Д.Ганбат: Хаврын чуулган тийм ч “онц” байж чадсангүй
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2014.07.01

Д.Ганбат: Хаврын чуулган тийм ч “онц” байж чадсангүй

УИX -ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Хууль зүйн байнгын хорооны даргын суудалд Ж.Батзандан гишүүн та хоёр өрсөлдөж байна. Уг асуудал шийдэгдэхгүй бүлэг завсарлага аваад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Нөхцөл байдал л ингэж таараад байх шиг байна. МАН-ын болон “Шударга ёс” эвслийн бүлэг, манай намын бүлэг өөрсдийн байр суурийг илэрхийлээд л явж байгаа. Надаас хамаарах ч зүйл байна. Хамаарахгүй зүйлсч бий. Бүлэгтэй, намтай, УИХ-тай болохоор хууль журмынхаа дагуу явах ёстой.

Би Ж.Батзандан гишүүний өмнөөс ямар нэгэн байр суурь илэрхийлэх нь буруу байх. Харин би өөрийнхөө байр суурийг илэрхийлээд явах нь зөв. Ж.Батзандан гишүүний өөрийнх нь туулсан амьдрал, энэ хүний байр суурийг би мэдэхгүй.

Тийм байж тэгэх, ингэх ёстой гээд байх нь утгагүй. Түүний хувьд залуу улс төрч. Ард түмэнд шударга гэсэн имижийг бүрдүүлж чадсан. Намын бүлэгтэйгээ санал нийлэх ч зүйл байгаа, нийлэхгүй ч зүйлс байж л таараа.

МоАХ-ны анхны ерөнхий зохицуулагч С.Зориг агсны хэлсэн эрх ашгийн эрэмбэ дарааллыг мэддэг л улстөрч байлгүй дээ.

Ж.Батзандан гишүүн бид хоёр Их хуралд анх удаа сууж байгаа. Бидний хувьд хоёулаа л хуульч. Тэрбээр гадаадад докторын зэрэг хамгаалсан, эрч хүчтэй залуу боловсон хүчин.

Бид хоёрын хувьд байнгын хорооны даргын суудлын төлөө би, чи-дээ тулах зүйл байхгүй.Ойлголцоод явчихна. Үүнийг гаднаас харсан хүмүүс буруу, зөвөөр тайлбарлах явдал байна. Цөөхөн монголчууд хэл амаа ололцохгүй эвдрэлцээд явбал гадныхны хоол болоод л дуусна.

-Таны хувьд нэгдүгээр сард Ашигт малтмалын тухай хуулийн алтны ажлын хэсгийг ахалж байхдаа алтны нөөц нэмэгдэж ам.долларын ханш тогтворжино гэж байсан. Гэтэл ханшийн өсөлт үргэлжилсээр байна. Үр дүнгүй байсан юм уу?

-Гадны хөрөнгө оруулалт гадагшилчихсан. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ уначихлаа. Тиймээс валютын ханш сайнгүй байгаа байх. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа. Хөрш БНХАУ гэхэд хоёр оронтой тоотой эдийн засгийн өсөлтөө нэг оронтой тоонд оруулж, зөөлөн газардуулах бодлого барьж байна.

Үүнээс ганц Монгол Улс байтугай бүх дэлхий хамаарч байгаа юм. Алтны хувьд бид цаг үеэ олж зөв баталсан. Хэрэв тэгээгүй бол ам.долларын ханш 2000 төгрөгөөс давах байсан. Бид ардчилсан замыг сонгоод 20 гаруй жил болчихлоо. Энэ шилжилтийн үе удаан үргэлжлэх байх гэж бодож байна.

Тухайн үед алт гадагшаа ихээр гардаг байсан. Монголын алт Монголдоо үлддэггүй байв. Энэ онд алтны компаниудаа дэмжээд өгвөл 30 тонн алттай болно гэж байгаа. Өнгөрөгч онд зургаан тонн гаруй алт л тушаагдсан байсан. Алт тушаагдах бүр нь валютын, төгрөгийн баталгаа болно. Алтны хуулийг баталчихаад араас нь хийх ёстой ажлууд байсан юм.

-УИХ-ын хаврын чуулганыг хуулийн хүрээнд буюу долдугаар сарын 1-нд завсарлуулна гэсэн яриа гарчээ. Хэлэлцэж батлах ёстой хуулиуд асар их байтал ингээд завсарлаад явчих нь зөв юм уу?

-Хаврын чуулган тийм ч “онц" чуулган болж чадаагүй. Гэхдээ зохих хэмжээнд яригдах ёстой хуулиуд болон хийх ёстой чухал асуудлуудаа гаргаж ирээд тавьж чадсан. Хуулийн хүрээнд долдугаар сарын 1 буюу маргааш (өнөөдөр) завсарлах ёстой.

Миний ойлгож байгаагаар нэг өдөр хойшилж долдугаар сарын хоёронд завсарлах юм шиг байна.. Удахгүй ээлжит бус чуулганыг хуралдуулж магадгүй сурагтай. Наадмаараа сайхан наадчихаад ээлжит бус чуулган хуралдах байх аа.

Одоо бид юу ч гэсэн хэцүү болчихоод байгаа юм. Ард түмэн нэг бол бухимдчих гээд эсвэл наадам гээд тоохгүй өнгөрөх  асуудал тулгараад байгаа. Наадмаараа сайхан наадчихаад дараа нь асуудлуудаа тухтай авч хэлэлцсэн нь дээр байх.

