Г.Баярсайхан: Улс орон тогтвортой хөгжихөд стратегийн баялаг болон ус нэн чухал
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014-03-26/ Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, салбарын мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд, Төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уг хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас усыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд чухалчлан авч үзэж, эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх зорилгоор Усны тухай хуулийг шинэчлэн найруулж батлан гаргаснаар усыг байгалийн сав газрыг зүй тогтлоор нь зохистой ашиглах, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хэмнэх, олон талын оролцоог хангасан менежментыг бүрдүүлсний зэрэгцээ ус бохирдуулсан хувь хүн, аж ахуйн нэгжээс төлбөр авдаг болсноор өмнө нь үйлчилж байсан Усны тухай хуулиас давуу, шинэлэг болсон.
Гэвч Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлт манай орны усны нөөцөд мэдэгдэхүйц нөлөөлж, усны нөөц хомсдох, түүнээс улбаалсан цөлжилт хүрээгээ тэлэх, ургамлын нөмрөг багасах, газрын доройтол нэмэгдэх зэрэг хүндрэл дагуулж байна.
Улс орон тогтвортой хөгжихөд стратегийн баялаг болох ус нэн чухал. Иймээс цаашид хөгжлийн асуудалд усыг чухалчлан анхаарч, эрчим хүч, хүнсний аюулгүй байдал зэрэг салбар чиглэл бүхэнд уялдуулан авч үзэж, тогтвортой хөгжлийн үндсэн хэсэг болгох шаардлагатай. Хүн бүхэнд ус чухал ач холбогдолтой учир гол нь хэрэглээгээ дагаад усаа ухаалаг ашиглаж, усны үнэ цэнийг мэдэрч, аль болохоор хэмнэж, усаа бохидуулахгүй байж, цаашид усыг дахин ашиглах гарцуудыг олж амьдралд нэвтрүүлэг хэрэгтэй. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд өнөөдрийн усны үнэ, өртгийн асуудлыг эргэж харах зайлшгүй шаардлагатай болж байгаа бөгөөд энэ талаар ойрын үед шийдвэртэй алхам хийхэд энэхүү хэлэлцүүлэг түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт “Усны салбарын хууль эрх зүйн тогтолцоо, усны нөөц, ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах, “Ус хэмнэлт ба технологийн асуудал” сэдвээр “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж, “Ус хангамж ба тогтвортой хөгжил” сэдвээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол Улсад усны дэд бүтэц байхгүйн улмаас усыг бүрэн хэмжээнд ашиглаж чаддаггүй. Харин усны нөөцийг хамгаалахад “урт нэртэй хууль” ихээхэн ач холбогдлоо өгсөн гэдгийг Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрах илтгэлдээ онцолсон юм.
Усыг ухаалаг, хүрэлцээтэй, зөв зарцуулах боломж байгааг “Монголын усны түншлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Басандорж бодит жишээн дээр тайлбарласан. Үүний тулд юуны өмнө ус хэрэглээг ухаалаг тоолууртай болгох хэрэгтэй гэлээ. Хэрэглэгч усыг хямд үнэтэй хэрэглэснээр усны үнэ цэнийг мэдрэхгүй, хайхамжгүй ханддаг. Иймээс усыг хэрэглэхэд зөв үнийн тарифтай байх шаардлагатай аж. Мөн тэрээр, усыг хэмнэлттэй зарцуулах эдийн засаг, эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд анхаарал хандуулах, түүнчлэн саарал усны стандартыг яаралтай батлах нь чухал гэлээ. Цаашид ус хэмнэлтийн дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх, усны үнэлэмжийг дээшлүүлэх, бохир ус цэвэрлэгээний дэвшилтэт технологийг нутагшуулах нь чухал бөгөөд бага оврын цэвэрлэх байгууламжийн үйлдвэр байгуулах төслийг дэмжиж хэрэгжүүлэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авахыг хүслээ.
“Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогсод устай холбоотой манай улсад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, усны нөөц ашиглалт хамгаалалтын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, усны хэмнэлт ба технологийн асуудал, ус хангамж ба тогтвортой хөгжлийн талаар санал бодлоо солилцож, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд, 2010 оноос хэрэгжиж эхэлсэн "Ус" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй байгааг Байнгын хорооны дарга Г.Баярсайхан анхааруулсан. Мөн тэрээр усны талаар чухал асуудал яригдаж байхад салбарын сайд нь байхгүй байгаад шүүмжлэлтэй хандсан юм.