”Ажлын хэсгүүдэд хаалттай хуралдах онцгой шалтгаан байхгүй”
Төсвийн тухай хууль болон төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед холбогдох ажлын хэсгүүдийн хаалттай хуралдаан удааширч эхэлсэн нь төсөвт ямар нэг гацаа үүссэн мэт ойлгогдож байгаа. Тиймээс үүний шалтгааныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөр ажлын хэсэг болон намын бүлгүүдийн хуралдаанаас болж багагүй хугацаанд саатсан. Тиймээс ажлын хэсэг болон бүлгүүдийн хаалттай хуралдаанаас харахад төсвийг тойрсон асуудал ямар нэгэн гацаанд орсон мэт ойлгогдож байна. Энэ ямар шалтгаантай вэ?
-Гол анхаарал татаж байгаа асуудал бол хасагдаж байгаа хөрөнгө оруулалтуудыг цаашид яах вэ гэсэн асуулт юм. Зарим нэг эхэлчихсэн явж байгаа барилгын асуудлыг дутуу орхиж болохгүй. Тиймээс эдгээр асуудлыг цаашид хэрхэх асуудал дээр тодорхой шийдэл гаргахын тулд намын бүлгүүд, ажлын хэсгүүд ажиллаж байгаа.
-Энэ асуудлыг заавал яагаад хаалттай хуралдах байдлаар шийдэх гээд байгаа юм бэ? Байнгын хорооны хуралдаанаар оруулж нээлттэй хэлэлцэж болохгүй гэж үү? Хаалттай байдлаас болж хэвлэлийнхэн ямар нэгэн асуудал байна хэмээн хардаад байх шиг?
-Хаалттай хуралдаан нь ажлаа түргэсгэх үүднээс зохион байгуулж буй хэрэг юм болов уу. Түүнээс хаалттай хуралдах онцгой шалтгаан байхгүй шүү дээ. Гол нь яагаад хуралдаан удааширч, хүлээгдээд байгаа гэхээр ажлын хэсгүүд санал хураалгах томъёолол бэлдэж, оруулж ирдэгт байгаа гэж ойлгож болно. Жишээлбэл, нэг аймгийн сургуулийн барилгыг энэ онд хаслаа гэхэд түүнийг 2014 онд оруулах уу, эсвэл 2015 онд хэрэгжүүлэх үү гэх мэтчилэн саналыг томъёоллыг бэлдэж байгаа юм.
-Ажлын хэсгүүдийн хуралдаан зөвхөн санал хураалгах томъёоллоос болж л хаалттай хуралдааныг ийм удаан хийж байна гэж ойлгож болох уу?
-Дахиад нэг зүйл байгаа нь хүний хөгжил сангийн алдагдлыг үнэт цаасаар санхүүжүүлэх тал дээр өрийн шалгуур үзүүлэлтийг харж байж тооцох зүйлүүд байгаа байх. Эдгээр зүйлүүдээс болж ажлын хэсгүүдийн хуралдаан удааширч байна гэж хэлж болно.
-Сангийн сайд Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг харьцангуй эрүүл, амлалтад суурилаагүй төсөл гэж тайлбарласан. Түүнээс гадна уул уурхайн бүтээгдэхүүний үнээс хамаарсан орлогыг бага байгаа гэсэн дүгнэлтийг хийсэн. Тэгэхээр нөгөө талдаа уул уурхайн энэ бага орлогыг юугаар нөхөх вэ гэсэн асуулт ургаж байгаа юм?
-2014 оны төсвийн нэг онцлог бол өмнөх жилтэйгээ харьцуулахад өсөлт нь дөнгөж найман хувь байгаа юм. Харин 2011, 2012 оны төсөв бол 20-33 хувийн өсөлттэй явж байсан. Тэр нь юун дээр суурилж байсан гэхээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийг маш өндрөөр тооцож байсанд байгаа юм.
2014 оны төсвийн нэг онцлог бол өмнөх жилтэйгээ харьцуулахад өсөлт нь дөнгөж найман хувь байгаа.
Өөрөөр хэлбэл өнөөдөр 2013 оны төсвийг яагаад тодотгох нөхцөл байдал үүссэн гэхээр, гол үндэслэл нь нөгөө л алт, зэс, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнээс шалтгаалж байна. Алтны хувьд харьцангуй тогтвортой үнэтэй байгаа. Харин зэсийн үнэ одоогийн байдлаар 1000 ам.доллараар буурчихсан үзүүлэлттэй байна.
-2014 оны улсын төсвийн нарийвчилсан, объект бүрээр нь гаргасан хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэлтийн жагсаалтыг хэлэлцүүлгийн явагдаж байгаа энэ үед нээлттэй болгож болох уу?
-Өмнөх 2013 оны хөрөнгө оруулалтын жагсаалт онлайн хэлбэрээр байгаа. Харин 2014 оны хувьд төсөл байгаа учраас нээлттэй хэлэлцүүлэг байдлаар тавьж болно. Үүнд ямар нэгэн асуудал байхгүй.
-Алттай холбоотой нэг асуудал байгаа Алтны худалдааг ил тод болгох тухай хуулинд өсөн нэмэгдэх таван хувийн рояалти татварыг 2.5 хувь болгон бууруулах заалтыг оруулж өгсөн. Энэ хэр зөв бэ?
-Энэ тал дээр би эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр “Оюутолгой”-н орж ирэх ашгийг бууруулж байгаа юм. Алт дээр таван хувийн рояалти татвар авах байсан бол нэг ёсондоо үүнийг хоёр дахин бууруулж байна гэсэн үг шүү дээ.