-Наадмын дараа чуулганд суух гээд ирэх гишүүд байх уу?

-Бүгд ирээд суугаад хуулиа хэлэлцээд явчих байх аа.

-Хэрэв тэгээд явбал эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд батлагдах хуулиуд оройтож, эдийн засаг идэвхижихэд хүндрэл тулгарах юм биш үү. 100 хоногийнх нь талаас илүү нь явчихлаа шүү дээ?

-100 хоногт эдийн засгийг идэвхжүүлнэ гээд давчдаад байх юм. Заавал энэ өдрүүд гэлтгүй байнга л эдийн засгийг сайжруулж байх ёстой. Уг нь хууль тогтоомжуудыг нэг өдрийн өмнө, нэг цагийн өмнө батлах нь зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ үүнд хөнгөн хуумгай хандаж болохгүй.

Одоо Ашигт малтмалын тухай хууль, төмөр замын асуудлыг нэлээд сайн ярих шаардлагатай. Баярын дуулианаар хууль баталчихлаа гэж шүүмжилдэг. Дутуу хагас ажил хийлээ гэж шүүмжлүүлэхгүйн тулд баярын дараа батлаад явчих нь нэг их буруу биш байх.

-Хаврын чуулган гурван сайдын асуудалтай зууралдсаар байгаад завсарлах гэж байна...

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болно, болохгүй гэж нэлээд ярилаа. Хоёр гурван сайдын асуудал ч яригдсаар байна. Монгол Улсын багана болох хоёр нам

ухаалаг шийдвэрүүд гаргах хэрэгтэй. Ард түмнээс адилхан сонгогдсон болохоор Ардын нам бүлэгтэй байх ёстой. Тиймээс байнгын хороонд нь оруулжсанал бодлыг нь сонсох шаардлагатай гэдэг байр суурийг хэзээнээс илэрхийлж байсан.

Уг асуудал одоо нэг тийшээ шийдэгдэх гэж байна. Удахгүй байнгын хороодод Ардын намын гишүүд орж санал бодлоо хэлээд явна. Улс төрд хамгийн чухал нь бие биедээ буулт хийх явдал.

-Баянхонгороос хамт сонгогдсон Х.Баттулга гишүүний захиалгат нэвтрүүлгийг үзсэн байх. Ард түмнийг Засгийн газар, УИХ-ын эсрэг болгож байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

-Х.Баттулга гишүүн бид хоёр нэг нутаг усны цаашлаад үзэл бодол ч ойролцоо юм. Мөн бизнесийн жаргал зовлонг мэдэх хүмүүс. Х.Баттулга гишүүн гурван удаа сонгогдож, хоёр удаа Засгийн газарт ажиллачихсан.

МоАХ-ны дарга. Миний дарга гэсэн үг шүү дээ. Х.Баттулга даргын үгийг сонсож, байр суурийг хүлээн авч өөрийнхөө ч хэлэх үгийг хэлнэ. Бүх зүйлд зөв, бүх зүйлд буруу гэж байхгүй. Баттулга гишүүн өөрийн үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Үйлдвэрлэлийг хөгжүүлж нэмүү өртөг шингээх бодолтой байгаа. Зарим нэгбайдал дээр уран бүтээлчдийн гаргасан гаргалгаа юм уу, юу юм бол арай л хэтэрсэн зүйлүүд байна.

-Яг юуг нь хэлээд байна?

-Эрлийз, хурлийз гээд байгаа. Үүнийг бид мэдэхгүй. Шууд хүнийг тэгж хэлэх нь зүйд нийцэхгүй. Балингийн Цэрэндорж  сайдын хятадын эрлийз л гэдэг. Чухамдаа тэр хүн Монголын төлөө хамгийн их зүтгэсэн байдаг.

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэсэн үг байдаг. Тэгвэл одоо тийм зүйл байхгүй. Монголын төр зүтгэсэн хүндээ таатай байх ёстой. Хатанбаатар Заябандидаг “Тунгалаг тамир’’ кинон дээр хэд хэд банздаад авдаг даа.

Тэгэхэд “Монгол хүн гэж хэлэхийн тулд Монголын төлөө цохилох зүрхтэй байх ёстой” гэж хэлж байсан даа. Эрлийз хурлийз ч гэсэн Монголын төлөө цохилох зүрхтэй байвал монгол хүн л гэж ойлгох хэрэгтэй.

-Таныг Х.Баттулга гишүүнийг дэмжиж байгаад байнгын хорооны даргын суудалд өрсөлдөөд ирэнгүүт түүнээс зайгаа авч байгаа гэж байна. Та албан тушаалаар анд найзаа сольж байгаа нь үнэн үү?

-Юу гэж тийм зүйл байх вэ дээ. Байнгын хорооны дарга гэдэг хуульч хүний хийх ёстой ажил. Баттулга гишүүн МоАХ-ны даргын хувьд бүлэг дээр байнгын хорооны даргад миний нэрийг дэвшүүлсэн. Бүлэг, МоАХ тэгж үзэж байгаа бол би хийе л гэж хэлсэн.

Сонин хэвлэлээр гарч байгаа зүйлс бол тэр бичиж байгаа хүмүүсийн л бодол. Баттулга гишүүн бид хоёр 2000 оноос хойш хамтдаа нэр дэвшээд явсан. Түүнийг сонгогдоход би унаад л үлдэж байсан. Баттулга гишүүн Баянхонгортоо ардчиллыг хөгжүүлье, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцъё л гэсэн сэтгэлтэй хүн. Би ч мөн адил.