэндээ манай урд хөрш шүү дээ.
Урд хөршийн нүүрсний хэрэглээ багассаныг дагаад манай улсын экспорт багасч, нүүрсний үнэ 20-30 хувиар буурсан гэдгийг сануулъя.
Хятадад эдийн засгийн өсөлтийн удаашрал явагдаж, үйлдвэрүүдэд нь илүүдэл бий болсноор худалдан авалт буурсан хэрэг. Түүхий эдийг хамарсан энэхүү хямрал Хятадын барилгын салбарыг ч тойроогүй. Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар тус улс дахь хэт өндөр инфляцийг дагаад иргэдийн худалдан авах чадвар буурч, барилгын салбар нь уналтад ороод байсан. Зөвхөн нүүрсний жишгээр бодож үзэхэд барилгын салбарын хямралыг дагаад манайд ч бас байрны үнэ буурах боломжтой юм. Үл хөдлөх хөрөнгийн эрэлт буурч, шинэ барилга байшин баригдах нь багасахыг дагаад урд хөрш дэх барилгын материалын эрэлт ч бас буурна. Үүнийг дагаад барилгын материалын үнэ хямдарна. Барилгын салбарын 60-аас илүү хувь нь БНХАУ-аас хамааралтай, ихэнх барилгын материалаа урд хөршөөсөө татдаг манай улсын хувьд хямд барилгын материал гэдэг "аманд орсон шар тос" болох нь дамжиггүй.
Өөрөөр хэлбэл, төр засгаас зөв бодлого явуулж, урд хөршийн хямдарч, эрэлтгүй болсон барилгын материалыг татаж чадсан бол үнэ буурах боломж байлаа. Гэвч тийм зүйл болсонгүй. Барилгын ид сезоны үе буюу дөрөв, тав, зургаадугаар сард сонгууль, улс төр гэж явсаар таарав. Тухайлбал "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр байна. Ямар ч бэлтгэлгүй, зүгээр л улс төрийн шоу маягаар энэ хөтөлбөрийг эхлүүлсэн гэдэг нь одоо тодорхой болж байх шиг. Үр дүнд нь иргэдийн дунд зохиомол эрэлт бий болж, хямд байр авах гэсэн иргэд ОССК болон Төрийн банкийг бүчих болсон. Харин тэдэнд худалдах байр, байшин энэ салбарынханд байсангүй. Өндөр эрэлт байгаад, эрэлтийг хангах бүтээгдэхүүн байхгүй бол үнэ өсдөг жамтай.
Байрны үнэ өсч байна гэсэн гомдол гарахаар нь "Нэг ам.метрийн үнийг 1.1 сая төгрөгөөр хэтрүүлэхгүй" гээд л бас нэг шоу хийх жишээтэй. Одоо байрныхаа урьдчилгаа төлбөрийг өгөөд материалаа бүрдүүлсэн 1400 гаруй иргэн байраа авч чадаагүй хүлээж байна. Харалган бодлогын л гай, үүнээс нь болж иргэд хохирч байгаа юм. Байрны үнэ яагаад огцом өсөв гэдэг эхний асуултын хариулт одоо гарч ирж байна. Товчхондоо бол улс төрийн ямар ч бодлогогүй шийдвэр, популист амлалтууд мөрөөрөө байсан зах зээлийг доргиож орхижээ. Ямар нэгэн "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр байгаагүй бол өнөөдөр байрны үнэ хямдарчихсан ч байх юм билүү.
Харин энэ хооронд урд хөрш маань барилгын салбараа сэргээхийн тулд төрийн бодлогоор дэмжиж эхэллээ. Хойд хөрш буюу ОХУ-ын Барилгын яамнаас ирэх 2013 оны сүүлч гэхэд 200 сая шоо дөрвөлжин метр квадрат орон сууцны барилга барих гэж байгаа. Оросууд энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд хятадтай хамтран ажиллахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хятадууд Орост хэрэгтэй байгаа 200 сая шоо дөрвөлжин метр квадрат орон сууцны барилгыг барьж өгнө. Үүнийг дагаад дотооддоо эрэлт нь буурч, хямралд өртсөн Хятадын барилгын салбар сэргэнэ. Түүнчлэн үүнийг дагаад барилгын материалын эрэлт ч бас нэмэгдэнэ. Магадгүй Монголд нийлүүлж буй барилгын материалын хэмжээ ч багасахгүй гэх аргагүй. Харин тэр үед Монголд зарагдаж буй барилгын материалын үнэ хэрхэн өөрчлөгдөх вэ. Ченжүүдийн хэлж буйгаар жилийн жилд уламжлал юм шиг өсдөг барилгын материалын үнэ хэрвээ нийлүүлэлт багасвал ёстой "уухайн тас" өсгөж таарах биз. Барилгын материалын үнээ дагаад байрны үнэ ч нэмэгдчихнэ. Нэг ёсондоо хятадын барилгын салбар удахгүй сэргэнэ. Тэр үед барилгын материалын үнэ ч бас тогтворжино. Монголчуудад олдсон боломж "баяртай" боллоо гэсэн үг.