Ц.Даваасүрэн: 331 суманд 331 тэрбум төгрөг л зарцуулахад 331 үйлдвэртэй болох бололцоо байлаа
УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-2011 оны төсвийг улс тунхагласны баяраас өмнө оройжин хуралдаж гурван ч хэлэлцүүлгийг бөөндөж хийгээд баталлаа. Алдагдал асар их болж ДНБ-ий 9.9 хувьтай тэнцлээ дээ?
-Засгийн газар 2011 оны төсвийн төслийг боловсруулж анх өргөн барихдаа хөрөнгө оруулалтын зардлыг хэт бага 76 тэрбум төгрөгөөр тусган, төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэхээр тооцсон байсан. Үүнийг УИХ-аар төсөв хэлэлцэх үед гишүүд нэлээд шүүмжилсэн учраас Засгийн газраас 2011 оны төсвийн төслийг буцаан татаж дахин боловсруулаад оруулж ирсэн. Засгийн газар дахин боловсруулаад оруулж ирэхдээ хөрөнгө оруулалтыг 500 гаруй тэрбум төгрөг байхаар тооцож, төсвийн алдагдлыг ДНБ-ий 8.6 хувьтай тэнцэхээр тусгасан байлаа. Төсвийн төслийн хэлэлцүүлгийн явцад зардал өсч алдагдал ДНБ-ий 9.9 хувь болж өмнөхөөсөө 1.3 хувиар нэмэгдэж батлагдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ холбогдолтой зайлшгүй шаардлагатай зардлуудыг нэмж тусгасан нь алдагдал өсөхөд нөлөөлсөн.
-Тухайлбал?
-"Монгол мал" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 27 тэрбум төгрөг нэмж орууллаа. Малаа эрүүлжүүлэн махаа экспортолно, малчдаа дэмжинэ, мал аж ахуйг хөгжүүлнэ гаж ийм том хөтөлбөр баталчихаад шаардлагатай хөрөнгийг нь тусгахгүй бол цаас болоод л үлдэнэ. Мөн хөдөөд ажлын байр бий болгох, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор сум бүрт хүн амын тоотой нь уялдуулаад 50-100 сая төгрөгийг олгох жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 17 тэрбум төгрөг нэмж тусгасан. Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг нь дэмжихэд зориулан улсын төсөвт төвлөрүүлэх орлогоос нь 11 тэрбум төгрөгийг нийслэлд үлдээхээр боллоо. Хэлэлцүүлгийн явцад алдагдал өссөн нь хоёр шалтгаанаас үүдэлтэй л дээ. Уул уурхайн орлогыг дагаад тухайн салбар, орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжсэн төсөв батлах шаардлагатай болсон. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт одоогоор 60 хувьтай байна. Үлдэж байгаа 40 хувийн ажлыг 2011 онд л хийхээс өөр аргагүй. 2012 онд УИХ-ын сонгууль болно. Тиймээс хугацаа бага учир 2011 онд тодорхой хөрөнгийг тусгах нь зүйтэй гэж үзсэн юм. Тэгэхгүй бол хөтөлбөр биелэхгүй болно шүү дээ. Засгийн газрын дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр ажил хэрэг болох нь эдийн засгийн хөгжлийг дэмжинэ, тодорхой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ, иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлөх болно.
- Өмнийн говьд барих цахилгаан станц, хойд хөрш рүү чиглэсэн төмөр зам, боловсруулах үйлдвэр байгуулах гэсэн том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт 2011 оны төсөвт суугаагүй. Үүнийг Хөгжлийн банк байгуулж санхүүжүүлэхээр салгажээгэж ойлгож болох уу?
-Энэ бүтээн байгуулалтын ажлыг хийх хөрөнгийг ирэх оны төсөвт суулгасан бол алдагдал гэж замбараагүй болно. Тиймээс Хөгжлийн банк байгуулж, санхүүжүүлэхээр үлдээлээ гэсэн үг.
-Санхүүжилтийг нь яаж босгох юм бол?
