"Том төрөөс, ухаалаг төр лүү" санаачлага, хэрэгжилт
Халуун сэдэв нэвтрүүлэг "Том төрөөс, ухаалаг төр лүү" санаачлага, хэрэгжилтийг хөндөж байна.
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс, ухаалаг төр лүү” хэмээх үндэсний хэлэлцүүлэг хийсэн. Энэхүү санал санаачилгад Засгийн газраас ямар ажил хийж байна вэ гэдэг мэдээллийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Засгийн газрын тэргүүн тавьж, гишүүд асуулт асуун саналаа хэллээ.
Эхлээд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр иргэний цахим бүртгэлийг хийж, иргэд төрийн наад захын үйлчилгээг авахын тулд албан тушаалтны хаалгыг сахидаг хүндрэлийг арилгаж “Төрийн үйлчилгээний цэг” хэмээн автомашинаар сольсон гэх мэт хийж хэрэгжүүлж байгаа ажил их байна. Дээрээс нь замын цагдаа нар бэлэн мөнгөөр торгохгүй автомат машинаар торгууль төлдөг болох системд шилжиж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: -Төрийн албаны зардал өсөж байгаа, УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж, парламент хяналтгүй болж байгаа, төрийн алба данхайж байгаа, төрийн мэргэшсэн албан хаагчдыг танил тал, нутаг нуга гэсэн байдлаар томилж байгаа, хувийн хэвшлийн ажил руу хутгалдан орж байгаа талаар Төрийн тэргүүн хөндсөн. Энэ чиглэлээр ажил хийх үү. Та төрийн албыг нэг ч хүнээр нэмэгдүүлээгүй гэлээ.
Сургууль, цэцэрлэг шинээр баригдахаар дагаад орон тоо нэмэгдэж байгааг ойлгож байна. Гэхдээ захиргааны албаны орон тоо нэмэгдэж, төрийн албан хаагчийн тоо 200 мянга гараад явчихлаа гэж Ерөнхийлөгч хэлсэн. Яагаад тоо зөрөөд байна вэ. Өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газар хэчнээн хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар төрийн үүргийг гүйцэтгүүлсэн бэ. Цахимжуулах ажлыг дагаад яамд хэчнээн орон тоо хэмнэх тооцоо гарсан уу.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Орон тоог засгаас нэмэгдүүлээгүй. Миний хэлснийг Ерөнхийлөгчтэй харгалдуулаад хэрэггүй. Төрийн тэргүүний зөвлөлдөх уулзалтын үеэр дэвшүүлэн тавьсан асуудлын хүрээнд хоёр ажил хийж байгаа. Бид баялаг бүтээгчидтэй уулзсан. Мөн Ерөнхийлөгчийн санааг дэмжиж, хийж буй ажлаа УИХ-аар хэлэлцүүлье гэж шийдсэн. Тиймээс ч одоо ажлаа танилцуулж байна. Төр бүх зүйлд оролцож байна гэсэн мессежийг нефтийн компанид ажиллаж байсан зарим нэг хүн тарааж байгаа юм билээ.
Шударга өрсөлдөөн явагдахгүй байгаа газар төр оролцохоос өөр аргагүй. Бид ажилласны хүчинд бензиний үнэ нэмэгдээгүй. Цөөхөн хүний эрх ашиг хөндөгдсөн асуудалд олон хүний эрх ашиг хөндөгдсөн мэтээр ярьж болохгүй. Мэргэшсэн албан хаагчдыг халсан юм байхгүй. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийг яагаад халж болохгүй гэж. Хууль зөрчсөн тохиолдолд халахгүй гээд яах вэ.
Үргэлжлэлийг бичлэгээс ....