Ерөнхий сайд Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа
Засгийн газраас “Шинэ сум” төслийн хүрээнд Замын-Үүдийн бүтээн байгуулалтад зориулж 15 тэрбум төгрөг хуваарилсан. Төслийн мөнгөөр тус суманд сургууль, цэцэрлэг, эмнэлэг болон спорт, урлаг, хүний хөгжлийн төвийн барилга баригдаж байгаа юм. Ерөнхий сайд Н. Алтанхуяг Замын-Үүд суманд ажиллаж дээрх барилгуудын ажлын явцтай танилцлаа.
Соёл, спорт хүний хөгжлийн төвийн барилгыг “Фронт гейт” компани 5,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна.
Соёл, спорт хүний хөгжлийн төвийн барилгыг “Фронт гейт” компани 5,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 40 хувьтай байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Замын-Үүд суманд ажилладаг зуурмагийн хоёр узелийн ажил зогссоноос барилга угсралт, цутгалтын ажил зогссон гэж компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулж байна.
“Арвис интернэйшнл” компанийн барьж байгаа 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ерөнхий сайд нийт дөрвөн тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өндөр өртөгтэй босч байгаа барилгуудын нэг гээд цаашдаа энэ хэмжээний төсөвт өртөгтэй эмнэлгийн барилгуудад тоног төхөөрөмжийнх нь асуудал хамт шийдэгдэж байх ёстой гэж санууллаа.
960 хүүхдийн сургуулийн барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд ирэх хавар ашиглалтанд хүлээлгэн өгөх боломжтой гэж гүйцэтгэгч “Индустр” компанийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа. 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
“Шинэ сум” төслөөс гадна тус суманд Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа.
“Шинэ сум” төслөөс гадна тус суманд Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн хүрээнд 90 мВт хүчин чадалтай дулааны станцын барилга, Бохир ус цэвэрлэх байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, шингэн ачаа шилжүүлэн ачих байгууламжийн өргөтгөл зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа юм.
Хил гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулахын тулд Замын-Үүдийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж дуусгасан. Шинэ боомтын зам, талбай, барилгын ажил дууссан боловч бүрэн хүчин чадлаар нь ашиглахгүй байгаа. Энэ асуудалд дүгнэлт хийж боомтыг 10 хоногийн дотор бүрэн ашиглалтад оруулж, зорчигч болон ачаа тээврийн түгжрэл саатлыг арилгахыг Ерөнхий сайд Гаалийн байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.