Д.Ганхуяг: Монголбанк мөнгө хүүлэх бодлого явуулж байна
Монголбанк ирэх оны мөнгөний бодлогын талаарх баримт бичгийг УИХ-аар батлуулахаар өргөн барьсан. УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-2011 оны мөнгөний бодлогыг УИХ-аар батлуулахаар Монголбанкнаас оруулж ирлээ. Харин энэ оны мөнгөний бодлогын хэрэгжилтэд та ямар дүн тавих вэ?
-Энэ оны мөнгөний бодлогын хэрэгжилт зарим талаас нь харахад боломжийн харагдаж байж болох юм. Ялангуяа, мөнгөний бодлогод хамаарах төрд алба хашиж буй хүмүүсийн тухайд. Харин нийгэмд баялаг бүтээж буй иргэд, аж ахуйн нэгжүүдэд бол хүндэвтэр жил байсан.
-Тухайлбал?
-Мөнгөний бодлогыг хариуцаж байгаа хүмүүсийн хувьд сайн үзүүлэлт гэдэг нь хадгаламж 34,5 хувиар, харилцахын үлдэгдэл 73,7 хувиар, зээл 16,7 хувиар нэмэгдсэн байна. Гэтэл бодит тохиолдолд ажилгүйдэл есөн хувьд хүрсэн, ядуурал 35,2 хувьтай, иргэд аж ахуйн нэгжид очиж байгаа зээлийн хүү 0,5-1,5 пунктээр нэмэгдсэн, жилийн зээлийн хүү 24-36 хувьтай байна.
Мөн хоёр банк дампуурч, 220 тэрбум төгрөг татвар төлөгчдийн мөнгөнөөс авч төсвийн ачааллыг нэмсэн байна. Арилжааны банкуудын ашигтай ажиллагааны төвшин бусад орнуудаас 2-5 дахин их гэсэн судалгаа ч гарсан байлаа. Багцлаад харахад иймэрхүү үзүүлэлтүүд байна.
Өнөөдрийн байдлаар Монголын арилжааны банкны хүү, Монголбанкны үнэт цаасны хүү дэлхийд хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Энэ нь та, эсвэл би 1000 төгрөгийн өртөг зардалтай ажил хийгээд 30 хувийг нь банкны хүүнд төлнө гэсэн үг. Дээр нь инфляц 10 хувьтай байна. Энэ утгаар нь би мөнгөний бодлого юм уу мөнгө хүүлэлтийн бодлого юм уу гэж шүүмжлэлтэй хандсаар ирсэн.
-Монголын арилжааны банкны болон үнэт цаасны хүү дэлхийд хамгийн өндөрүзүүлэлттэй байна гэлээ. Дэлхийн дундаж ямар байдаг юм бол?
-Европын холбоо, АНУ, Япон, Солонгос зэрэг орны санхүүгийн зах зээл дээрх үйлчилгээний 40-50 хувийг банк, бусад нь хөрөнгө оруулалтын сан, банк бус санхүүгийн байгууллагаас авч байгаа. Манайд бол энэ үйлчилгээний 90 гаруй хувь нь цэвэр арилжааны банкнаас авч байна. Эдгээр орны зээлийн хүү асар бага. Банкны арилжааны дундаж хүү олон улсын зах зээл дээр 4-6 хувийн хооронд хэлбэлздэг. Хөгжилтэй орон тусмаа энэ хүүгээс доошилдог. Гэтэл манайх тэр жишиг хүүнээс 4-5 дахин өндөр байна. Ийм байхад мэдлэгт суурилсан боловсруулах үйлдвэр болон үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэх, ядуурлыг бууруулах гэж олон жил ярьсан ч ярианаас хэтрэхгүй байх нь мэдээж.
-Яагаад бусад орны хүү ийм бага байхад манайх өндөр байгаа юм бол?
-Мөнгөнөөс мөнгө хүүлэхээр нийгэмд баялаг бий болдоггүй ийм бодлогыг дэмждэггүй. Өөрөөр хэлбэл мөнгө хүүлж хэдхэн хүнийг баяжуулахаас илүү жижиг, дунд үйлдвэр,ажил эрхэлж байгаа хүмүүс, тэдний хөгжлийг дэмждэг гэсэн үг.