-Уул уурхайн салбараасаа мөнгө босгох бололцоо бий. Долоо хоногийн өмнө Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэх В болголоо. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол их хэмжээний зээл аваад урт хугацаанд найдвартай барагдуулах бололцоотой гэдгийг зарлалаа гэсэн уг. Мөн түүнчлэн олон улсын санхүүгийн зах зээл дээрээс мөнгө босгох боломж сайжирч байна гэсэн уг. Засгийн газар үнэт цаас гаргах болон ашигт малтмалынхаа ордуудын хувьцааг хөрөнгийн зах зээлд арилжаад мөнгө босгох бололцоотой. Манай Монголын гурван ч хувийн компани IPO хийгээд нэлээд хөрөнгө босголоо. Ийм байхад мөнгөгүй, том бүтээн байгуулалтыг өрнүүлэх боломжгүй гэж ярих нь утгагүй юм. Таван толгой зэрэг том төслийг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авч болно шүү дээ.
-Дэлхийн банкнаас нэг айхтар мэдээлэл цацлаа. Ийм их алдагдалтай төсөв баталбал инфляци 20 гаруй хувьд хүрч хамаг үр шимийг залгина, тэр хэрээр ядуурал тэлнэ гэж?
-Инфляцид нөлөөлнө гэсэн болгоомжлол гарах нь зүйн хэрэг. Их хэмжээний бэлэн мөнгө тараах учраас. Гэхдээ үүнээс бий болох нэмэлт эрэлтийг нийлүүлэлтээр нь зохицуулах ёстой. Нийлүүлэлт ямар нэг хэмжээгээр хоцорвол үнэ өснө. Манай улс импортын хэрэглээ өндөртэй учраас бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх чадвар, тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Энэ арга хэмжээг авбал үнэ айхтар өсөөд байхгүй л болов уу гэж бодож байна. Дэлхийн банк төсвийн алдагдал их байгаад шүүмжлэлтэй хандаж муу дохиолол гэж дүн шинжилгээ хийсэн байна лээ. Гадаадын хөрөнгө оруулагчид гурван гол үзүүлэлтийг хардаг. Инфляци нь өндөр үү, гадаад худалдааны болон төсвийн тэнцэл нь ямар байна гэж. Хэрвээ төсвийн тэнцэл нь алдагдал ихтэй бол татвараа нэмж магадгүй гэж болгоомжилдог. Гэхдээ ирэх оны төсвийг хараад гадаадын хөрөнгө оруулагчид тийм таагүй сэтгэгдэлтэй байхгүй байх. Учир нь Монголд их бүтээн байгуулалт эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Ямар ч улс орны бүтээн байгуулалт өрнөсөн үед төсвийн алдагдал өндөр байдаг юм. Манай улсад онцлог үе тохиож байна. Эдийн засгийн тэсрэлтийн он жилүүд эхлэх гэж байна.
-Хөрөнгө оруулалтад 532.2 тэрбум төгрөг тусгажээ. Үүний ихэнхийг юунд зарцуулах вэ?
-2011 онд Монгол Улсын төсвөөр 532.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийт хөрөнгө оруулалтын 86.2 хувийг барилга байгууламж барих, өргөтгөл шинэчлэлт хийх, 5.6 хувийг их засварын ажилд, 8.2 хувийг тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулахаар тусгалаа
. -Хүний хөгжил сангаас сонгуулийн амлалтыг биелүүлэхээр 805 тэрбум төгрөгийг тараах нь. Энэ мөнгөний хэд нь бодит эх үүсвэртэй юм бэ?
-300 тэрбум төгрөгийн орлого бодитой тооцоологдсон. 504 тэрбум төгрөгийг урьдчилгаа төлбөрөөр бүрдүүлнэ гэж төлөвлөсөн юм.
-Удахгүй Таван толгойн ордын оператор компанийг сонгон шалгаруулаад түүнээс урьдчилгаа төлбөр нэрээр 500 тэрбум төгрөг авч амлалтаа биелүүлэх нь дээ?
