А.Романенко: Бизнесмен хүнд туслах ч хэрэггүй, саад болох ч хэрэггүй
"Эфко" компаний Монгол дахь салбарын дарга Александр Романенко.
2014.01.10

А.Романенко: Бизнесмен хүнд туслах ч хэрэггүй, саад болох ч хэрэггүй

Орос-Киргизийн хөрөнгө оруулалттай “Эфко” компаний захирал Александр Романенкотой ярилцаж Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаарх санал бодлыг нь сонслоо.

- Та монголд ямар төрлийн бизнес эрхэлдэг вэ?

Анх Орос-Киргизийн хамтарсан компани байсан. 2000 оноос эхлээд ОХУ-д  жимс нийлүүлж эхэлсэн юм. Харин жилийн өмнө Монголын жимсний зах зээлд хүчээ үзэхээр шийдсэн. Тээвэрлэх,  зарах гээд ургуулахаас бусад бүх ажлыг өөрсдөө хийдэг. Өөрөөр хэлбэл Киргизийн өмнөд хэсэгт жимс тариалдаг нийлүүлэгч, монголын худалдан авагч хоёр ганцхан шугамаар холбогддог гэсэн үг. Ямар ч зуучлагч байхгүй учраас үнээ тогтвортой байлгаж, цаашлаад буулгах бүрэн боломжтой. Гэхдээ үнийг буулгахын тулд нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Улаанбаатар шиг хүн амтай хотын хувьд жилд 100 биш 2000 тонн жимс хэрэгтэй.

Монголд барилгын бизнес эрхэлж байсан найзууд маань жимсний зах зээл дээр нөхцөл байдал ямар байгаа тухай ярьснаар Монголд ирэх санаа төрсөн.

- Тэгвэл манай улсын жимсний зах зээл ямар нөхцөл байдалтай байна вэ?

Хамгийн анхан шатандаа буюу хатуухан хэлбэл чулуун зэвсгийн үедээ явж байна.  Учир нь ОХУ-д ашиглаад 10 гаруй жил болсон зарим зүйлийн тухай огт сонсоогүй байх жишээтэй.

- Тухайлбал юуг мэдэхгүй байна вэ?

Маркетингийн ажил зохион байгуулах арга, хүргэлтийн арга гээд олон юмыг  ярьж болно. Монголчууд Хятадаас авчирсан чанаргүй жимсийг голдуу хэрэглэдэг. Хятадад чанартай жимс байдаг ч Монголд нийлүүлдэггүй. Чанартай жимс зардаг хэдэн жижиг компани байдаг ч хэрэглэгчдээ хуурдаг. Та зах дээр очоод харвал “Орос гадил”, “Орос Киви”, “Орос хан боргоцой” гэсэн бичигтэй байгаа. Гэтэл үнэндээ Оросод эдгээр жимсний аль нь ч ургадаггүй. Яагаад тэгж бичих болсны шалтгаан нь энэ төрлийн жимсийг Иркутск орчмоос худалдаж авдагтай холбоотой.

Монголд зарагдаж буй сайн чанарын гэгддэг жимснүүд ямар зам туулдгийг ярьж өгье. Киргизээс Орос руу оруулж ирэхэд гаалийн татвар авна. Орос, Монголын хилээр давуулахад ахиад л татвар авна. Эцэстээ Улаанбаатарын дэлгүүрт тавигдахдаа тэнгэр хадсан үнэтэй болдог. Яагаад монгол худалдан авагчид нэг кг алим авахдаа гаалийн татварын 800 төгрөгийг төлөх ёстой гэж? Өндөр үнэ хэрэглэгчдийн хүрээг улам хумиж байгаа шүү дээ.

Монголчууд түүхэндээ жимс хэрэглэдэггүй байсан ч орчин үеийн экологийн нөхцөлд жимс зайлшгүй хэрэгтэй. Өмнө нь Улаанбаатарт агаар цэвэр байсан учраас жимсний хэрэг тийм их байсангүй. Хятадын чанаргүй жимс ч зөөж ирдэггүй байв. Харин өнөөдөр хотын оршин суугчдад амин дэм хэрэгтэй.