Зах зээлийн эхний үед арилжааны банк иргэдийн хадгаламжийг татаж байж хөл дээрээ зогсдог. Өөрөөр хэлбэл, хадгаламжийг 10 хувийн хүүтэй аваад эргүүлж зээлэхдээ 20 хувь болгоно гэсэн үг. Одоогийн Монголын ихэнх банкны актив мөн л хадгаламжаас бүрдэж байгаа, дундаж хүү нь 12 хувьтай. Гэхдээ тэр хадгаламжийн 90 гаруй хувь нь 200-300 хүнд байдаг гэсэн.
Манай мөнгөний бодлого энэ хэдхэн хүнийг л дэмжиж байна. Гэтэл нөгөө талд нь найдваргүй зээл нэмэгдээд байдаг. Компаниуд өөр сонголтгүй юм чинь өндөр хүүтэй зээл авдаг, дараа нь зээлээ төлж чадахаа болиод алдагдалд орж эхэлдэг. Монголын ДНБ-ий 20 орчим хувийг мал аж ахуйн салбар үйлдвэрлэж байна. Гэтэл бодит байдалд малчид зээлээсээ өндийж чадахаа байгаад, бүгд малаа барьцаанд тавьчихсан.
Монголбанкны үнэт цаасны хүү өндөр байгаа. Тиймээс арилжааны банкууд иргэд аж ахуйн нэгжид зээл өгч, эрсдэлд орж байхаар Монголбанкны 12 хувийн хүүтэй үнэт цаасыг авах нь эрсдэлгүй гэж үзэх болсон. Иймээс сайн нөхцөлтэй зээл нэмэгдэхгүй байна.
Яахав цалин мөнгө нэмэгдэж л байна, гэхдээ ядуурлын 35 хувь гэдэг бол хэт өндөр үзүүлэлт, энэ бол хаа ч байхгүй зээлийн өндөр хүүтэй салшгүй холбоотой. Өнөөдөр 40-өөс дээш насныханд ажил олдохгүй байна. Энэ бүхэн боловсруулах үйлдвэр хөгжөөгүйтэй холбоотой.
-Та энэ оны мөнгөний бодлогод тааруу дүн тавьлаа. Мөнгөний бодлогыг боловсруулахдаа хамгийн гол анхаарах зүйл юу юм бол. Манайх юун дээр алдаад байна вэ?
-Мөнгөний бодлогод үндсэн дөрвөн асуудал байдаг юм. Хоёрыг нь Монголбанк дангаараа, хоёрыг нь Засгийн газартай хамтарч хариуцдаг. Нэгд, үндэсний валютын худалдан авах чадвар, чөлөөт валюттай харьцах ханш. Хоёрт, зээл болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого. Гурав, төсвийн бодлого, дөрөвдүгээрт, хэрэглээний барааны үнийн индекс буюу гол нэрийн барааны үнэ. Зээл болон ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого бараг үр дүнгүй явсаар өдий хүрлээ. Өөрөөр хэлбэл ажил эрхлэлт, хөрөнгө оруулалт боловсруулах үйлдвэрийг дэмжих урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн бодлого байхгүй байна.
Монгол Улс эдийн засаг худалдаа, үйлчилгээний хязгаарлагдмал бүтэцтэй, эдгээр салбарт ажиллах хүчний сонголт нас, хүйс, зүс царайнаас хамаардаг. Иймээс боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатай. Тэнд ажиллах хүмүүст ч заавал нас, гадаад төрх заагаад байх шаардлагагүй. Боловсруулах үйлдвэрийн дэлхий нийтийн дундаж ашиг жилд 5-10 хувьтай байдаг. Гэтэл манайд зээлийн хүү жилд 30 хувьтай байхад яаж боловсруулах үйлдвэр хөгжих вэ. Үүнээс харахад зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан дунджаар 12 хувийн хүүтэй хадгаламж, Монголбанкны үнэт цаасны өндөр хүүтэй холбоотой.
Үнэт цаасны хүү өндөр байгаа нь шалтгаан УИХ, Засгийн газар нь төсвийн урсгал зардлаа байнга нэмэгдүүлдэг, бэлэн мөнгө тараадаг. Энэ нь инфляцийг хөөрөгддөг. Ингээд нөгөө Монголбанк нь инфляцийг онилж байгаа нь гэж байнга үнэт цаасныхаа хүүг нэмсээр байгаад энэ байдалд ороод байдаг. Уг нь Монголбанк төсвийн бодлого буруу байгааг ил тод ярих ёстой.
