С.Ганбаатар: Нийтийн баялгийг хэсэг хүн цөлмөж, эзэмшиж байгаагаас шударга нийгэм тогтож чадахгүй байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2014.03.28

С.Ганбаатар: Нийтийн баялгийг хэсэг хүн цөлмөж, эзэмшиж байгаагаас шударга нийгэм тогтож чадахгүй байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “VIP” ярилцлагын буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 -Засгийн газраас цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулаад 30 хувь нэмсэн гэж байгаа ч бодит байдал дээр 20 мянган төгрөгийн нэмэгдэл нь юу ч болохгүй байна гэдэг. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байхад “Бид цалингаа нэмсэн” гээд суугаад байж болох уу?

 -Ард иргэд, тэр дундаа цалин багатай хүмүүсийн хувьд асар их хүнд тусч байгаа. Яагаад гэвэл, бараа, бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Энэ нь эмэгтэйчүүд, тэтгэвэр авч байгаа иргэдийн хувьд маш хүндээр тусч байгаа юм. Тэгэхээр үүнийг нэг хэсэг нь гомдлоод, нөгөө хэсэг нь PR-аар аргалаад яваад байдаг юм биш ээ. Үүнийг яаж шийдэх ёстой гэвэл, улсын гурван талт хэлэлцээрийг дариу хийх хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл, Засгийн газар, юмны үнийг тогтоодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл, бараа, бүтээгдэхүүний үнэ өссөнөөс болж хохирох магадлалтай хөдөлмөр хийж байгаа жирийн иргэдийн төлөөлөл ҮЭ-ийн хороондын улсын хэлэлцээрийг ширээний ард суугаад ярьдаг. Гэтэл нэг хэсэг нь “Юмны үнэ өсөөгүй шүү дээ” гэж байхад нөгөө хэд нь “Өсөлтөөс болж миний авдаг 300 мянган төгрөгийн цалин 200 мянган болчихоод байна” гэж байгаа.

Нэг ёсондоо энэ маргааныг ширээний ард суугаад, шаардлага гарвал хатуу үг хэлээд тооцоо, судалдаагаа нийлүүлээд ярьдаг зүйл нь улсын гурван талт хэлэлцээр гэж бий. Харамсалтай нь үүнийгээ хийхгүй байна. Тэгэхээр ойрын үед яаралтай, ард иргэдийн нүдэн дээр ил тод хийх нь чухал байна. Миний хувьд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдагчаар зургаан жил ажиллахдаа гурван талт хэлэлцээрийг хийдэг байсан. Энэ нь нийгэмд бий болж байгаа баялгаа шударгаа хуваарилах механизм. Мэргэжлийн үгээр хэлбэл, нийгэмд бий болж байгаа баялгийг буцаагаад шударгаар хуваарилахдаа цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, татварын механизмаар өгдөг.

-Тэгвэл хуваарилах зарчим нь шударга биш байгаа хэрэг үү?

 -Яг үнэн. Юмны үнийг 30 хувиар өсгөчихөөд өссөн түвшин нь хэдхэн гэр бүлийн халаасанд ороод байна. Энэ өссөн байдал ажилчин хүний халаас руу орохгүй байна гэдэг маргаан бий. Энэ үүднээсээ улсын гурван талт хэлэлцээрийг нэн яаралтай эхлүүлэх явдал нь өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлын гол гаргалгаа.

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо гурван талт хэлэлцээрийг хийхийг удаа дараа шаардаж байгаа. Гэвч үүнд тэдний алдаа бий юү, эсвэл төр хариуцлагагүй хандаж байна уу?

 -Үйлдвэрчний эвлэл үүнд шардлага сайн тавьж байгаа. Харин Засгийн газар энэ шаардлагыг нь хүлээж авах ёстой гэж бодож байна. Ажил олгогч бизнесмэнүүдийн төлөөллийг цуглуулаад Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрынхан нь хамт суугаад “Юмны үнэ хэдэн хувиар өссөн. Цалин хөлсний асуудал дээр хувийн хэвшлийнхнийг ингэж нэмье. Засгийн газрын чигийн хүмүүсийн цалин болон тэтгэвэр, тэтгэмж хариуцдаг сайд нь ийм гаргалаа байна.

