Гадаад ажилчдын тоог 40 гаруй хувиар бууруулжээ
Манай улсад барилга хэмээх их айл үүсч хөгжөөд түүхт 90 жилийг туулжээ.
Энэ хугацаанд хамгийн бодитой хөгжиж буй салбарын нэг нь барилга болж чадсан юм. Монгол Улсын барилгын салбарын жилийн дундаж өсөлт хамгийн багадаа 6.1 хувьтай байсаар ирсэн гэдэг тоон үзүүлэлт бий. Сүүлийн таван жилд л гэхэд энэ салбар ДНБ-ий таван хувийг тасралтгүйгээр бүрдүүлж байна. Одоо ч уналттай байгаа уул уурхайн салбарыг орлох хэмжээнд хүртлээ барилгын салбар эрчимжиж байгаа билээ.
Хамгийн олон хүнийг ажлын байраар хангадаг онцлогтой энэ салбарт өнөөдөр 100 гаруй мянган хүн ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулж байна. Энэ хэрээр нь өдгөө цагийг бүтээн байгуулалтын оргил үе хэмээн дүгнэгчид ч бий. Мөн хот барилгажиж, бүтээн байгуулалт өсөхийн хэрээр манай орны нөхцөлд тохирох, тохирохгүй барилгын материал импортолж, чанартай, чанаргүй байрууд олширлоо. Барилга дээр ажиллах хүчнийг дандаа гадаадаас авах юм. Дотооддоо мэргэжилтэй ажилтан бэлтгэе гэх мэтээр санал шүүмж гаргах нэгэн ч бий.
Энэ мэтээр салбарынхаа нарийн нандиныг ярьж хэлэлцүүлдэг “Барилгын салбарын удирдах ажилгны зөвлөгөөн" өчигдөр болж өндөрлөлөө... Жилдээ нэг удаа болдог тус зөвлөгөөнөөр барилгын салбарын ололт амжилтыг бататгахын сацуу алдаа оноогоо дүгнэж, цаашдын чиг хандлагаа оновчтой тодорхойлох, алсын хараатай ямар бодлого гаргахаа хэлэлцдэг юм.
Дэд бүтцийн тус салбарт Засгийн газраас ч ихээхэн ач холбогдол өгсөөр байна. Жилээс жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ, хамрах хүрээ нэмэгдэн аймаг бүрт 1000 айлын орон сууц, инженерийн дэд бүгэц, сумын төвийн шинэчлэл зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байгаа юм. Эдгээр төсөл хөтөлбөр нь үр дүнгээ өгч, ард иргэдээсээ эерэг дүгнэлт авч байна. Үүнд ипотекийн зээлийн хүүг наймаас зургаан хувь болгосон, түрээсийн орон сууц зэрэг олон хөтөлбөрийг нэрлэж болно.
Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ:
Нийгмийн даатгалын байгууллагын үүрэг, оролцоо их болсон
-Барилгын салбар үүсч хөгжөөд 90 жилийн ойтойгоо золгож байна. Гэвч хийж хэрэгжүүлэх олон ажлын төлөвлөгөө бидэнд бий. Ялангуяа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа энэ богинохон хугацаанд цаг нартай уралдан хийх ажил олон байна. Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулагчдыг татах, тэднийг дэмжих салбарын бодлогоо шинжлэх ухаанч байдлаар өнөөдрийн нөхцөлд үнэлж дүгнэж, яаж ажиллах вэ гэдгээ удирдах ажилтнууд ярилцлаа. Одоо удахгүй бүтээн байгуулалтын ид ажлын үе эхэлнэ. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй баидлыг хангах ажлыг нэлээд зохион байгуулна. Хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын баигууллагын үүрэг оролцоо маш их байгаа.
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
Цаашид дотоодынхоо мэргэжилтэй ажилтныг түлхүү авна
-Барилгын салбар бол Монгол Улсын хөгжлийг тодорхойлдог. Энэ салбар хөдөлмөрийн салбартай шууд хамааралтай. Мэргэжлийн ур чадвартай ажилтан залуусыг Хөдөлмөрийн яамны харьяа Политехникийн коллежид бэлтгэж байна. Өнөөдөр нийт 45 мянган оюутан залуус суралцаж байгаа. Тэднээс 17 мянга нь барилгын чиглэлээр суралцаж байна. Гадаадаас ажиллах хүч авдаг дийлэнх хувийг барилгын салбар эзэлдэг. 37 мянга хүртэлх тооны барилгачин гадаадаас авч байсан он жилүүд бидэнд бий. Өнөөдөр Хөдөлмөрийн яам бодлогоороо мэргэжилтэй дотоодын ажилтнаа бэлтгэж, гадаадаас ажиллах хүч авах тоо хэмжээг бууруулахаар ажиллаж байна. Цаашид дотоодынхоо мэргэжилтэй ажилтныг барилгын салбартаа түлхүү авч ажиллуулъя гэдэг бодлого барьж байгаа. Үүний үр дүнд энэ тоо өнөөдөр 40 гаруй хувиар буурсан.
Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан:
Борлуулалтад төрийн оролцоо шаардлагатай
-Өнөөдөр энэ салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь баригдаж дууссан орон сууцны борлуулалт. Үүн дээр төрийн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Ипотекийн зээл. түрээсийн орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтгэйгөө баригдаж буй бүх барилгыг уялдуулан ажиллавал эрэлтээсээ давсан нийлүүлэлт үүсэхгүй.
“БТ” компанийн ерөнхий менежер Б Түмэннаст:
Дадлага давамгайлсан аргыг сургалтад нэвтрүүлье
-Өнөөдөр эалуус диплом өвөртлөөд ирж байгаа ч мэргэжлийн шинжлэх ухаанч суурь мэдлэг маш муу байна. Юуны өмнө үүнийг сайжруулж засах хэрэгтэй. Сургуулиуд онолын мэдлэг олгож байгаа ч дадлага маш муу, шаардлага хангахгүй төвшинд байна. Наад зах нь тоосго өрж үзээгүй, ямар шат дамжлага технологиор барилга босдог вэ гэдгийг мэдэхгүй хүн диплом өвөртөлж ирээд шууд барилга дээр ажиллана гэдэг худал шүү дээ. Туслах ажилтан нэрээр бичиг цаас зөөх төдийгөөр хайран сайхан залуу нас цаг хугацаа үрэгддэг. Тиймээс бид сургалтын хөтөлбөрийг нэлээд өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Дадлага давамгайлсан аргыг нэвтрүүлэхгүй бол болохоо байлаа.
Энэ мэтээр тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус байгууллагын удирдах ажилтны төлөөлөл санал бодлоо уралдуулж, цаашид хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.