Б.Бат-Эрдэнэ: Бахардталаа барилдах эр, уралдах морь хоёр зөвхөн Монголдоо
2009.07.20

Б.Бат-Эрдэнэ: Бахардталаа барилдах эр, уралдах морь хоёр зөвхөн Монголдоо

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Далай даян дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Сайхан наадав уу, та? Хаагуур наадамлав?

-Сайхан, сайхан. Сайхан наадам боллоо. Ийш тийшээ явсангүй. Хаврын чуулган завсарлах гээд ажил төрөл ихтэй байгаа учраас гадагш дотогшоо хол явж чадсангүй. Хаврын чуулганаар Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлууд, миний санаачлан өргөн барьсан Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал хайхыг хориглохтой холбоотой хуулийн төслүүд хэлэлцэгдэж байна.

-Наадмын өнгө ямар байв?

-Төрийн баяр наадам маань нэн эртний түүх уламжлалтай, Монгол түмний хосгүй баяр юм. Тийм учраас Монгол түмнээрээ төрийнхөө баяр наадмыг бэлгэшээж, баяр бахдалтай, сэтгэл зөвтэй, ерөөлийн сайхан бэлгэ дэмбэрлийн үгсээ хэлэлцэн, сэтгэлдээ сайн сайхныг агуулцгаан сайхан наадлаа, бид.

-Шинэ залуу бөхчүүдээс энэ л цааш явчих юм байна шүү гэж таны нүдэнд торсон залуус байв уу?

-Бөхчүүд маань сайхан барилдаж, наадамчин олноо баясгалаа.

-Амралт чөлөөт цагаа та хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Би УИХ-д сонгогдсоноосоо хойш амралтын өдөр тун бага гардаг болсон доо. Амралтын өдрүүдээрээ орон нутаг, тойрогтоо очдог. Эсвэл Улаанбаатар хотдоо олон нийтийн ямар нэг арга хэмжээтэй л байх юм байна шүү. Бид “Хан Хэнтийн аварга дэвжээ” гээд бөхийн гал байгуулсан. Cap бүрийн ням гаригт бөхийн барилдаан зохион байгуулдаг. Оюутан залуучуудын уулзалт, спортын тэмцээн наадам зохион байгуулах гээд бямба, ням гаригт гадуур ажилтай байна. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байх цаг зав маш бага шүү. Гэрийнхэнтэйгээ хамт байх тохиолдолд найз нөхөдтэйгээ нийлээд агаар салхинд гарна аа. Манай гэр бүлийнхэн өмнө нь наадмын бэлтгэлд зургаадугаар сард гардаг, наадмын дараа нутагтаа очиж, ах дүүс нартайгаа уулзаад сургууль эхлэхийн өмнө нийслэлдээ ирдэг байлаа.

-Та номонд хэр хорхойтой вэ? Улстөрч болсноор таны ширээний ном ч өөрчлөгдсөн байх?

-Бидний үеийхэн ч номонд их шимтдэг байлаа. Сонгодог уран зохиолыг маш их уншдаг байсан. Одоо ч ном унших дуртай. Г.Пүрэвбат ламын философийн чиглэлийн номыг алгасахгүй уншина. Манай ээж намайг эгчид маань “Номоо барьсан байна. Одоо юм хэлээд ч нэмэргүй” гэж ярьдаг байсан гэдэг. Бидний аав ээжүүд хүүхдээ номтой нөхөрлүүлэхэд санаа тавьж байсны илрэл болов уу. Одоогийн хүүхдүүд телевиз, интернэт гээд асар их мэдээллийн дунд байгаа нь бас тиймхэн юм уу даа гэж боддог. Гадаадад ном уншлагын танхимыг маш сайхан тохижуулсан байдаг. Барууны улсууд биднээс түрүүлээд техник технологийн хөгжлийг мэдэрсэн хэрнээ номтой асар их нөхөрлөж байна.

-Гэр бүлийн асуудлыг улс төрчид их хөндөх боллоо. Гэр бүл бат бөх бус байгаа нь эрэгтэйчүүдийн боловсролтой холбоотой ч гэх юм. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Монголчууд өрх гэрийг төрийн анхан нэгж гэж үздэг шүү дээ. Тэгээд өрх гэрийн тэргүүн болсон эр хүнд анхаарал тавьж ирсэн. Гал голомт залгах нуган үрийг асар их хүндэлж, хүн болгодог байлаа. Багаас нь эрүүл чийрэг бие бялдар, зөв ухаан, хүмүүжил олгохыг эрхэмлэж ирсэн ард түмэн. Нэг хэсэг үүнийгээ орхигдуулсан тал бий л дээ. Үүнд гаднын түлхээс ч байж мэдэх юм гэж боддог. Охидуудаа бодоё, хөвгүүд бол амиа аваад явна биз гээд ярьсан. Гэтэл хэдэн үеийн дараа гэр бүлийн хүрээнд ч, улс нийгмийн хүрээнд ч маш хүнд байдал бий болчихлоо. Энэ байдлыг бид богино хугацаанд залруулах шаардлага байгаа юм. Охид эмэгтэйчүүддээ эрчүүд маань гологдоод ирлээ. Эрэгтэй хүн бол хорвоогийн хамгийн хатуу хөтүүг авч явдаг хэрнээ хамгийн эмзэг заяаны улс юм байна шүү. Тийм учраас эрэгтэй хүнд тавих анхаарал халамж хэрэгтэй. Багаас нь л амьдралын, ажлын гар даах, үг даах хэмжээний болгомоор байна. Хөвгүүдээ өөд нь татаад ирвэл өрх гэр бүлийн бат бөх байдал, үр хүүхдийн аз жаргал, бүх юмны учир шалтгаан эв зохицолдоо ороод ирнэ.

