Канадын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл , УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүн Д.Ганхуяг, Ц.Сэдванчиг нарын Монголын парламентын төлөөлөгчид манай улсад зохиогдож байгаа Ази, Номхон далайн парламентын 19 дүгээр чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн Канадын Парламентын Дээд танхим-Сенатын гишүүн, Канад-Монголын Парламентын бүлгийн дарга ноён Жозеф Дей, Доод танхим-Нийтийн танхимын гишүүн, ноён Брайон Вилферт тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ Канад, Монгол хоёр улсын тухайд хөгжлийн хувьд нэг нэгнээ ихээхэн дэмжин ажиллаж байгаа явдалд Канадын Парламент болон Засгийн газар, ард түмэнд нь бид талархах ёстой. Учир нь ардчиллыг дэмжих сүүлийн 20 жилд ялангуяа та бүхэн эхнээс нь бидэнд маш их тусалсан. Бидний хамтын ажиллагаа эдийн засгийн утгаар нь нэлээд үр дүнтэй хөгжиж байгаа гэж монголчууд үнэлдэг. Хөрөнгө оруулалтын хувьд Канад нь Хятад улсын дараа орж байгаа бөгөөд чухал чухал салбаруудад хөрөнгө оруулалт оруулж байна. Эдийн засгийн гол түшиг тулгуурын хувьд ийнхүү бэхжиж байгаа явдал манай хоёр орны цаашдын хөгжил, хамтын ажиллагааг нэлээд урагшлуулна гэж бодож байна. Парламент хоорондын хамтын ажиллагааны хувьд бид өндөр сэтгэгдэлтэй байдгаа эрхэм төлөөлөгчид та бүхэнд мэдэгдэхэд таатай байна. Танайд Канад- Монголын парламентын бүлэг ажилладаг бол манайд бас Монгол-Канадын парламентын бүлэг ажилладаг. Олон ч гишүүд уг бүлэгт харъяалагддаг. Цаашид манай хоёр орны харилцаа хөгжих ирээдүйн их төлөв байна. Өнгөрсөн оны 9 дүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд тус улсад айлчилж, Парламентын хоёр танхимын удирдлагуудтай уулзсан. Ноён Жозеф Дей таныг урьд Монголд айлчилж байсан болохоор бид бага зэрэг танина. Ер нь парламентын гишүүд аль болохоор бие биендээ айлчлах нь улс орнуудын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг гэж үздэг. Хоёр орны цаг агаарын нөхцөл байдал ойролцоо учраас манайхан өвлийн нөхцөлд танай барилгын технологийг авч хэрэглэх сонирхолтой байдаг. Түүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт танай орчин үеийн технологийг ихээхэн сонирхдог. Уул уурхайн хувьд та бүхэн илүү сонирхож байгаа байх, бид ч та бүхний хөрөнгө оруулалтыг сонирхож байна. Та нартай уулзаж байгаа энэ ялдамд тэмдэглэн хэлэхэд Монгол Канадын хамтын ажиллагаа ийнхүү өргөжиж байгаад сэтгэл хангалуун явдаг гэлээ.
Ноён Жозеф Дей хамтын ажиллагааны талаар найрсаг үг хэлсэнд УИХ-ын даргад талархал илэрхийлээд, 2003 онд Канад-Монголын парламентын бүлэг байгуулагдсанаас хойш тус бүлгийн нэр хүнд маш өндөр байдаг гэдгийг онцоллоо.
Өнгөрсөн хугацаанд Монгол болон Канадын парламентын төлөөлөгчдийн айлчлал гурван ч удаа тус улсад зохиогдсон бөгөөд засаг төрийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах үеэр ч гишүүд уулзалдаж байсан. Мэдээж хоёр орны Засгийн газар хооронд харилцаа өргөжихөд манай хоёр орны парламентчуудын хамтын ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон хэллээ.
Түүнчлэн хоёр орны харилцаагаа улам илүү сайжруулахыг чармайж байгаагийн баталгаа болгон, Канад улсаас Монгол улсад суух элчин сайд томилогдон ажиллаж байгаа. Энд биднийг ирснээс хойш Канад улсаас Монгол улсад томилогдон ажиллаж байгаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын өгсөн мэдээллээр манай хоёр орны харилцаанд визний асуудал нэлээд чухал байр суурь эзэлж байгааг танилцуулсан. Ойрын хугацаанд уг асуудлыг бүрэн шийдвэрлэж, зохицуулах боломжтой гэлээ.
УИХ-ын дарга хэлэхдээ, танай Дээд танхимын даргыг Монгол оронд айлчлахыг бид урьсан байгаа. Парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд юуны өмнө гишүүд хамтарсан уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар сайтар ярилцах нь чухал. Парламентын гишүүдийнхээ тавьсан саналыг дэмжин ажилламаар байна. Танай улсын фермерийн аж ахуйг, тэр дундаа мал аж ахуй, газар тариаланг бид нэлээд сонирхож байгаа. Хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хоорондох хамтын ажиллагаа хориод жилийн өмнө эхэлсэн боловч одоогийн байдлаар уул уурхайн түвшинд хөгжиж байна. Танай Дээд танхимын даргыг Монголд айлчлах үеэр парламент болон Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар баримт бичиг боловсруулмаар байна гэлээ.
Канадын Парламентын төлөөлөгчдийн тэргүүн, ноён Брайон Вилферт, дээр дурдсан визний асуудлыг шийдвэрлэхийн тулд визний материалыг хүлээн авах цэг байгуулж, Монголоос виз хүсэж байгаа хүмүүс заавал Бээжин явах шаардлаггүй болно. Харин манай айлчлалын бас нэг зорилго нь уул уурхайн чиглэлээр хамтран ажиллах талаар хоёр орны хооронд байгуулагдах хөрөнгө оруулалтын гэрээний тухайд харилцан хамгаалах тухай гэрээний асуудлыг урагшлуулахад хувь нэмэр оруулах явдал. Манай улсаас танайд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа хүмүүс юуны өмнө хууль эрх зүйн хувьд тогтвортой, баталгаатай байдлыг хүсдэг гэдгийг онцлон тэмдэглэв.