Данхайсан бүтцээ өөрчлөх нь зөв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Том төрөөс ухаалаг төр рүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзатлыг арваннэгдүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан билээ.
Зөвлөлдөх уулзалтаар төрийн данхайсан бүтэц, хүнд суртал, авлигыг арилгаж, төрийн байгууллага, тэнд ажиллагсад ард түмэндээ үйлчилдэг болох нь ухаалаг төрийн шинж гэж онцолсон юм.
Харин УИХ-ын гишүүдийн ухаалаг, нээлттэй төрийн талаарх байр суурийг бид энэ удаа онцолж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төр засаг нь цомхон байх ёстой. Одоогийн төр засгийн данхайсан байдал хэтэрсэн, УИХ-ын гишүүдийн зүгээс ч хэлдэг байсан. Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудлыг их зөв цагт нь тодорхой гаргаж ирсэн. Техник технологи хөгжиж байгаа энэ үед орон тоог багасгах боломжтой.
Төрийн албан хаагч нэрийн дор 208 мянган хүн сууж байна. Баялаг бүтээж, түүнийхээ үр шимийг ард түмэндээ хүртээдэг нийгэм рүү бид явж байгаа. Халамж хавтгайрч байна, баялаг бүтээдэггүй залуус их болсон байхад үүнийг нь өөгшүүлсэн, өдөр хоногийг өнгөрөөсөн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, баялаг бүтээгчдийг бий болгох ёстой.