18 давхар “Чингис цамхаг”-ийн шав тавих ёслол боллоо
ИТХ-ын дарга С.Пүрэвжав
2014.06.03

18 давхар “Чингис цамхаг”-ийн шав тавих ёслол боллоо

Чингис хотын нүүр царай билиг тэмдэг болсон “Чингис цахмаг”-ийн шав тавьж, үйл ажиллагааг эхлүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу өлзий дэмбэрэл бүрдсэн зуны тэргүүн сарын шинийн нэгний 4 ногоон мэнгэтэй хулгана өдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, “Хос бар” компаний захирал Л.Шаравням, “Хос бар” компаний төслийн зохицуулагч Г.Эрдэнэтөгс нарын албаны хүмүүс болон албан байгууллага дарга, эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцлоо. Шадавдаржаалан, Гүндгаравлин хийдийн лам нар газар, лусыг аргадсан ном айлдаж, Ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгын дуучид ая дууны мэнд дэвшүүллээ.

Дэлхийн мянганы суут хүний нэг дэлхийн талыг эзэгнэж явсан Чингис хааны өсөж төрсөн өлгий нутгийн ард түмэн Их эзэн хааныхаа нэрээр хотоо нэрлээд удаагүй байгаа азтай хүмүүсийн нэг бол яахын аргагүй Хэнтий нутгийн зон олон юм.

Цол дагаж бяр гэгчээр Чингис хааныхаа нэрийг авсан ард түмэн хийсэн бүтээсэн зүйлээрээ үлгэр жишээ байх ёстой

. Тиймдээ ч өнөөдрийн билигт сайн өдөр Чингис хотынхоо өнгө төрх нүүр царай болсон “Чингис цамхаг” нөгөө талаар “Чингис суварга”-ын шав тавих ёслол ийнхүү боллоо.

Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Хос бар” ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа цамхгийн өндөр 18 давхар, суварга хэлбэртэй. 21 аймгийн түүхэнд байхгүй жишиг өнгө үзэмжтэй баригдах энэ барилгын санаа анх Аймгийн Засаг даргын “Мөрийн хөтөлбөр”-т тусгагдан 2 жилийн өмнө яригдаж байсан зүйл билээ.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ “Улаанбаатар хотын дараа Эрдэнэт,Дархан хот ордог бол зүүн аймагтааХэнтий аймгийн Чингис хот хөгжлөөрөө тэргүүлэх хот болно. Барилгыг барих компаний удирдлагууд мөн энэ нутгаар овоглосон төвийн нэгдүгээр 10 жилийн сургуулийг дүүргэсэн нутаг орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүс бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаад баяртай байна” гэлээ.

“Чингис цамхаг”-ийн нийт өртөг 7 тэрбум бөгөөд гүйцэтгэгч компани болох “Хос бар” ХХК өөрийн хөрөнгөө гарган барьж байна. Харин орон нутгийн зүгээс газар болон дэд бүтцийн асуудлыг нь шийдэж өгч байгаа юм. Цамхагийн В1 давхартаа машины зогсоол, 1 давхартаа үйлчилгээний заал буюу супер маркет, 2 давхартаа 200-250 хүний багтаамжтай ресторан, 3-4 давхартаа үйлчилгээний оффисс, 4 давхартаа аймгийн нутгийн удирдлагын зочид буудал, ёслол хүндэтгэлийн танхим байхаар төлөвлөгджээ. Харин 5-16 давхартаа орон сууж байх ба 2-4 өрөө тансаг зэрэглэлийн байр, 16-18 давхартаа техник болон үйлчилгээний танхим, орой дээр 6 метр өндөрт үүрэн холбооны антень орон нутгийн телевизүүдийн цахмаг байрлах аж. Ингэснээр үүрэн холбоо болон телевизүүд хааш хаашаа 38 км-т гарах боломжтой болох юм. “Чингис цахмаг”-ийг билэг дэмбэрлээ бодож цагаан өнгөөр хийгдэх ба өлзий хээгээр бүрэн, нүүрэн талдаа монгол бичгээр “Чингис” хэмээн босоогоор бичигдэх ажээ.

“Хос бар” ХХК-ий хувьд 14 жилийн өмнө үүсгэн байгуулагдаж байсан барилгын салбартай туршлагатай компани. 15000 айлын орон сууц барин ашиглалтад оруулж улсын төсөвт тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Хамгийн сүүлийн үеийн технологоор барилгаа барьдаг ба хамгийн сүүлд л гэхэд Улаанбаатар хот дахь Рапит харшийг барьжээ.

Тус компанийхан “Чингис цахмаг”-ийн барилгын ажлаа өнөөдрөөс эхлүүлж байгаа ба барилга дээр 30-40 хүн ажиллаж, 2015 оны 4-р улиралд ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Чингис хотод урьд өмнө нь 4 давхараас дээш барилга барихыг хориглодог байсан. Гэвч техник технологийн дэвшилтэд үе ирсний үр дүнд суурийн ажлыг чанарын өндөр түвшинд хийсэн тохиолдолд тэнгэр баганадсан барилгуудыг барих бүрэн боломжтой болжээ.