Юун түрүүнд хэрэглэгчдэд жинхэнэ жимс гэж юу болохыг тайлбарлах хэрэгтэй. Худалдагчид алимны голд өт орсон нүх байвал их айдаг. Үнэндээ жинхэнэ жимс л өтдөг. Харин химийн бордоотой жимс идсэн өт үхэж л таарна.

- Монголын хууль тогтоомж, татварын бодлоготой холбоотой бэрхшээлүүд гардаг уу?

Монгол татварын зөөлөн хуультай.

Би нягтлан бодогчиддоо нэг төгрөг ч буруу тооцолгүй татвараа бүтэн төлөхийг захидаг. Хэдийгээр манай компани Монголд үйл ажиллагаа явуулаад жил гаруй болж байгаа ч санхүүгийн ямар ч бэрхшээлийн үед татвараа төлөөд явах нь надад ашигтай гэдгийг ойлгосон. Монголын татварын тогтолцоо хөгжиж буй эдийн засгийн хувьд маш тохиромжтой гэдгийг хэлмээр байна. Гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн хөрөнгөө байршуулахад харамсах зүйл алга.  Оросод 30 хувийн орлогын албан татвар төлөхийн оронд Монголд 10 хувиа төлчихөөд санаа амар бизнесээ эрхлэх нь дээр.

Гэхдээ гаднаас мэргэжилтэн авах тал дээр том асуудалтай байдаг. Миний бодлоор гадаадаас чадварлаг мэргэжилтнүүд ирж хэсэг хугацаанд ажиллаад явахдаа өөр олон монголчуудад ажлаа зааж сургаад явдаг байвал улсад хэрэгтэй санагддаг. Барилга, тээвэр зуучлал гээд Монголд хэрэгтэй бизнесийн салбарууд олон байгаа ч мэдлэгтэй, чадвартай хүн цөөхөн байна.

1 сараас эхлээд Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь байдлыг улам дордуулсан. Монголын парламент энэ хуулийг баталснаар нэг биш гурван алхмаар ухарсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Уг хууль түүхий, дотоод зөрчилтэй, тэр ч байтугай Монголын Үндсэн Хуулийн заалттай харшилдаж байна.

- Та энэ талаар тодорхой ярихгүй юу?

Миний хувьд компаний салбар нээх ажлаа зогсоосон. Уг нь зуун хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани нээхээр ажлаа эхэлж байтал энэ хууль саад боллоо. Өмнөх хуулиар 100 долларын үндсэн хөрөнгөтэй байхад гурван хөрөнгө оруулалтын виз авч болдог байсан. Харин шинэ хуулийн дагуу хөрөнгө оруулалтын виз болгонд тус бүр 100 мянган доллар хэрэгтэй. 400 мянган долларын хөрөнгөтэй хүн таван компани байгуулах шаардлагатай ч эдгээр компанийг байгуулахын тулд 500 мянган доллартай байх ёстой. Компани болгоны тоглоомын дүрэм өөр ч байгуулагдах нөхцөл нь ижилхэн болчихоод байна.

- Бизнесмен хүн ямар зарчмыг гол болгох хэрэгтэй вэ?

Өөрийн туршлагад үндэслээд хэлэхэд боломжтой л бол зээл авч, өрөнд унах хэрэггүй гэж хэлмээр байна. Яагаад гэвэл зээл авч бизнес хийсэн 10 хүний ес нь дампуурдаг. Зээл араасаа маш олон асуудал дагуулдаг. Нэг доллар зээлдүүлсэн банк хоёр доллар буцааж авахаас нааш салахгүй. Банк гэдэг дундад зууны үед өөрсдөө хөдөлмөрлөхгүйгээр бусдын мөнгөөр баяжих гэсэн хэсэг хүмүүсийн бодож олсон зүйл. Банк юу ч үйлдвэрлэдэггүй. Гэтэл өнөөдөр банкгүйгээр урагш явдаггүй үе ирчихээд байна.