-Таван толгой зэрэг том төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөрийг авахаар тооцсон.
-Хэдэн төгрөг орж ирэх нь тодорхойгүй байхад мөнгийг тарааж өгнө гэж хуульчиллаа. Алаагүй баавгайн арьсыг хуулж аваад дээл хийнэ гэдэгтэй ижил биш үү?
-2011 оны төсөвт орох татваруудын орлого ч гэсэн тийм бизнес эрхлээд түүнээс нь тэдэн төгрөгийн татвар авна гаж таамаглал тооцооллоор бодогдсон байгаа. Түүнтэй ялгаа юу байгаа юм. Үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Уг төслийг хэрэгжүүлж эхлүүлэхээр Засгийн газрын тогтоол нь гарсан юм билээ.
-Иргэдэд ирэх онд cap 5үр 21 мянган төгрөгөө бэлнээр эсвэл нийлж хоршоод мөнгөөбөөнөөр нь авч бизнес эрхлэх хоёр сонголтыг олгож байна. Гэвч ах дүү, сум, багаараа хорших уу?
-Уул уурхайгаас олсон орлогоо ахиад импортыг дэмжээд Эрээнийг хөгжүүлээд л, Монголд болохоор хоол хүнс, өмсөх хувцас болж орж ирээд үлдэцгүй зарцуулагдах нь харамсалтай байгаа юм Байгалийн баялаг ахиж ургахгүй, нөхөн сэргээгдэхгүй. Тиймээс уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогоо эх орондоо бодит зүйл бүтээн байгуулахад зарцуулах нь чухал. Аль болохоор ажлын байр, орлого, бүтээмж, баялаг бий болгож ДНБ-ийг өсгөх, эдийн засгаа дэмжсэн чиглэл рүү зарцуулах ёстой. Би эдийн засагч хүний хувьд бэлнээр 703 тэрбум төгрөгийг бэлнээр тараах гэж байгаад дотор харанхуйлж л байна. Энэ мөнгөөр хоёр мундаг 100 мвт-аас дээш хүчин чадалтай усан цахилгаан станц барьчихна. Тэгвэл эрчим хүчний үнэ буураад илүү гарсныг нь өмнөд хөрш рүү экспортолж болно. Сум бүрт тэрбум төгрөгөөр нэг үйлдвэр барихад ажилгүйдлийн асуудлыг шийдэж иргэдийн орлогыг өсгөх боломж байна. Нэг тэрбум төгрөгөөр суманд гайхамшигтай гоё гурван ч бяслагны үйлдвэр барьж болно. 331суманд331 тэрбум төгрөг л зарцуулахад 331 үйлдвэртэй болох бололцоо байлаа. Иргэдэд 21 мянган төгрөгийг бэлнээр тараахад ямар ч бодитой зүйл үлдэхгүй биз дээ. Иргэд хоорондоо нийлж хоршоод жижиг үйлдвэр байгуулж ажиллах бололцоо олгож байгаа ч иргэдийн маань талаас илүү хувь нь ядуу амьдарч, банкны өр зээлэнд баригдсан болохоор бэлнээр л авах байх. Гэхдээ бүгдээрээ биш ч гэсэн хүн амын маань тал нь нийлээд жижиг, дунд бизнес эрхлээсэй гэж найдаж байна.
-УИХ-ын гишүүд л бодлогыг тодорхойлж байгаа шүү дээ, Та нар үр ашиггүй гэдгийг ойлгоод байгаа юм бол уучлаарай бид амлалтаа биелүүлэхээ больж үйлдвэрлэл хөгжүүлэхэд зарцуулахаар боллоо гэхэд ард түмэн ойлгоно доо. Дахиад сонгохоо байчихна гэж айгаад л ийм алхам хийхгүй байгаа биз дээ?
