Надад хийсэн хэрэг байхгүй
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2015.11.06

Надад хийсэн хэрэг байхгүй

УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдөр өглөөнөөс эхлээд намайг АТГ хайж байна, хорих гэж байна, яамаар нь хайж очиход алга байсан гээд хэвлэлээр янз бүрээр бичлээ. АТГ-аас албан ёсоор намайг шалгаж дуудаж байцаасан зүйл байхгүй. Үүнтэй холбоотой АТГ-т албан бичиг хүргүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд би та бүхэнтэй хамтарч ажиллаж улс төрийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс аливаа асуудал хандаж байгаагүй. Цэвэр шударга зарчимч  байр сууринаас өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ирсэн. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийллээ гэж шалгадаггүй юм бол надад хийсэн хэрэг байхгүй.

Хийсэн хэрэг, барьцаалагдсан хууль бус үйлдэл байхгүй тул шалгуулахад хэзээд бэлэн. Аливаа хууль бус үйлдэл ашиг сонирхлын фракцын эсрэг зарчимч байр сууринаасаа урвахгүй. Ард түмнээсээ хулгайлсан, худлаа хэлсэн зүйл байхгүй. Нийгэмд шударга үнэнийг тогтооход өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явах болно" гэв.

-Таны хувьд 461 дүгээр хорих анги дээр очсон уу?

-Үгүй. Очоогүй.

-АТГ-т очсон уу?

-Шийлэгдамба сайдыг баривчилсантай холбоотой АТГ-т очиж удирдлагуудтай уулзсан юу болсон талаар тодруулахаар очсон. 15 цагийн үед баривчилсан байхад бид 22:00 цагт мэдсэн. Намынханд нь ямар ч мэдээлэл байгаагүй учраас удирдлагуудаас нь бодит мэдээлэл авахыг хүссэн. Харамсалтай нь нэг ч хүн байгаагүй. Ажлын бус цаг байсан учраас ойлгомжтой байх. Гэхдээ удирдлагууд нь дотор байгаа мэдээлэл байсан ч уулзаж чадаагүй. 

-Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-АТГ-ын удирдлагууд, Шийлэгдамба сайдтай уулзаагүй учраас ямар ч мэдээлэл алга. Сургаар сонсоход жолооч, туслах, газрын дарга нар гээд бүгдийг нь баривчилсан гэсэн. Цэвэр улс төрийн захиалга, явуулга гэж үзэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх хүн алга. УИХ-ын гишүүд аливаа газарт орж мэдээлэл авах боломжтой. Гэтэл өнөөдрийн байдлаар АТГ-аас ямар ч мэдээлэл авч чадаагүй байна.

-Өнөөдөр өглөө Тусгай хяналтын дэд хороо яаралтай хурал зарлаж хуралдсан байсан. Тусгай хяналтын дэд хороо аливаа нэг гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдсөн тохиолдолд хуралддаг. Тодруулбал тантай холбоотой асуудлаар хуралдсан гэсэн хэр бодит мэдээлэл вэ?

-Тусгай хяналтын дэд хороо төсөв хэлэлцэх үед хуралддаг. Энэ хороогоор АТГ, Тагнуулын байгууллагын төсвийг хэлэлцдэг.