Хоёр орны парламентын тэргүүн уулзав
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Камбожийн парламентын бүлгийн дарга Ж.Батсуурь нарын хүмүүс манай улсад зохиогдож байгаа Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Камбожийн Үндэсний Ассамблейн дарга ноён Хэнг Самрин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Манай улсад зохиогдож байгаа Ази, Номхон далайн парламентын чуулганд Камбож улс ихээхэн ач холбогдол өгч оролцож буйд УИХ-ын дарга талархал илэрхийлээд эртнээс уламжлалтай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглэв. Мөн Зүүн өмнөд Азийн нөлөө бүхий орны хувьд Камбожи улс нь Монгол Улсыг АСЕАН-ын үйл ажиллагаанд оролцоход дэмжлэг үзүүлж ирсэнд талархалтай байдгаа дурьдав. Түүнчлэн хоёр орны парламент хоорондын уламжлалт харилцааг цаашид улам өргөжүүлж, парламентын бүлгүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны арга хэлбэрүүдийг бүрэн дүүрэн ашиглах нь чухал байгааг УИХ-ын дарга уулзалтын үеэр онцлов.
Ази, Номхон далайн орнуудын парламентын энэхүү нэр хүндтэй чуулга уулзалтад урьж, халуун дотноор хүлээн авч уулзаж буйд нь ноён Хэнг Самрин УИХ-ын даргад хариу талархал илэрхийлээд Камбожийн ард түмэнд ямагт дотно сэтгэлээр хандаж, ялангуяа 1979 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, үндэсний эвлэрлийн үйл явцыг байнга дэмжиж байсанд нь Монголын ард түмэнд баярлаж талархаж байдгаа хэлэв. Хоёр парламентын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлж, хууль тогтоох байгууллагын дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах, найрамдлын бүлгүүд, гишүүдийн хэлхээ холбоог улам ойртуулах сонирхолтой байдгаа тэрбээр онцлоод УИХ-ын даргыг тааламжтай цагтаа Камбожи улсад албан ёсоор айлчлахыг урив.
УИХ-ын дарга ч хоёр орны парламентын, тэр дундаа парламентын бүлгүүд, гишүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар Үндэсний Ассамблейн даргатай санал нэгтэй буйгаа дурьдаад урьсан явдалд талархал илэрхийлж, ноён Хэнг Самриныг тааламжтай цагтаа Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урив.