Монголчууд бид тусгаар тогтнолоо алдахын ирмэг дээр байна.

Одоо харин үүнийг далимдуулаад та нар бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй шүү. Хэрвээ нэмэхээр болбол лицензийг чинь хураана” гэдгээр хандах хэрэгтэй.  Энэ бизнесмэнүүд чинь Засгийн газраас лиценз, зөвшөөрөл авч байж бизнес хийдэг. Зүгээр нэг талд явдаг хүмүүс биш. Тэгэхээр ингэж гурван талтайгаа яриад хэлэлцээр хийж, гарын үсэг зурснаар хууль батлагддаг. Харин энэ хуулиа хэрэгжүүлэх хамгийн чухал байна.

-Хэлэлцээр хийхгүй байгаа нь хууль зөрчиж байгаа хэрэг биз?

 -Юмны үнэ өсөөд, төгрөгийн худалдан авах чадвар уначихсан байгаа тохиолдолд яаралтай хуралдаж, шийдэх явдал хуулиараа бий. Хэрвээ хуулиа зөрчиж байгаа тохиолдолд ажил хаялт, жагсаал цуглаан хийх үүрэгтэй. Энэ нь хуульдаа тусгасан байгаа. Тиймээс энэ олон ажлыг ойрын үед хийх ёстой гэж харж байна. Нөгөөтэйгүүр ийм арга зам байдаг гэдгийг хэлэх нь миний ажил. Миний хувьд үйлдвэрчнийг удирдаад эсвэл Засгийн газарт шаардлага тавихаас илүү энэ механимзаа хурдан ажиллуулаач гэж хэлэх миний л ажил байна.

-“Цалин, тэтгэврийг инфляцитай уялдуулж 30 хувь нэмсэн. Одоо ахиж нэмэхгүй” гэдгээр Засгийн газар цааргалаад байна. Та үүнийг юу гэж харж байна вэ?

 -Улсын гурван талт хэлэлцээр эхлэх юм бол “Ийм үндэслэлээр улс орны нөхцөл байдал хүнд байгаа” гэдгийг тооцоо, судалгаатай ярих нь шийдэл. Заавал хуралдах болгондоо цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ гэсэн үг биш. Хамгийн гол нь нөхцөл байдлаа хоорондоо ойлголцох хэрэгтэй. Харин үнэ зохицуулалтгүй, зах зээл дангаараа шийднэ гэдэг хамгийн буруу асуудал. Үндсэн хуулийн 5.4-т “Эдийн засгийг төрөөр зохицуулна” гэж заасан. Манайх төрийн зохицуулалттай эдийн засаг дээр явж байгаа ард түмэн. Харин энэ бүхэн хэрэгжихгүй байгаа нь энэ хэлэлцээрийн механимзуудыг ажил болгохгүй байна гэсэн санаа.

-Тэгвэл ямар шийдэлд хүрч байж хэлэлцээрийг ажил болгох ёстой вэ?

 -Засгийн газар ухаалаг байх ёстой. Үйлдвэрчин хараад сууж болохгүй. Эзэд нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа үүрэх ёстой. Засгийн газар алдсан зүйл бий. Гэхдээ алдааг ярихаасаа илүү үүнийгээ дүгнэж, цэгнээд гаргалааг яаж гаргах вэ гэдэг механизмаа ажилд оруулах хэрэгтэй. Гурван талт хэлэлцээрийн механимзыг ажиллуулахгүй,  талуудаа муулаад суугаад байна гэдэг нь үнэт зүйлээ мэддэггүй хүн болж таарах гээд байгаа юм. Тиймээс нэн яаралтай гурван талт хэлэлцээрийг эхлүүлээч гэдэг нь миний хэлж чадах зүйл.