- Жижиг дунд үйлдвэрийн хөгжилд төрийн дэмжлэг чухал байдаг. Монголын төр ЖДҮ эрхлэгчдээ хэр дэмжиж байна гэж та бодож байна вэ?

Монголын төр аль хэдийнэ дэмжээд эхэлчихсэн. 10 хувийн татвар авч байна гэдэг бол маш том дэмжлэг. Хэрэв 10 хувиа төлж чадахгүй бол бизнес хийгээд утгагүй биз дээ? Гэтэл АНУ-д казино нээсэн хүн 98 хувийн татвар төлдөг. 10 хувийн татвар гэдэг бол Оросын бизнесменүүдийн хувьд мөрөөдөл.

- Монголын улс төрийн үйл явдлуудыг сонирхдог уу?

Өөрөө ямар нэгэн байдлаар улс төрд оролцохгүй ч сонирхдог.

- Ингэж асуусны учир юун гэвэл өнөөдөр төр аж ахуйн үйл ажиллагаанд хэтэрхий оролцож, бизнесменүүдэд саад болж байгаа тухай ярих боллоо. Та энэ тухай сонсоогүй гэж үү?

Төр засаг дотроо будлиантай, тогтворгүй байгаа тохиолдолд бизнесийн үйл ажиллагаанаас аль болох хол байсан нь өлзийтэй. Бизнесмен хүнд туслах ч хэрэггүй, саад болох ч хэрэггүй. Би ямар ч оронд байсан өөрийн бизнесээ нам, улс төрийн хүчинтэй хутгахыг хүсдэггүй. Ер нь миний ажил их энгийн. Учир нь барууныхан, зүүнийхэн ялгаагүй бүгд жимсэнд дуртай (инээв).

- Хэрэв хүнээ хөгжүүлж чадвал Монгол улс уул уурхай, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн салбарт дэлхийд өрсөлдөж чадна гэж эдийн засагчидл ярьдаг. Ийм боломж бий юу?

Монголын татварын тогтолцоо хөгжиж буй эдийн засгийн хувьд маш тохиромжтой.

Гуравхан сая хүн амтай Монголд дэлхийн зах зээлд гарах ямар хэрэг байна? Тэр тусмаа ЖДҮ эрхлэгчид  өөрийн гэр бүл болон ажилчдынхаа гэр бүлийн амжиргааг хангах л зорилготой. Хажууд нь дүүрэн боломж байхад дэлхийн зах зээлээр яах юм бэ? Монгол гайхалтай орон. Аль нэг улстай геополитикийн ямар ч зөрчилгүй. Монголчууд 100 хүрэхгүй жилийн дотор 700 мянгаас гурван сая боллоо. Энэ том амжилт. Дэлхийн зах зээлд санаа зовохын оронд хүмүүсийг хангалттай цалинтай болгох талаар л бодох хэрэгтэй.

- Хэдийгээр энэ тухай байнга ярьж, ажил хэрэг болгодог ч хүмүүсийн амьдралын чанар сайжрахгүй байгааг юу гэж үзэх вэ?

Хөгжиж буй эдийн засагт шилжилтийн иймэрхүү үе зайшгүй байдаг. Амьдрал тааруу байна гэж ярьж байгаа ч машинтай хүмүүс олширч замын бөглөрөө Улаанбаатарт том асуудал болчихоод байна. Гар утасны номер цифрээсээ хамаараад үнэ нь ялгаатай байдаг орон Монголоос өөр дэлхийд байхгүй.

- Монголчуудын бизнесийн тухай ойлголт, хандлага төлөвшиж чадсан эсэх талаар та юу хэлэх вэ?

Ойлголт байгаа ч туршлага дутуу байна. Хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс шударгаар хөдөлмөрлөе гэсэн бусаддаа саад болдог. Ялангуяа залуучууд нэгнээ дууриаж ажиллахын оронд амархан баяжих арга зам хайдаг. Гэтэл жинхэнэ бизнесмен хүн хөлсөө дуслуулж, нойроо хасч, заримдаа бүр цусаа урсгаж байж амжилтанд хүрдэг.