М.Энхболд: Аймгуудаас мэдээлэл авч дууссаны дараа УОК хуралдана
Тэргүүн шадар сайд УОК-ын дарга М.Энхболд
2010.01.15

М.Энхболд: Аймгуудаас мэдээлэл авч дууссаны дараа УОК хуралдана

Тэргүүн шадар сайд УОК-ын дарга М.Энхболдоос цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Манай орны нийт нутаг тэр дундаа баруун аймгуудад өвөлжилт хүндэрсэн. УОК энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Энэ жил мал өвөлжилтийн байдал улс орон даяар хүндрэх төлөвтэй болчихлоо. Баруун аймгуудад цасны зузаан дунджаар 60 орчим см, төвийн нутгаар 30 орчим см цасан бүрхүүл тогтсон. Засгийн газар өнгөрсөн сард 360 дугаар тогтоол гаргасан. Энэ тогтоол дээр заасан арга хэмжээг ээлж дараатай авч хэрэгжүүлж үндсэндээ дуусч байна. Улсын нөөцөөс өвс тэжээл орон нутагт хүргэх арга хэмжээг зохион байгуулж бараг дууссан. Зарим аймаг өвс тэжээл авах түр цэгээ тогтоож чадаагүйгээс өвсөө авч чадаагүй байгаа. Он гарснаас хойш манайх баруун таван аймгийн удирдлагатай холбоотой ажиллаж байна. Аймгуудаас тодорхой санал хүсэлт ирсэн. Зарим сум аймагтайгаа холбоо тогтоож чадахгүй, гэрэл цахилгаангүй, мал бэлчих боломжгүй болсон талаараа хэлж байгаа. Ингээд аймгуудаас ирсэн мэдээллийг аваад Улсын онцгой комисс ойрын үед хуралдаж 370 дугаар тогтоолын талаар хийсэн ажлаа дүгнэж, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ярих болно. Өнөөдрийн байдлаар улсын нөөцөд байгаа өвс тэжээлийн гуравны нэг орчим нь малчдад очсон.

-Яг өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндэрсэн аймгуудад ийм ийм тусламж үзүүлж байна гэх зүйл байна уу?

-Өнөөдрийн байдлаар шууд арга хэмжээ авах боломжгүй байна. Яагаад гэхээр аймгуудаас мэдээлэл авч, тэр мэдээлэл дээр үндэслэж байж шийдвэр гаргана. Таамгаар шийдвэр гаргах, нэг нэг аймаг, сумаар нь асуудлыг авч үзэх боломжгүй. Ямар ч байсан ойрын үед асуудлыг хэлэлцэнэ.

-Байдал хүндэрсэн аймгуудад Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргах уу?

-Одоогоор Засгийн газрын нөөцөд байгаа өвс, тэжээлийг хүргэж өгөх арга хэмжээг авах ёстой гэж бодож байгаа. Гэхдээ гарсан эцсийн шийдвэр алга. 370 дугаар тогтоолоор 900 орчим сая төгрөгийн зардлыг шийдсэн. Энэ ажлаа хийж дуусаагүй байна. Энэ нь зарим аймаг өвс тэжээл татаж авах цэгүүдээ шийдээгүй байгаатай холбоотой. Бид өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг дүгнэж ярих ёстой. Өнөөдрийн байдлаар тэдэн төгрөг гэж тоо хэлэх боломжгүй. Хохирлын хэмжээ, хэчнээн аймгийн нутаг дэвсгэр хамрагдаад байна гэсэн тодорхой тоо гарч байж энэ асуудлыг шийднэ.

-Малчны хотонд өвс тэжээл хэдэн төгрөгөөр очиж байгаа вэ?

-Өвс тэжээлийн хувьд бүс бүсээрээ өөр байгаа. Төвийн бүсэд нэг боодол өвс 2500-3000 мянган төгрөг. Хорголжин тэжээл 8800 төгрөг, хэвэг 4400 орчим төгрөг байгаа. Гэхдээ хол ойроосоо шалтгаалж зарим аймагт нэг боодол өвс 4000 төгрөгт хүрсэн.

-Малчид өвс тэжээлээ зээлээр авах хүсэлт тавьж байгаа. Одоогоор ийм боломж байгаа юу?

-Өвс тэжээл зээлээр олгох асуудал яригдаагүй. Ер нь бол улсын нөөцийн цэг салбаруудаар өвс тэжээл худалдаал гэсэн чиглэл өгсөн байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.