2012.11.07

Нүүрсний үнэ бууруулах төрийн ажил хэрэгжихгүй байна

Гэр хорооллын айл өрх өн­дөр үнэтэй нүүрс хэрэглэж байгаа нь нийслэлийн иргэ­дэд тулгамдаж буй гол асуудал. Нүүрсний үнийг тогтворжуулах, гэр хо­роол­лын иргэдэд хямд­ралтай нүүрс хүргэх зорилго­тойгоор Засгийн газраас Багануурын уурхайгаас хямд­ралтай нүүрс авах, хүргэх кампанит ажлыг өрнүүлээд буй.

Энэ ажлыг “Багануурын уурхайд нэг тонн нь 27500, вокзал дээр 37000 төгрөг байгаа нүүрс иргэдэд очих­доо яагаад 80000 төгрөг бол­дог байна, төр нь ядарсан иргэддээ ингэж өндөр vнээр нүүрс зарж бизнес хийж болохгүй” хэмээн шүүмжлэх нэгэн ч байгаа.

Мөн зах зээлийн хуулиар  эрэлт, нийлүүлэлт, хэрэглээ  бай­гаа учраас нүүрс хямд­рахаар худалдан авалт эрс нэмэгдэх нь тодорхой. Тиймээс төр Засгийн зүгээс  утаа үйлдвэрлэлтийг хэд дахин нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлээд байна гэж үзэх хүмүүс олширч байна. Энэ ч бас л бодууштай асуудал мөн билээ.

Харин нүүрсийг хямд­ралтай үнээр борлуулах ажлыг хариуцсан албаны  хүний хэлж байгаагаар “Иргэдэд хямд үнээр нүүрс худалдан авах боломжийг олгож буй энэ төс­лийг хэ­рэгжүүлэхэд Ерөнхий сай­дын ажлын алба, Хө­дөл­мөрийн яам, Эрчим хүчний яам, Батлан хам­гаалах яам, Улаанбаатар тө­мөр зам, Багануурын  нүүрс­ний уурхай болон ху­вийн хэвш­лийнхэн орол­цож байна.

Төслийн хүрээнд 1000 гаруй иргэн ажилтай болж байгаа. 500 гаруй шуудайлагч, 320 жолооч, 176 бор­луулагч нүүрс ху­дал­даалах ажлыг хийж гүй­цэтгэж байгаа учраас иргэ­дэд нэг шуудай нүүрс 3200 төгрөгөөр очиж байна” хэ­мээн тайлбарладаг.  Хямд үнээр нүүрс олгоно гэхээр утааг бууруулах ажилтай ав­цалдахгүй байна гэх шүүмжлэлийн хариуд үүнээс өөр гарц одоогоор байх­­гүй байгааг Ерөнхий сайд хэлсэн.

Энэ  ажлыг эхнээс нь  дэм­жиж байгаа иргэд ч олон бий. Гэхдээ үүнтэй хол­­боо­тойгоор  шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бай­саар л  байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэг, хоёр­дугаар хороонд нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр нь борлуулж байхад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нүүрс борлуулах цэг дээр Засгийн газраас зарласан үнээс даруй 800 төгрөгөөр илүү борлуулж байгааг ту­хайн хорооны иргэд хэлж байна.

Мөн 40 кг нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулна гэж зарласан.

Гэтэл хороодоор дамжуулан борлуулж буй шуудайтай нүүрс нь өнөөдрийн  хэрэглэж байгаа жижиг гурван уутанд багтаж байгаа нь мөн эргэлзээ төрүүлж байна.

Энэ нь Засгийн газ­раас хөнгөлөлттэй үнээр бор­­луулж байгаа нүүрс 20 кг орчим буй хэрэг. 20 кг нүүрсээр өвлийн хүйтэнд гурав хононо гэдэг худлаа. Тиймээс ченжүү­дийн жи­жиг ууттай нүүрсийг авч хэрэглэхээс өөр аргагүй болох нь.  

Шуудайны стандартыг мөрдүүлье  

Мөн нүүрсний үнийг буу­руулах зорилгоор Стан­дартчиллын үндэсний зөв­­лөлийн  хуралдаанаар  “Ахуйн хэрэглээний хатуу түлшний шуудай. Үндсэн хэмжээ MNS 6333:2012” стандартыг 25 дугаар тог­­тоолоор баталсан. Уг стан­дартаар нүүрсний шуу­­дай 15, 25, 40 кг-ын хэм­­жээтэй  байх бөгөөд нүүрс­­ний  ширхэглэлийн хэм­­жээг таван  см-ээс бага­гүй байхаар баталсан. Ин­гэснээр нүүрсний  үнийн хөө­рөгдлийг багасгаж, хэрэг­лэгчдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлнэ гэж үзсэн юм.

Нүүрсний шуудайны стандартыг тогтоогоод до­лоо хонож  байна. Гэтэл  нө­гөө  л 5-6 кг-ын  жижиг  ууттай 2000 төг­рөгийн нүүрс, мод хаа сайгүй  зарагдсаар байхад, 15, 25, 40 кг-ын шуудайтай нүүрс нь хараг­дахгүй байна.

Уг нь 15 кг-ын шуу­дай­тай нүүрсийг 2000 төг­рөгөөр авдаг бол төрийн ажил иргэддээ хүрч, иргэд ч гэсэн хямд нүүрс хэрэг­лэх боломжтой. Гэхдээ  шуудайны стандартыг тог­тоосон хэдий ч 15, 25, 40 кг-ын хэмжээтэй шуудайгаар худалдаалах нүүрсний үнийн иргэдэд очих боломжтой бодит өртгийг нь тогтоож өгөөгүй  дутагдал бай­гааг иргэд шүүмжилж байна.

Таван кг-ын ууттай нүүрсээ 1500 төгрөгөөр зар­­­­даг байсан нүүрсний худалдагч 15 кг-ын шуудайд хийчихвэл үнээ гурав дахин нэмэх нь тодорхой. Засаг төрийн ажил хэрэгжих ша­тандаа иймэрхүү асуудал­тай болохоор нүүрсний үнэ буурах нь юу л бол.

Хариуцсан хүмүүс­ нь ажлаа  хийхгүй  байгаа  юм уу, ард иргэдэд төрийн шийдвэр үйлчлэхээ боль­чихсон юм уу, бүү мэд. Монгол Улсын засаг төрийн ажил хэзээ хөрсөнд буудаг болох юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.