Дүүрэг дүүргэх ах дүү надад байхгүй, Эмзэг сэдвээр битгий улс төр хий
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2015.11.02

Дүүрэг дүүргэх ах дүү надад байхгүй, Эмзэг сэдвээр битгий улс төр хий

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг энэ долоо хоногоос хэлэлцэх гэж байна. АН-ын дарга нь, Сангийн сайд нь төсвөө танана, бүсээ чангална гэчихлээ. Эрх биш тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээ буурчихгүй биз дээ?

-Тэтгэвэр тэтгэмж хасах тухай ойлголт байхгүй. Одоогийн хүрсэн түвшнээс буурна гэж байхгүй. Харин хүрсэн түвшингээс нь ахиулах бодлого барина. Ер нь тэтгэвэр тэтгэмж өөрөө хуультай. Ахмадын тэтгэврийг гэхэд л тухайн жилийн инфляцын төвшинтэй уялдуулж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн санал, Статистикийн хорооны саналыг үндэслэн жил бүр Засгийн газар шинэчлэн тогтооно гэсэн хуультай. Тэгэхээр энэ хуулийн дагуу саналаа бид оруулна. Тухайн үед шийдвэр гаргаад явах байх.

-Сонгуулийн жилийн төсөв янз бүрийн популист амлалтуудаас хол байж чадах болов уу?

-Одоогоор хэлэлцээгүй байгаа төсвийн сайн, мууг хэлж мэдэхгүй байна л даа. Мэдээж нам, эвслийн бүлгийн хуралд янз бүрийн санал гарах л байх. Гэхдээ яаж ч байсан хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Орлого талдаа бололцоогүй төсвийг батлах тийм санал гарахгүй байх аа. Олох орлогынхоо хэмжээнд л зарлагаа баталж таарна. 

-Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гээд Засгийн газар сонгуулийн дараа есөн яамтай байхаар төсвөө боловсруулсан. Гэтэл ирэх нэгдүгээр сараас хэрэгжүүлэх ёстой гээд Ардын намынхан зүтгэлээ. Ерөнхийдөө Засгийн газар төсвөө буцаан татах нөхцөл үүссэн үү?

-Сөрөг хүчин өөрөө сөрөхийн тулд сөрөөд байна. Засгийн газрыг юм хийлгэхгүй нь. Шулуухан хэлэхэд өнөөдөр эд нарт муу бол бидэнд сайн гэдэг зарчмаар сөрөг хүчин ажиллаж байна. Улс орны эрх ашиг ард түмний эрх ашиг гэхээс илүү улс төрийн ашиг хонжоогоо нэгдүгээрт тавиад байгаа байхгүй юу. Өнөөдөр яам, агентлаг албан тушаалтны тоог цөөлье гээд өөрсдөө шүүмжилдэг хэрнээ ийм санал гаргахаар яг одоо хэрэгжүүл гээд дайрчихдаг. Шууд хэрэгжүүлэх боломж байхгүй гэдгийг тэд мэдэж байгаа шүү дээ. Мэдэж байгаа байж тулгаад л, шаардаад л. Арга буюу гаргасан санаачилгаа буцаан татъя л гэж байгаа ш дээ. Түүнээс биш бидэнд хийх хүсэл бий.

-Цаг хугацаа нь болоогүй байна гэж үү?

-Аливаа томоохон бүтэц зохион байгуулалт, өөрчлөлтийг дандаа дараагийн сонгуулийн дараагаас хэрэгжүүлэхээр баталдаг. Шууд батлаад тэр дор нь хэрэгжүүлээд эхэлнэ гэвэл төрийн тогтвортой байдал алдагдана шүү дээ.

-Гэхдээ халаа сэлгээ, доод ажилтнууд тогтвор суурьшилгүй байхын зовлонг та бол амсаагүй сайд шүү дээ.

-Би үзэхийн дээдээр үзэж байгаа. Засгийн газар тогтвортой ажиллахын үр дүн гэдэг юм заавал байх ёстой. Засгийн газрыг хэдий чинээ олон солино, төдий чинээ улс оронд хохиролтой. Нийгэмд сөрөг үр дагавар нь дандаа илэрч байдаг. Аливаа улс орны төр, засаг нь тогтвортой байж гадаад харилцаандаа нэр хүндтэй байдаг. Улс төрийн тогтвортой байх асуудал ялангуяа хөрөнгө оруулагчдад хамгийн чухал үзүүлэлт болдог.