-Ингэхэд та Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж тэмцдэг хүний нэг. Харин эх орноо улс шиг улс болгохын тулд юу хийхийг эрэлхийлсэн бүтээл гаргасан гэсэн. Өөрөөр хэлбэл, шинэ гарц олсон гэдэг. Тухайлбал тэрхүү гарц нь юу вэ?

 -Нэгдүгээрт, монголчууд бид тусгаар тогтнолоо алдахын ирмэг дээр байна. Бараг алдчихаад байгаатай адилхан байдалтай байгаа. Тэр нь чухам юу гэвэл, Монгол Улсын шийдвэрүүдийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн болон банк, санхүүгийн байгууллагын зөвлөгөөн, тусламж нэрийдлээр бидний өмнөөс гаргадаг болчихоод байна.

Ялангуяа, уул уурхайн баялагтай холбоотой шийдвэрүүдийг гадны зөвлөхүүдийн үг, нөлөөллийн байгууллагуудын нөлөөгөөр манай сайд нар үе, үе шийдэж иржээ. Энэ бол аюултай зүйлд хүрээд байна. Хоёрдугаарт, үндэсний баялгийн үзэл гэж заавал байх ёстой. Монгол Улсын баялгийг тэр чигт нь эзэнгүйдүүлж байна. Яагаад үндэстэн нь өөрсдөө дийлэнхийг нь эзэмшиж, татварын байдлаас ашиг шимийг нь хүртэхгүй байна вэ гэдэг асуудлыг босгох хэрэгтэй. Гуравдугаарт, Америкт эхтэй неолиберализм буюу баян орнууд ядуу орныг яаж хөгжихгүй болгодог вэ гэдэг энэ бодлогын золис нь монголчууд болчихоод байна.

Тэд баялаг ихтэй газарт дайн гаргаж, хооронд нь байлдуулж өмчийг нь авдаг. Эсвэл сайн заглал гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж өмчинд нь эзэн суудаг. Өөрөөр хэлбэл, гадны хөрөнгөтэй хүмүүс маш башир аргаар жирийн иргэдийг хохироод байна. Үүний золиос нь бид болчихоод байгаа юм.

Нөгөөтэйгүүр таван аргачлалыг ярьсан. Харин үүнээс гарах арга зам нь Норвегийн жишээнээс бэлхнээ байгаа. Учир нь Норвеги нийгэм, ард түмэн, уул уурхайн баялгийг хэсэг бүлэг улстөрчидтэй нийлсэн цөөнх, элитүүдэд ашиг шим хүртэх ямар ч эрхгүй гэж заасан байдаг. Тэгэхээр өнөөдөр бидэнд шударга нийгэм хэрэгтэй байна. Харин яагаад бий болохгүй байна гэвэл нийтийн баялгийг хэсэг хүн цөлмөж, эзэмшиж байгаагаас болж шударга нийгэм болж чадахгүй байгаа юм.

-Энэ номыг бичсэнээр томоохон эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарч магадгүй юм шиг санагдлаа?

 -Би номондоо энэ бүхнийг тайлбарлаж, цаашид бид юу хийх ёстой вэ гэдгийг нэлээд зоригтойгоор бичсэн. Неолиберализмаар Америкт бэлдсэн хүүхдүүд Монголын улс төрд битүү байна. Тэд орилолдоод босоод ирнэ. Асар хүчтэй, “алуурчин” нийтлэлчид намайг аймшигтай гутаан доромжлох компанит ажил энэ номыг бичсэний төлөө өрнөнө. Гэхдээ бичих нь миний үүрэг. УИХ-ын гишүүн үүнийг хийхгүй юм бол өөр хэн хийх юм бэ. Монголын ард түмэн ямар улс байгуулахыг хүсээд байгаа юм, түүндээ яаж бид хүрэх вэ гэдэг арга замыг олон түмний итгэлийг авсан УИХ-ын гишүүн бичих нь үүрэг. Энэ утгаараа энэ номыг гаргаж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.