Ц.Ганболд: Их бүтээн байгуулалтад манлайлна
”М-Си-Эс Интернэйшнл”компанийн гүйцэтгэх захирал Ц.Ганболд
2013.11.15

Ц.Ганболд: Их бүтээн байгуулалтад манлайлна

Улс орны хөгжлийн хурдац нэмэгдэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл манай оронд өрнөж байгаа бүтээн байгуулалтын төслүүд амжилттай хэрэгжих эсэх нь цахилгаан эрчим хүчний найдвартай хангалтаас шууд хамааралтай бөгөөд энэ хэрэгцээ шаардлагыг дотоодоосоо дангаараа хангаж чадахгүй байгаа юм.

Дотооддоо эрчим хүчнийхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангадаг болохын төлөө манай эрчим хүчний салбарын ажилтнууд чармайн ажиллаж байна. Энэ ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа хамт олны нэг бол энэ жил 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ”М-Си-Эс Интернэйшнл”компанийн хамт олон юм.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Ц.Ганболдтой ярилцсанаа уншигч танд толилуулж байна.

-Юуны өмнө танай хамт олонд 20 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Ойн арга хэмжээгээ угтан бэлэг барих зорилт тавин Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 400 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийн ажлыг амжилттай дуусгаж 11 дүгээр сарын 11-нд 1 дэх өдөр 11 цаг 11 минутад улсын комисст хүлээлгэн өглөө.

Уг төслөөр манай компани зураг төсөл хийхээс эхлээд урьдчилан санхүүжилтээр угсралтыг дуусгаж хүлээлгэж өгөх хүртэлх бүхий л ажлыг удирдлага, менежментээр хангаж ажилласан.Монголчуудын анхны бие даан гардан гүйцэтгэсэн 220 кВ-ын шугам гэдгээрээ онцлог юм. Нэгийн тоо дараалан давхацсан намуухан тогтуун нарлаг өдөр шугамын хаалтын ажиллагаа ёслол төгөлдөр болсон нь аливаа ажилд анхдагч байж ирсэн бидний уламжлалыг улам чимсэнд их билэг дэмбэрэлтэй сайхан учрал хэмээн билэгшээж байна.Өмнийн говийн өөрчлөлт, хөгжил, цэцэглэл, бүтээн байгуулалтад бидний оруулсан хувь нэмэр багагүй. Хувийн цахилгаан станц барьж ашиглан, холбоо үүсгэгч өндөр хүчдэлийн шугам сүлжээг ч барилаа.

Бидний барьсан Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн шугам нь Монголын эрчим хүчийг гадаад зах зээлд гаргах гарц болж, Орос- Хятадын эрчим хүчийг холбосон олон улсын ач холбогдолтойгоороо онцлог юм.  

-Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн томоохон бүтээн байгуулалтуудаасаа танилцуулахгүй юу?

-Манай хамт олон өнгөрсөн хугацаанд нийт 1700-аад км цахилгаан дамжуулах, түгээх агаарын шугам барьж байгуулан, 20 гаруй дэд станцын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө чанарын өндөр түвшинд амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгсөн.Тухайлбал, Булган – Мөрөнгийн 110 кВ-ын шугам, дэд станцыг 2003-2004 онд, Арвайхээр – Баянтээг – Баянхонгорын 110 кВ-ын шугам, дэд станцуудыг 2004-2005 онуудад барьж ашиглалтад оруулснаар Хөвсгөл аймаг болон Баянхонгор аймгуудын төв болон сумдын хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчнээс найдвартай цахилгаанаар хангах боломжтой болсон юм.

Энержи Ресурс компанийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа худагийн 18 МВт-ын цахилгаан станцыг барьсан

Түүнчлэн Энержи Ресурс компанийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Ухаа худагийн 18 МВт-ын цахилгаан станцыг 2009-2011 онуудад монгол инженерүүдийн оюун ухаан, дотоодын компаниудын хамтын хүчээр барьж, өөрсдөө ашиглалтын үйл ажиллагааг эрхлэн, Ухаа худагийн коксжих нүүрсний уурхай, Баяжуулах үйлдвэр болон тухайн бүс нутгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай ханган ажиллаж байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Мандалговь – Тавантолгой – Оюутолгойг холбосон 220 кВ-ын 2 хэлхээтэй цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгууллаа.

Ингэснээр эдгээр томоохон бүтээн байгуулалтаар дамжин манай эрчим хүчний салбарт ажиллаж байгаа дотоодын компаниудын ажилтнуудын мэдлэг чадвар, дадлага туршлага улам нэмэгдэж, багаж хэрэгсэл, машин механизмын хүчин чадал дээшлэн дараагийн томоохон ажлуудыг бие даан гүйцэтгэх боломжтой болсоор байна.

-1990-ээд оны эхээр цахилгаан эрчим хүчээр тасалдаж, ихэнх аймаг, сумын төв харанхуй байсан үеийг бодоход өнөөдөр цахилгааны хомсдол багатай сайхан болсон ч бид импортын цахилгаан хэрэглэсээр байна. Манай улс эрчим хүчнийхээ хэдэн хувийг гаднаас авч байна вэ? Оюутолгой, Тавантолгойг дотоодоосоо эрчим хүчээр хангах нөөц боломж бий юу?