-Засгийн газрын тогтвортой байдал Өршөөлийн хуулийг баталснаар алдагдчихлаа. “Шударга ёс” эвслийнхэн хамтарсан Засгийн газраас гарах нөхцөл үүсчихлээ. Засгийн газрын хувь заяа сайн ажиллах эсэхээс нь үл хамаараад “Шударга ёс” эвслийнхний гарт очлоо гэж байгаа...

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

-Тийм зүйл болно гэж яг одоогоор бодохгүй байна. Ер нь үлдэж байгаа хугацаагаа ч бодоод үзсэн эрүүл саруул ухаантай хүмүүс одоо засгаар оролдохгүй байх. Энэ хугацаанд Засгийн газрыг солиод юу хийх гээд байгаа юм. Ямар эерэг үр дүн гарах юм. Эсвэл хэн нэгнээс өс хонзон, хариу авах гээд байгаа юм уу. Тэгээгүй л юм бол Засгийн газраа тогтвортой ажиллуулаад харин илүү шахаж шаардаад илүү ачаалалтай, хариуцлагатай ажиллуулах л хэрэгтэй. Солиод яах юм, Сайханбилэгийн оронд дахиад нэг Сайханбилэг л гарч ирнэ. Дахиад л нөгөөхөө тойроод тал талаас нь мэрнэ. Тал талаас нь шүүмжилнэ, муулна. Тэгж байтал сонгууль болно. Эндээс ямар ч үр дүн гарахгүй. 

-Сайханбилэгийн оронд гарч ирэх хүн нь та юм биш үү?

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ

- Хэний шидсэн чулуу вэ гэдгийг би гадарлана шүү дээ. Хэн үүнийг зохиов, хэн дэгдээв гээд би гадарлаж л байгаа. Засгийн газрын тогтвортой ажиллах гол үзүүлэлт бол дотоод нэгдэл. Дунд нь чулуу шидэж хагалах гэсэн, бие биед нь хардлага сэрдлэг бий болгох гэсэн л оролдлого. Би энэ Засгийн газрын гишүүн, танхимаараа ажиллах зарчимтай. Надад бол Ерөнхий сайд болчихъё гэсэн ямар нэгэн амбийц огтоос алга.

-Хаанаас шидсэн чулуу юм бол?

-Хэний хэвлэлд, хэн бичиж байна гээд л харчих. Бид багадаа нэг дор өссөн улс. Надад их өсөрхөөд байдаг юм. Бодвол багад нь би зодчихсон юм шиг байгаа юм.

-Хэнийг?

-Бичүүлээд, өсөрхөөд байгаа хүнийг нь. Өөрөө ойлгоно биз.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв “Шонхор тауэр” болчихсон гэдэг яриа газар авлаа. Үнэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулан барилга барих газар тэр мөн байсан уу, бас ямар хөрөнгөөр боссон барилга вэ?

-Сонин, зурагт, сайтаар янз янзын л юм гарч харагдана лээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” бариулахаар Хятадын Засгийн газраас өгсөн тусламжийн хөрөнгийг хувьдаа завшиж, “Шонхор тауэр”-ийг бариулсан ч гэх шиг. Тийм юм гэж юу байх вэ дээ. 

Төртэй, хуультай улсад ийм юм хийгээд сууж байх бөх зүрхтэй хүн байх уу. Энэ бол цэвэр хувийн хөрөнгөөр барьсан барилга. Миний охины ажиллуулдаг сан өөрийнхөө үйл ажиллагааны чиглэлээр газраа авсан. Түүн дээрээ байшин барьсан. Авсан газар нь Хүүхдийн паркийн газар руу нэг сөөм ч ороогүй. Үүнийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-тэй холбох гээд үзээд байна. Ингэж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гор барьж намайг гүтгээд хэрэггүй л дээ.

Бид энэ арваннэгдүгээр сард Хятадын талтай хамтраад “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийнхөө шавыг тавихаар тохирчихсон байна. Баянгол дүүргийн XX хороо буюу Сонсголонгийн гүүрний хажууханд гурван га газрын асуудлыг нь шийдчихсэн. Одоо цэвэр, бохир усны шугам, дулааны дэд бүтцийнх нь ажлыг эхлүүлэх гээд явж байгаа. Ийм л юм болсон. Үүнийг мушгиж, гуйвуулж намайг харлуулах гээд янз янзын юм хийж байна л даа. Баянгол дүүргийг өмчиллөө гээд л.

-Баянгол дүүргийг Эрдэнийн вант улс, ИТХ таны хамаатнуудаар дүүрэн гэдэг юм билээ. Та тийм олон хамаатан садантай хүн үү?