-Төвбанкны ерөнхийлөгч өнгөрсөн өдрүүдэд УИХ-д илтгэл тавьсан шүү дээ. Тэр үеэр энэ тухайгаа хэлсэн үү?
-Энэ төсвийн бодлогын улс төрийн шийдвэрийг Монголбанк байнга дэмжсээр ирсэн. Гол нэрийн барааны тухайд эрэлт нийлүүлэлтийн зохистой байдлыг Засгийн газар хариуцдаг. Тодруулбал өрсөлдөөний хуулиар ч ийм байгаа. Энэ асуудлыг Засгийн газар хувийн хэвшилтэйгээ хамтарч хариуцна гэсэн үг.
Тухайлбал намууд нэг сая 500 мянган төгрөг амлачихсан, улс төрийн хүчнүүдийн амлалтыг биелүүлэхийн тулд Монголбанк нь үнэт цаасныхаа хүүг өндөр байлгаад улс төрийн шийдвэрээр явж байна. Эндээс харахад инфляц мөнгөний бодлого хоёр шууд холбоотой биш байгаа биз. Үүнийг энэ чиглэлийн их, дээд сургуулийн оюутнуудад заадаг. Гэтэл нөгөө зээлийн тааламжтай бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого нь хаягдчихсан. Зээлийн бодлого, хөдөлмөр эрхлэлттэй шууд холбоотой. Зээлийн хүү бага байх тусмаа ажилгүйдэл багасдаг. Иргэд бага хүүтэй зээл аваад өөрсдөө ажил эхлүүлж болно, аж ахуйн нэгжүүд ч тогтвортой ажиллана.
Харин өнөөдрийн манай мөнгөний бодлого мөнгө хүүлэлтийг дэмжих бодлого болчихоод байгаа юм. Сүүлийн үед манайд хоёр дахь зах зээл, хөрөнгийн зах зээл хөгжих гэж байна гэж ярьж байна. Яахав, Ашигт малтмалын лиценз ямар нэг байдлаар авчихаад зараад, тэндээсээ мөнгө унагаах бизнес явж байх шиг. Гэхдээ боловсруулах үйлдвэрийн хувьцаа хөрөнгийн бирж дээр зарагдаж байж эдийн засаг тогтвортой байна. Тэгэхээр боловсруулах үйлдвэрийг байгуулахын тулд зээлийн хүүгээ бууруулах ёстой.
-Хадгаламжийн хүүг яаж бууруулах ёстой юм бэ? Хадгаламжийн хүүг бууруулах гэхээр захиргааны арга гэж Монголбанк шүүмжилдэг?
-Хөгжилтэй гэж байгаа бүх орон энэ замыг дайрч ирсэн. Арилжааны банкууд эхлээд өндөр хүүтэй хадгаламжийн хүүгээр санхүүгийн үүсвэрээ бүрдүүлсэн байдаг. Яваандаа төр, Төвбанк нь иргэд, бизнес эрхлэгчид, эдийн засгийн хөгжлөө бодоод хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон байдаг. Энэ бол цэвэр зохицуулалтын арга хэмжээ.
Манайд саяхан Монголбанк нэг арга хэмжээ авахдаа үнэт цаасны хүүгээсээ дээшгүй хадгаламжид төр баталгаа гаргах хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ нь тэгвэл захиргааны арга хэмжээ болох нь ээ. Тийм сайн болоогүй.
Нэг талаас Монголбанк өөрийнхөө үнэт цааснаас их ашиг олох, нөгөө талаас арилжааны банкуудыг өөрөөсөө хамааралтай байлгах гэсэн арга. Мөн Монголбанкны арилжааны хүү үргэлж ийм өндөр хүүтэй байж болно гэж үү. Тэгээд Төвбанкны үнэг цаасны хүү байнга бага зэрэг хэлбэлзэж байдаг. Тэгэхээр иргэдийн хадгаламжийн хүү байнга хэлбэлзэх болж байна. Иймд ойрын жилүүдэд УИХ-аас Монголбанкинд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах ажлыг хариуцуулах шаардлагатай байна