2013.12.12

Ө.Энхтүвшин: Улсын Бага Хурлын тоймч сэтгүүлч ямар ч алдаа гаргах эрхгүй байв

25-р суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцоо.

Өлзийсайханы Энхтүвшин нь 1968 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрчээ. Тэрээр 1980 онд МУИС-ыг түүхч мэргэжлээр төгсч, 1986-1989 онд Москвагийн Нийгмийн Ухааны Академид төр судлалын докторын зэрэг хамгаалсан байна. 1990-1995 онд “Ардын эрх” сонинд парламентын тоймч, хэлтсийн дарга, хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд Радио Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж, 2000 оноос УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогджээ. 2004 онд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, 2006-2008 онд тэр үеийн Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд, 2008-2010 онд УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны дарга, 2010-2012 онд УИХ дахь олонхийн бүлгийн дарга, 2012-2013 онд МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байлаа.

Шинэ жил ойртож байгаатай холбогдуулаад хүүхэд насны шинэ жилийн дурсамжаасаа хуваалцаач!

Юуны түрүүнд шинэ жилийн баярын мэнд хүргэе! Шинэ жил бол хүүхэд насанд хамгийн их сэтгэл догдлуулж, хүсэн хүлээдэг байсан баяр. Сумын сургуульд сурч байхад сургуулийн шинэ жилд бэлдэх гэж бөөн юм болдог байлаа. 30-40 метрийн урттай цаасан гинж хийж модоо чимнэ, багт наадам хийж бүх хүүхэд амьтдын баг өмсөн шинэ жилдээ ордог байлаа. Төрөл бүрийн хөтөлбөр тоглоно, бүжиглэнэ, багийн цаанаас нэг нэгнээ таах гэж оролдоно гэх зэргээр их л хөгжилтэй тэмдэглэдэг байв.

УИХ-ын гишүүд шинэ жилээ хаана тэмдэглэдэг вэ? Хүмүүс та нарыг Их Тэнгэрийн Аманд тэмдэглэдэг гэж ойлгодог. Энэ жил тэнд тэмдэглэх үү?

2000-оод оны эхэн үед Их Тэнгэрт тэмдэглэдэг байснаа дараа нь янз бүрийн газар тэмдэглэдэг боллоо. SS club-т бас тэмдэглэдэг байв. Сүүлийн хоёр жилийн баярт би оролцож чадаагүй. УИХ-ын шинэ жилийн баяр ч гэж болдог, заримдаа Засгийн Газартай хамтарсан баяр ч хийдэг байлаа.

Та улс төр судлаач байтлаа яагаад сэтгүүлч болчихов? Эсвэл сэтгүүлч болно гэж хүсч байсан нь биелэлээ олсон юм уу?

1980 онд МУИС төгссөний дараа Намын Төв Хорооны дэргэдэх нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байлаа. Тэнд бараг арван жил ажиллалаа. 1990 онд манай байгууллага татан буугдсан тул би ажил хайж эхэллээ. Зарим нөхөд маань Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэнд ажиллахаар явсан юм. Нэг хэсэг нь шинээр үүсч байсан улс төрийн намуудад зүтгэхээр шийдлээ. Нөгөө хэсэг нь гахай чирч, ганзагын наймаанд явж эхэллээ. Миний хувьд нэлээд санамсаргүй байдлаар сэтгүүлч болсон юм. Ц.Балдорж агсан тэр үед надтай таараад түүний намын “Үнэн” сониноос салгаж шинээр байгуулаад байсан “Ардын эрх” гэдэг сонинд парламентын тоймчоор ажиллах санал тавьсан юм. Би өөртөө эргэлзэж байсан ч тэр үед байгуулагдаж байсан байнгын ажиллагаатай Улсын Бага Хурлын үйл ажиллагааг тоймлон бичих ажилтай болсон юм.

Хэрэв Ц.Балдорж эрхлэгч таараагүй бол би ямар ажил хийх байснаа мэдэхгүй. Амьдрахад амаргүй байсан болохоор ганзагын наймаанд явах бодол ч төрж байлаа.

Тэр үед та парламентын тоймч байсны хувьд Үндсэн Хууль батлах үед сурвалжлага хийж байсан байх. Тэр үеийн дурсамжаасаа яриач!

Тэр үеийн парламентын гишүүд одоогийнхтой харьцуулвал их ачаалалтай ажилладаг байсан юм. Даваа гарагаас бямба гараг хүртэл нэгдсэн хуралдаан хийдэг байлаа. Харин байнгын хороод сүйдтэй хуралддаггүй байсан юм.

Сэтгүүлч хүн алдаа гаргах эрхгүй байв. Хэрэв Улсын Бага Хурлын ямар нэгэн гишүүний үгийг гуйвуулж бичвэл тэр гишүүн маргааш нь сонины эрхлэгчид гомдол мэдүүлэх жишээтэй. Тэр дор нь арга хэмжээ авч цалингын 30 хувиар торгоно, ахиад алдвал 6 сар цалингүй ажиллана, гурав дахь удаагаа алдвал халагддаг байв.