-Намайг ах дүүгээрээ дүүрэг дүүргэлээ гэдэг юм. Надад тэгж дүүрэг дүүргээд байх ах дүү байхгүй. Эмзэг сэдэв ш дээ. Би чинь ганцхан дүүтэй, эхээс хоёулаа. Дүү маань 2004 онд бурхан болсон. Хүний эмзэг сэдвээр битгий улс төр хийгээд бай. Олуулаа байх юм сан гэсэндээ харин одоо долоон хүүхдийн аав болоод явж байна. 

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хамаатны дөрвөн хүн байдаг. Тэр хэдийг би битгий улс төрд ор гэлтэй биш. Өөрсдийнх нь л сонголт. Тийм биз дээ. Сүүлдээ Эрдэнэтэй хамт нийгмийн даатгалд ажиллаж байсан хүмүүс гээд жагсаагаад эхэлсэн байна лээ. Би ажиллаж байсан, тойргоос нь сонгогдсон дүүрэгтээ сайн ажиллаж байгаа нь юу нь буруу байгаа юм бэ.

-Бас Баянгол дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, сайд болоод маш их хөрөнгөжсөн. Хэд хэдэн цогцолбор, амралтын газар, хувийн сургуультай болсон гэж ярьдаг. Та хувийн бизнесээ хэзээ эхлүүлж байв. Одоо оролцдог уу?

-Би үндсэндээ 1995 оноос бизнест оролцохоо больсон. Талийгаач дүү маань л компаниа авч явдаг байсан юм. Одоо бол ээж, хүүхдүүд маань хариуцаж ажиллуулдаг. Нэг их том бизнес ч биш шүү дээ. Амралтын газар, нэг сургууль гэсхийгээд л боллоо. Би сайд, дарга болоод овойж оцойтлоо баяжсан юм байхгүй ээ. Мэдэх хүмүүс нь бол намайг мэднэ. Анх 1989 онд Багшийн дээд сургуулийн цайны газрыг түрээслэж бизнесээ эхлүүлж байлаа. Дараа нь IV цахилгаан станцын тэнд токарийн цех ажилуулсан. Бас Сталины номын сангийн тэнд өрөө түрээслэж оёдлын цех ажиллуулж үзсэн.

-Тэр үеийнхний олонх нь ганзагын наймаанд явдаг байсан. Та явж байв уу?

-Би ер нь бусад хүн шиг 1990-ээд онд ганзагын наймаа хийж яваагүй юм ш дээ.Токарь, оёдол гээд сонин юм хийж явсан байдаг юм. Сүүлд “Нөхөрлөл” сангийн аж ахуйн тэнд 7000 төгрөгөөр айлын өвөлжөө худалдаж аваад 400 хургатай хонь авч байлаа. Харин 1992 оноос Германаас машин оруулж ирдэг болсон доо.

-Германаас машин оруулж ирэх чинь тухайн үедээ их эрсдэлтэй ажил байсан юм биш үү. Оросын мафиудад дээрэмдүүлэхээс эхлээд л...?

-Тэр ч тийм л дээ. Гэхдээ эхэн үедээ гайгүй байсан. Оросууд эхэндээ мэдээгүй байсан хэрэг л дээ. Сүүлдээ монголчууд ингэж машин зөөгөөд байна гэдгийг мэдчихээд янз янзын хэрэг их гардаг болсон. Надад хоёр ч удаа тийм асуудал тохиолдож байлаа. Бид Германаас Москва хүртэл унаж авчраад нааш нь Улаан-Үд рүү галт тэргэнд ачуулдаг, тэндээсээ Монголын хил рүү “хөлөөр” нь оруулж ирдэг байсан юм. Нэг удаа гурван цагдаа биднийг цаг гаруй саатуулаад явуулж өгдөггүй. Гуйж гуйж, сүүлдээ 20, 20 доллар, баахан сэтгүүл өгч байж салдаг юм. Тэгсэн нөхдүүд замд отох хүмүүстээ бэлтгэлээ базаах цаг хожиж байсан юм билээ л дээ.