-Монгол улсын минь эрчтэй хөгжил, эрчим хүчний хэрэглээний өсөлт, бүтээн байгуулалттай манай эрчим хүчний салбарын хөгжил тэр бүр хөл нийлүүлэн алхаж чадахгүй байгааг нуугаад яахав. Төвийн бүсийн эрчим хүчний системийн ОХУ-аас импортоор авах цахилгаан эрчим хүчний хэмжээ хязгаартаа тулж, өвлийн их ачааллын үед суурилагдсан хүчин чадлынхаа 25 хувьд хүртэл өслөө.

Зарим хэрэглэгчдийг хязгаарлах байдлаар өвлийн их ачааллыг давах байдалтай байна. Энэ нь эрчим хүчний тогтвортой найдвартай ажиллагаа алдагдаж ямар нэг байдлаар ОХУ-ын шугаманд тасралт саатал үүссэн үед манай эрчим хүчний систем дангаараа ажиллах боломжгүйг харуулж байгаа юм.

Өмнийн говийн том хэрэглээ, бүтээн байгуулалт болох Оюутолгойн үйлдвэр гэхэд л цахилгаанаа БНХАУ-аас өндөр хүчдэлийн шугамаар авч байна. Энэ үйлдвэрийн хэрэглээг дотоодоосоо хангах талаар олон жил ярьсан боловч эх үүсвэрийн асуудлаа шийдэж чадалгүй хугацаа алдлаа.

Харин төвийн эрчим хүчтэй холбох өндөр хүчдэлийн шугамын ажлыг манай компани бүхий л эрсдлүүдийг хариуцан, санхүүжүүлэлтийг урьдчилан шийдвэрлэн барьж дуусаад улсын комисст хүлээлгэж өглөө.Манай улсын өмнийн говийн хэрэглэгчид, Тавантолгой болон Оюутолгойн уул уурхайн цогцолборуудыг эрчим хүчний системд холбон найдвартай цахилгаанаар хангах боломжийг бүрдүүлэхэд Мандалговь – Тавантолгой – Оюутолгойг холбосон 220 киловольтын 2 хэлхээтэй энэ шугамын ач холбогдол үнэхээр өндөр юм.

-Танай компани Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн барих Тавантолгой цахилгаан станцын төслийг хамтран хэрэгжүүлэхэд оролцох уу?

-Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн томоохон чадлын цахилгаан станц барихаар шийдвэрлэж ажилдаа шуурхайлан орж байгаа нь говийн бүсийн цахилгаан хангамжийг найдвартай болгон 3-4 жилийн дараа Оюутолгойг дотоодын эх үүсвэрээс цахилгаанаар хангах боломжийг бүрдүүлэх чухал ажил юм.

Түүнчлэн Улаанбаатар – Мандалговийг холбосон өндөр хүчдэлийн шугамыг барьж, дэд станцуудыг шинэчлэн өргөтгөснөөр Төвийн эрчим хүчний системтэй зэрэгцэн ажиллаж, цахилгаан хангамжийн найдвартай байдлыг ихээхэн дээшлүүлэх болно.

Бидний хувьд шинээр баригдах цахилгаан станц нь манай орны онцлогт бүрэн нийцсэн, найдвартай ажиллагаатай байх талаар нь өөрсдийн мэдлэг, туршлагаа бүрэн хуваалцах боломжтой. Түүнчлэн барьж байгуулах ажилд гар бие оролцоно гэж тооцон бэлдэж байгаа.

-Тавантолгой цахилгаан станцын төсөл хэрэгжсэнээр өмнийн говийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ бүрэн хангагдана гэж ойлгожболох уу?Экспортлох боломж бий юу?

-Тавантолгойн цахилгаан станц байгуулагдсанаар өмнийн говийн цахилгаан хангамжийн найдвартай байдал эрс сайжирч, Оюутолгой цогцолборыг цахилгаанаар хангаснаар Хятад улсаас импортоор цахилгаан авах шаардлага багасах юм.

Энэ үед төвийн бүсэд, тухайлбал Улаанбаатарын 5-р цахилгаан станц баригдаад ашиглалтад орсон тохиолдолд манай улсын цахилгаан станцуудын үйлдвэрлэх хүчин чадал хэрэглээнээсээ давах боломж үүснэ. Ийм үед Хятад улсаас одоо Оюутолгойг цахилгаанаар хангаж байгаа өндөр хүчдэлийн шугамыг ашиглаад цахилгаан эрчим хүчийг экспортлох боломжтой.

-Та эрчим хүчний эх үүсвэрүүд тэр дундаа цөмийн эрчим хүчний талаар ямарбодолтой байдаг вэ?

Салхи болон нарны эрчим хүч нь байгалийн нөлөөллөөс хамааралтай, маш тогтворгүй эх үүсвэр байдаг.