-Та одоогийн залуучуудын хүмүүжил, боловсролыг чамлаад байна аа даа?

-Эрэгтэй хүүхдүүдээ огт анхаарахгүй хаясан учраас эрэгтэй хүүхдүүдэд эмэгтэйлэг шинж нь давамгайлаад эхэлсэн байна. Энэ эрэгтэйчүүдийг чинь харахаар юун амьдралын хатуу хөтүүг үүрч, эхнэр, үр хүүхдэдээ нөмөр нөөлөг болох нь битгий хэл хүний үг даахааргүй байна шүү дээ. Гэтэл охид нь нэлээд бадриун болж байна. Дорно дахины улс орнууд хөвгүүдийнхээ хүмүүжилд ямар их анхаарч байна. Тухайлбал Японд бид Асашёрюү Д.Дагвадорж, Асасэкирюү Дашням хоёрыг сургахаар аваачиж өгч байлаа. Тэгэхэд Мэтикю гэдэг сургууль зөвхөн сумо биш маш олон спортын төрлөөр бэлтгэдэг, дээр нь орчин үеийн техник, технологийн сургалт явуулдаг юм байна. Тэр хөдөө ууланд жижиг тосгон хэлбэрээр байрладаг сургууль байлаа. Энэ сургууль япон эрчүүдийг бие бялдар, сэтгэл оюуных нь хувьд хүн болгон хүмүүжүүлдэг юм билээ. Гэтэл манайд ийм чиглэлийн сургалт явуулдаг сургууль огт байхгүй. Манайд дээрх чиглэлийн сургалтын систем хэрэгтэй байна.

-Таныхаар жинхэнэ эр хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Монгол эр хүн гэдэг амьдралынхаа төлөө зүтгэдэг, чадал тэнхээ заяамал юм. Монгол түмний бүтээсэн түүх соёл, байгаль цаг уур, амьдралынх нь хэв маяг бүхий л зүйлтэйгээ уялдсан байдаг. Бахартлаа барилдах эр хүн, уралдах морь хоёр зөвхөн Монголдоо гэж гадаадын хүн ярьж байсныг сонссон юм. Үнэхээр эцсээ хүртэл зүтгэж чаддаг эр хүн жинхэнэ монгол эрчүүд юм. Гэтэл тийм хэмжээнд бэлтгэж чадахгүй байгаагаас өнөөдөр нийгэм хамт олны хүрээнд ч, өрх гэр бүлийн хүрээнд ч сөрөг байдал гарч ирж, эрчүүдийн маань нэр хүнд унаж байгаа тал байна л даа.

-Удахгүй чуулган завсарлах гэж байна. Та энэ жил хаагуур амрах төлөвлөгөөтэй байна вэ?

-Орон нутгаараа л явах биз дээ. УИХ-ын гишүүний ажил чинь ард түмнээ төлөөлж сууж байгаа учраас байнга л тэдэнтэйгээ сэтгэл нэгтэй байж, гарч байгаа хууль тогтоол шийдвэрийг олон түмэнд хүргэж, ярьж явах юм даа. Амьдрал дээр байдал ямар байгааг харж, сонгогчидтой ярина шүү дээ. Усны сав, ойн сан бүхий газар хайгуул хийхийг хориглох тухай хууль саяхан батлагдлаа. Энэ бол маш их ач холбогдолтой хууль юм. Байгаль орчноо хамгаалах чиглэлд том хувь нэмэр болно. Монгол орны нийт нутгийн байгаль орчны төлөв байдал маань маш хүнд нөхцөлд байна.
Дэлхий нийтийн дулааны хэм 0,75 градусаар нэмэгдэж байхад манайд гурван градусаар нэмэгдэж, төлөв байдал хүнд байна. Байгаль орчны байдал нөлөөлж байгаа зүйл уул уурхай байна. Алт эрдэс байгалийн хамгийн үзэсгэлэнт газар байдаг эд. Гол усны сав, ой мод, ус ургамал жигдэрсэн газраа зүй тогтлоороо байдаг. Гэтэл энэ алт эрдэнэсийг нь ухаад авахаар байгаль орчинд эрс өөрчлөлт гарч байна шүү дээ. Алт бол газрын гагнаас гээд огт хөнддөггүй байсан буурал дээдсийн маань ухаан агуу байжээ. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төрийн нэгдсэн бодлогоор хангаж чадсангүй. Энэ бодлогын алдааг засах том шийдвэр нь дээрх хууль боллоо гэж бид үзэж байгаа юм. Монгол улсын усны сав газрын 90 гаруй хувь нь энэ хуульд хамрагдах юм. Сүүлийн үед дотоодын аялал жуучлал хөгжиж, түүх соёлын дурсгалт газраар явдаг болжээ. Ингэж явж байхдаа байгаль орчноо бохирдуулдаггүй, ямар нэг хог новш тарьдаггүй, жижигхэн гадас газарт зоосон ч гэсэн сугалаад авдаг манай сайхан соёл байна. Бид энэ соёлоо орхигдуулсан улс. Одоо үүнийг барууныхан өвлөн авчээ. Манайд ч байгальдаа явж байхад барууны гээд байгаа манай эртний энэ соёл дэлгэрч байгаад би баяртай байдаг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.