Хөдлөөд жаахан явж байтал хамт явсан залуу маань гэнэт зогсоод буугаад ирдэг юм. “Энэ нэг л биш. Өмнө нь надтай яг ийм явдал тохиолдсон. Хэдүүлээ туслах замаар явья” гэлээ. Бид “тойрч цаг алдаж байхаар шууд явья” л гэлээ. Тэгээд “За замд ямар нэг юм болбол ерөөсөө зогсохгүй шүү” гэж тохироод цааш хөдөлсөн. Тэгсэн удалгүй том ачааны автомашин хөндлөн зогсоогоод зам хаачихсан хэдэн орос тосч байдаг юм. Тэрүүхэн тэнд нэг машин чүү багтах зай харагдсан. Түүгээр нь урд явсан залуу маань дайраад л гарлаа. Бид ч ар араасаа цуваад л тэр зайгаар нь дайрчихсан. Хамгийн сүүлийн машин нэг мөргүүлж аваад л гарсан даа.

Нөгөөдүүл чинь араас хоёр машинтай хөөдөг юм. Тэр үед оросууд унаа муутай, нөгөө муу “Лада”,” Волга”-тайгаа л байлаа шүү дээ. Бидний араас хэсэг дагаж байгаад л гүйцэхгүй хаяж байгаа юм. Харин сүүлийн тохиолдол их эвгүй байсан. Бид гурвуулаа явж байтал бас л ачааны тэрэг хөндлөн зогсоочихсон буутай цагдаа нар таарсан. Дөхөөд ирсэн чинь нэг л биш ээ. Эвгүй эвгүй царайтай нөхдүүд тойроод зогсчихсон байсан юм. Тэгэхээр нь нөгөө хоёртоо дохио өгч анхааруулаад тэр чигтээ давхичихсан. Тэгсэн нөгөө цагдаа нар чинь араас АКА-гаар шүршдэг юм. Золтой л оногдчихоогүй шүү. Бодвол цагдаагийн дүрэмт хувцас өмссөн дээрэмчид байсан байх. Би иймэрхүү маягаар л хөдөлмөрлөж байж “Молор трэйд” компанийг хөл дээр нь босгосон юм шүү дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг гэнэт нэг өдөр бий болсон юм биш. 10-20 жилийн минь хөдөлмөр шингэсэн зүйл.

-Бизнес эрхэлдэг, түүгээрээ овоглодог улстөрч цөөнгүй бий л дээ. АПУ-гийн Г.Батхүү, “Женко” Х.Баттулга, Голомт”-ын М.Зоригт, МСS-ийн Л.Энх-Амгалан гэдэг ч юм уу. Таны хувьд “Молор трэйд” гэдэг нэрээр нэг их овоглогдоод байдаггүй санагдах юм.

-Хүмүүс л шагайн чинээ юмыг уулын чинээ болгож яриад байгаа болохоос би тийм айхтар нэрийнхээ урд бичүүлэхээр том бизнес энэ тэр эрхэлдэг хүн биш л дээ. Аав минь дүү бид хоёрт “Хүүхдүүд минь архи, алт хоёроос хол яваарай” гэж захисан. Аавынхаа сургаалиар архи үйлдвэрлэж, алт ухдаг бизнес эрхэлсэнгүй. Аль болох хүнд тус болох бодитой буянтай ажил үйл эрхэлье л гэж санаж явсан. Ахмадын амралтыг чинь анх талийгаач дүү минь санаачилж, газрыг нь хөөцөлдөж байж аваад нэг хоолны газар, хэдэн гэр барьж үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Сүүлд ахмадуудаа баталгаатай хоол, хүнсээр хангая гээд 60 үнээний ферм, хэдэн цөөхөн малтай аж ахуй байгуулсан.

Ер нь бол 1992 онд “Молор трэйд” компаниа байгуулж, 1995 онд албан ёсоор дүүдээ шилжүүлж өгөөд өөрөө улс төр рүү орсон доо. Анх “Молор трэйд” биш “Молор-Эрдэнэ” гэсэн нэртэй байсан юм. Энэ бас их сонин түүх л дээ. С.Зориг бид хоёр гэр бүлийн найз байсан юм. Нэг удаа тэднийд сууж байгаад “Шинээр байгуулж байгаа аж ахуйдаа ямар нэр өгөх вэ” гэсэн чинь тамхиа татаж нэлээд удаан бодож сууснаа “Эрдэнэ ээ, чиний чулуу чинь юу билээ” гэдэг юм. Би ч тухайн үед ивээл чулуу энэ тэр гэсэн юм мэддэггүй байсан болохоор “Юун чулуу” л гэлээ.