-Мэргэжлийн бус хүмүүсийн дунд Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг л нэмэгдүүлээд нийт цахилгааны хэрэглээгээ хангаж болох юм шиг гэнэн ойлголт байдаг. Үнэндээ бол салхи болон нарны эрчим хүч нь байгалийн нөлөөллөөс хамааралтай, маш тогтворгүй эх үүсвэр байдаг учраас ямарч эрчим хүчний системийн үндсэн /суурь/ эх үүсвэр байж чаддаггүй.

Тиймээс ч нийт хүчин чадлынхаа багахан хэсгийг л ийм эх үүсвэрээс хангахаар тооцоолдог. Харин Усан цахилгаан станцын хувьд бол тодорхой хэмжээгээр хуримтлуулан хадгалж, хэрэгцээтэй үедээ ашиглаж болдог учраас чадлын тохируулга хийх, оргил ачааллыг хаах зорилгоор тооцож ажиллуулахад үр дүнтэй байдаг.

Би хувьдаа манай улсын хувьд нөөц баялаг сайтай, ашиглаж сурсан нүүрсний цахилгаан станцуудыг үндсэн /суурь/ эх үүсвэрээр байлгах нь илүү зохимжтой гэж үздэг. Тэгээд ч цахилгаан дулааны эрчим хүчийг зэрэг үйлдвэрлэхэд үр ашиг нь дээшилдэг.

Манай улс нь халаалт, халуун усны хэрэгцээ зайлшгүй шаардлагатай эрс тэс уур амьсгалтай орон. Гэхдээ цөмийн эрчим хүчний хувьд зайлшгүй судлах ёстой, ирээдүйтэй эх үүсвэрүүдийн нэг бол гарцаагүй мөн. Техник технологи улам хөгжөөд, найдвартай байдал нь улам дээшилж л байна. Учиргүй яарахгүйгээр нөхцөл байдлыг сайтар судлаж боломжит цаг нь ирэхээр ашиглахад болохгүй зүйлгүй.

-Мэргэжлийн хүмүүс эрчим хүчний үнийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг. Энэ асуудалд та ямар байр сууринаас ханддаг вэ?

-Цахилгаан, дулааны үнэ өсч байгаа гэж ойлгогддог боловч үнэн хэрэгтээ бол олон жил төрийн зохицуулалтаар хүчээр бариад байгаа үндэслэл муутай үнийг л бодит өртөг, зардалд нь дөхүүлээд байгаа зүйл юм даа.

Дэлхий нийтийн жишгийг үзсэн ч, манай улсад эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа техник технологийн хувьд тооцох юм бол хямдрах боломж бага юм. Харин том чадлын усан цахилгаан станцуудтай, цөмийн цахилгаан станцтай улс орнуудын хувьд бол тодорхой хэмжээгээр хямдавтар байх бололцоотой юм.

Хямдруулна гэхээсээ илүү хэрэглээгээ оновчтой болгох талд хүмүүс маань анхаарах шаардлага байсаар байна.

-Сая Монгол Улсын ерөнхий сайд Япон улсад айлчлахдаа Оюутолгой - Цагаан суврагын чиглэлд 220кВ-ын өндөр хүчдэлийн алдагдал багатай, үр ашигөндөртэй 160км хос шугам татах ажлыг Японы санхүүжилтээрбарьж,  ирэх жилийн өдийд ашиглалтад оруулахаар тохирсон. Танай компани энэ төсөлд гүйцэтгэгчээр оролцох уу?

-Оюутолгой–Цагаан суваргын хооронд барих 220 киловольтын шугамыг алдагдал багатай, дамжуулах чадвар сайтай дамжуулагч утас ашиглан барихаар тохирсныг сонссон. Мэдээж үр ашиг сайтай, сүүлийн үеийн сайн технологитой бүтээгдэхүүн Монголд нэвтрэх гэж байгаад баяртай байгаа.

Хугацааны хувьд сайн зохион байгуулвал боломжтой л юм. Манай компанийн хувьд захиалагч талаас нээлттэй тендер зарлавал оролцоно гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж 400 орчим километр 220 киловольтын шугамыг богино хугацаанд амжилттай зохион байгуулж барьж чадсан туршлага, мэдлэг бол бидэнд байгаа.

-Цаашдаа танай компани ямар томоохон төслүүдийг хэрэгжүүлэх гэж байна вэ?

-Монгол улс маань өргөн уудам нутаг дэвсгэртэй, хаа сайгүй л хөгжил дэвшил өрнөж байгаа болохоор илүү өндөр хүчдэлийн, систем хооронд холбосон томоохон шугамуудыг барьж байгуулах хэрэгцээ зайлшгүй буй болно, тэгээд ч том чадлын цахилгаан станцуудыг барьсаар л байх болов уу.Бид эрчим хүчний салбарын энэ их бүтээн байгуулалтын ажлын хамгийн эхний эгнээнд манлайлан оролцсоор байхыг зорьж явна.

-Та бүхний их бүтээн байгуулалтын ажил үйлсэд тань амжилт хүсье.

Баярлалаа