Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” өнөөдөр МҮЭСТО-нд амжилттай болж өндөрлөлөө.
Салбарын Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах ажилтнууд оролцож, илтгэл тавих, санал бодлоо солилцсон юм. Уулзалт зөвлөгөөний гол ач холбогдол нь салбарын удирдах болон ахмад ажилтнууд хоорондоо бодит мэдээллийг солилцох, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тэдгээрийг хамтран шийдвэрлэх гарцыг олох, нэг шийдэлд хүрэх явдал юм. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг энэ уулзалт нь төр болон хувийн хэвшлийг холбох чухал онцлогтой арга хэмжээ гэдэг билээ. 1998 оноос хойш тасралтгүй жил болгон зохион байгуулагддаг Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн энэ жил Барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойтой нэгэн цаг үед тохиож байгаагаараа онцлогтой болж байгаа юм.
Өнөөдрийн чуулга уулзалтанд “Барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв” сэдвээр Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, “Хот байгуулалт, хөрөнгө оруулалт”-ын асуудлаар Нийслэлийн хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, “Векселиэр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ” сэдвээр Сангийн яамны холбогдох мэргэжилтэн, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” сэдвээр БХБЯ-ны БЧААБГ-ын дарга З.Энх-Оргил, “Европын холбооны хэм, хэмжээ тогтоосон баримт бичгийг Монгол Улсын барилгын салбарт нутагшуулах боломж” сэдвээр БХТ-ийн захирал Б.Баярсайхан, Шинэчлэн батлагдсан “Барилгын тухай хууль”-ийн танилцуулгыг БХБЯ-ны БНААБГ-ын дарга Л.Чинзориг, “Барилгын материал үйлдвэрлэлийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудал” сэдвээр МБМҮХолббоны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар илтгэл тавьж, сэдвийн дагуух гол мэдээллийг зөвлөгөөний оролцогчдод хүргэлээ.