Тэгсэн “Энэ оросууд ивээл чулуундаа их ач холбогдол өгдөг юм билээ. Чи сонирхоод үзээрэй” гэсэн юм. Энэ зөвлөгөөнийх нь дагуу ламд очиж үзүүлсэн чинь “Чиний ивээл чулуу Молор юм байна” гэсэн. Ингэж л анх “Молор-Эрдэнэ” компаниа байгуулж байлаа. Сүүлд “Эрдэнэ”-ийг нь аваад “Молор трэйд” болгосон юм. Одоо энэ компанийг ээж, хүүхдүүд маань авч явдаг. Ингэж л олон жилийн хөдөлмөрөөр боссон зүйлийг надтай холбож, дарга, сайд болоод гэнэт бий болсон зүйл гэж ярих нь утгагүй л дээ. “Гурван тамир” сургуулийг ч гэсэн анх “Өргөө”-гийн ард автомашины задгай зогсоол байсан газар л барьсан. УИХ-ын гишүүн асан Ономоогийн Энхсайханыхаа компаниар бариулж байлаа.

-Ардчилсан хүчний холбоо гэж байгууллагыг та тэргүүлдэг. АН фракцгүй болно гэж зарлачихаад Ардчилсан хүчний холбоо, “Шонхор” гэсэн ганцхан том фракцтай боллоо. Намаасаа том фракц мэндэллээ гэсэн ярианд ямар хариулт өгөх бол?

-Боль л доо та нар. Хаа байсан Оюутны холбоог ч юм уу, Залуучуудын холбоог ч юм уу аль нэг намын бааз суурь гэж нэрлээд байвал ямар байх юм. Тэрэнтэй адил Ардчилсан хүчний холбоо гэдэг бол бие даасан төрийн бус олон нийтийн байгууллага. Бүх аймаг дүүрэгт бүтэцтэй. Тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Байгуулагдаад таван жил болж байна. Үүнийг аль нэг намын фракц болгож харах гэж байгаа бол тийм юм байхгүй ээ. АХХ-ны өөрийн үндсэн зорилго, дүрэмд ч байгаа. АХХ бол клубийн зарчмаар зохион байгуулагдана, Монголоо шинэчлэх хүсэлтэй, ардчилсан үзэл санааг дэмждэг хэн болгонд үүд хаалга нь нээлттэй гэж.

Ямар нэгэн намын харьяалал, намын угшил харгалздаггүй. Аль ч намын ямар ч хүн байгаад АХХ-ны зорилго мөрийн хөтөлбөрийг дэмжиж байгаа бол элсэж хамтарч ажиллах боломжтой. Мянга мянган гишүүн дотор нам бусчуул ч байгаа, намын харьяалалтай хүмүүс ч байгаа. Тийм учраас энэ холбоог аль нэг намын фракц гэж ойлгож болохгүй. Зохион байгуулалтын бүтэц нь клубийн зарчмаар ажилладаг. Манайд бүртгэлтэй 150-иад клуб байна. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 70-80-аад клуб байгаа. Энэ дотор уул уурхайн салбарынхан, эмч нарын, эдийн засагчдын клуб гээд байдаг.

Тэр дотроо улс төрийн клуб нь “Шонхор”. Улс төрийн клуб нь илүү идэвхтэй ажилладаг юм байна л даа. Нийгэмд энэ клубийн үйл ажиллагаа нь илүү хүрдэг, олны танил хүмүүс байдаг. “Шонхор” клубт гэхэд УИХ-ын найман гишүүн байна. Энэ утгаар нь хараад аль нэгэн намд наах гэж оролддог юм шиг байгаа юм. Гэтэл бид жил бүр бид дөрвөөс таван аймгийн дунд бүсчлээд бүсийн сургалтууд зохион байгуулдаг. Нэг бүсийн сургалт гэхэд хамгийн багадаа 600-800 төлөөлөгчийг хамруулдаг. Гэхдээ энэ хэд чинь төлөөлөөд ирж байгаа хүмүүс шүү дээ. Таван жилийн хугацаанд 19 удаагийн бүсийн чуулган зохион байгуулсан. 20 дахь чуулган нь арваннэгдүгээр сард нийслэлийн бүсийн чуулган болно.

-Зорилго нь яг юу юм бэ?

-Тухайн бүс нутагт тулгамдаж байгаа нийгэм эдийн засгийн асуудал юу байна. Хийж байгаа бүтээн байгуулалт юу байна. Шинэчлэлийн зарчим нь юу юм гэдэгт хариулт олохыг хичээдэг. Дээр нь сургалтууд зохион байгуулдаг. Жижиг дунд үйлдвэрийн зээл яаж авах вэ, яаж зарцуулах вэ ч гэдэг юм уу. Гишүүдийнхээ оролцоог идэвхжүүлэх гээд өөрсдөд нь хэрэгтэй маш олон сургалт зохион байгуулдаг.