МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг сонголоо
2012.07.25

МАН-ын даргаар Ө.Энхтүвшинг сонголоо

МАН-ын Бага хурлын VI хуралдаан өчигдөр шөнийн 24.30 цаг хүртэл үргэлжилж, намын даргаараа УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг сонгожээ. Санал хураалтын дүнд шинээр сонгогдсон МАН-ын дарга Бага хурлын гишүүдийн 89 хувийн саналыг авсан байна. Гэхдээ тэрбээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа шууд сонгогдоогүй юм байна. Тодруулбал, МАН-ын дарга асан, Ерөнхий сайд С.Батболдын хувьд МАН-ын даргад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн бол Дорноговь аймгийн МАН-ын даргын зүгээс УИХ-ын гишүүн асан Р.Рашийг намын даргад зүтгүүлжээ. Ингээд нууц санал хураалт явуулахад Бага хурлын гишүүдийн 89 хувь нь буюу 178 гишүүн Ө.Энхтүвшинд, 22 гишүүн Р.Рашид тус бүр санал өгсөн аж. МАН-ын дүрэмд зааснаар намын даргад нэр дэвшигч нь Бага хурлын гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн санал авсан нөхцөлд Их хурлыг зарлахгүйгээр шууд намын даргаар томилогдож болдог гэнэ.


Мөн намын дүрэмд зааснаар намын дарга нь намын ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх хүмүүсээ санал болгох ёстой аж. Энэ дагуу МАН-ын дарга Ө.Энхтүвшин генсекээ санал болгох ёстой ч тэрбээр “Бодох цаг хугацаа өгөх хэрэгтэй байна. Одоо шууд санал болгоход амаргүй байна” гэж үзсэний дагуу ерөнхий нарийн бичгийн даргын асуудлыг өнөөдөр эцэслэхээр болжээ. Бага хурал өнөөдөр 12.00 цагаас үргэлжлэх юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.