Мэдэгдэл
Мэдэгдэл гаргав
2014.05.16

Мэдэгдэл

Засгийн газрын бодлого шийдвэр болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд харилцан уялдаа холбоотой байж ард иргэд, бизнесийнхэн, нэн ялангуяа хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээдэг жамтай. Гэтэл сүүлийн үед Засгийн газрын зарим үйл ажиллагаа нь дэвшүүлсэн бодлого зорилттойгоо зөрчилдөх, үл нийцэх хандлага ихээр гарах болсны нэг нь Үндэсний Даатгалын Корпораци байгуулах тухай шийдвэр юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Том төрөөс Ухаалаг төр лүү”, төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай болон төрийн өмчийн аж ахуйн нэгж ахин шинээр байгуулахгүй байх зэрэг занал санаачлагууд, Засгийн газрын олон төсөл, хөтөлбөрүүдийг бодит амьдралд хэрэгжүүлэхгүй буюу хэрэгжилтийг удаашруулах, тэр ч байтугай эсрэг үйл ажиллагаа явуулах чиг хандлага ажиглагдах болсонд хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн нийтлэг ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэгч үндэсний байгууллагын хувьд МҮХАҮТ ихээхэн харамсаж Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар гөрийн өмчийн оролцоо бүхий “Үндэсний даатгалын корпораци” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргасантай холбогдуулан байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. 80 гаруй жилийн түүхтэй даатгалын салбар нь хөгжлийнхөө явцад олон сорилт, бэрхшээлтэй тулгарсан хэдий ч тэр бүхнийг даван туулж өнөөгийн өндөрлөгт хүрсэн нь 2013 оны байдлаар 94 тэрбум төгрөгийн орлого татан төвлөрүүлж нийт хөрөнгийн хэмжээ нь 126 тэрбум төгрөгт хүрч, 3000 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаагаас тодорхой харагдаж байна.

Даатгалын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд төрөөс анхаарч Даатгалын тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуулиудыг батлан гаргасан нь салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүнчлэн тус салбарт үйл ажиллагаа явуулж байсан төрийн өмчит хоёр компанийг хувьчилсан нь ч салбарын хөгжилд онцгой түлхэц үзүүлж, шударга өрсөлдөөнийг тэтгэх, хувийн хэвшлийн даатгалын

байгууллагуудын санхүүгийн чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад даатгалын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх олон сонголт бий болгосон чухал ач холбогдолтой шийдэл болсон билээ.

Гэтэл төр хувийн хэвшлийн хамтарсан корпораци байгуулах, дотоодын хувийн хэвшлийн үзүүлж чадахгүй байгаа даатгалын үйлчилгээг олон улсын жишгийн дагуу үзүүлэх гэсэн чихэнд сонсголтой сайхан үгийн дор төр өөрөө даатгалын салбарт орох алхам хийж буй нь даатгалын салбарт өрсөлдөөний тэгш бус нөхцлийг бий болгох, экспортын бизнес эрхэлдэг компаниудад ямар ч альтернатив сонголтгүй ганц даатгалын компанийг тулгах, 23 жилийн турш даатгалын зах зээлийг хөгжүүлэх гэж хөлс хүч, хөрөнгө мөнгө, цаг хугацаагаа зарцуулж ирсэн хувийн хэвшлийг зах зээлээс шахах, бас нэг үр ашиггүй, хүнд сурталтай төрийн монополь бий болгох, улмаар Монгол Улсын даатгалын зах зээлийн хөгжилд том ухралт болно хэмээн үзэж байна.

Санхүүгийн Зохицуулах Хорооноос олгодог ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгддэг, хувийн хэвшлийн даатгалын компаниуд олон улсын “АА” хүртэл зэрэглэлийн давхар даатгагч нартай хамтран бие даан бүрэн хийх боломжтой энэхүү даатгалын үйл ажиллагаанд төр оролцохын оронд өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй даатгалын компаниудад тэгш боломж олгож, экспортын даатгалын эрсдлийг даатгах чиглэлд төрийн оновчтой бодлого гаргаж хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх зэрэг бодлогын туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг “Малын индексжүүлсэн

даатгал”-ын төслийн хэрэгжилт, үр дүн тодорхой харуулж байна.

Төр засгийн  зүгээс даатгалын салбарыг бодлогоор тууштай дэмжиж чадвал Монголын даатгалын компаниуд зээлийн болон экспортын төлбөрийн эрсдэлүүдийг даатгах, шаардлагатай тохиолдолд олон улсын даатгалын голлох зах зээлүүдэд давхар даатгах бүрэн боломжтой байгаагаас гадна даатгалын зах зээлд “Давхар даатгалын корпораци” байгуулахыг бүрэн дэмжиж ирсэн зэрэг нь манай үндэсний даатгалын компаниуд тодорхой хэмжээнд чадавхижиж үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх хүсэлтэй байгааг тод харуулж байна.

Төрийн аливаа бодлого шийдвэр нь түүний харилцаанд оролцогчдын ашиг сонирхолд нийцсэн, тэдний санал бодлыг авсан, тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэсэн байх Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоол, бизнес дэх төрийн оролцоог багасгах бодлого, үйл ажиллагаатай зөрчилдсөн энэхүү шийдвэрээ Засгийн газар эргэн харж засч залруулна гэдэгт найдаж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

МОНГОЛЫН ДААТГАГЧДДЫН ХОЛБОО

2014.05.14