-Сургалтын төлбөр, банкны ер гээд олон төлбөр иргэдийг маань боомилчихсон байхад иргэд маань амлалтаа бэлнээр авах бодолтой байгаа. Амлалтаа хэрэгжүүлэхээ больё гэвэл төр, иргэний хоорондох итгэлцэл алдагдана. Жишээ нь, манайх таван ам бүлтэй тэгэхээр 7.5 сая төгрөг авна. Түүгээр тэгнэ, ингэнэ гээд эхнээсээ банкны зээл ч авчихсан байгаа шүү дээ.
-Ирэх оны төсөвт зэс, нүүрсний үнийг өндөр тогтоолоо. Гэтэл дэлхийн зах зээл дээр ханш унавал Монгол Улсын төсөв хүндэрч баларч мэдэх нь. Энэ эрсдэлээс хамгаалах халхавч бий юу?
-Төсөв зохиохдоо олон улсын санхүүгийн байгууллагуудын зах зээлийн судалгааг харсан байна лээ. Түүний дунджаар зэсийг 8425 ам.доллараар тооцсон. Одоогийн ханшаар зэс 8000 гаруйтай байгаа. Цаашид 10000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал бий. Хятад эдийн засгийн өсөлт үргэлжлэх учир эрэлт буурахгүй харин ч зэсийн ханш өсөх төлөвтэй гэж судлаачид дүгнэж байгаа. Солонгосын хойгт байдал хүндрээд эдийн засгийн хямрал болчихгүй бол алт, зэсийн үнэ айхтар унахгүй байх. УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан байгуулна. Зэсийн үнийг 8425 ам.доллараар тооцон тэнцвэржүүлсэн үнийг 5983 ам.доллараар авч үнийн зөрүүг нь тэр сандаа төвлөрүүлэх юм. Боловсруулсан нүүрсийг бас ингэж тэнцвэржүүлсэн үнээр тооцож байгаа. Тогтворжуулалтын санд нийтдээ 183 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр тооцлоо.
-Нөөцийн төлбөрийг авахаар хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр "Эрдэнэт"үйлдвэр овоо ашиг олж боловсруулах үйлдвэр барих хөг нь өнгөрлөө гэж Д.Дамба-Очир, Д.Зоригт гишүүн шүүмжилж байна?
-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Гэнэтийн ашгийн татвар үйлчлэхээ болино. Ингэснээр гэнэтийн ашгийн татвараар орох ёстой байсан 500 гаруй тэрбум төгрөгийн орлогыг авч чадахгүй болно гэсэн үг. Тиймээс өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг бий болгож 207 тэрбум төгрөг нь авахаар боллоо. Үлдсэн 300 орчим тэрбум төгрөг "Эрдэнэт" үйлдвэрт цэвэр ашиг болоод л үлдэнэ. Түүгээрээ зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, техник, технологио шинэчлэх бүрэн бололцоотой шүү дээ. Хэрэв энэ өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг бий болгохгүй бол үнийн өсөлтөөс бий болоод байгаа орлогыг алдана. Энэ нь үйл ажиллагаа явуулаад зардал гаргаад олж байгаа орлого биш. Түүнээс татвар авах нь зүйн хэрэг. Үнийн өсөлтөөс шалтгаалан шаталсан татвар ногдуулахаар тогтоосон. Зэсийн үнэ 9000 ам.доллараас дээш гарвал 18 хувь, 6000 орчим байвал 10 хувийн татвар авна гэх мэтчилэн шаталсан юм.
-Гэрээнд өөрчлөлт оруулан энэ татварыг Оюу толгой ХК-иас ч авна гэсэн саналыг гаргаад байгаа юм уу?
-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш батлагдаж байгаа болохоор үйлчлэхгүй л дээ. Гэхдээ яриа хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх боломжтой гэж Сангийн сайд С.Баярцогт мэдэгдсэн учир Өсөн нэмэгдэх нөөцийн төлбөрийг авдаг болгох асуудлыг сөхөх шаардлагатай гэж бодож байна. Ер нь уг гэрээг зайлшгүй сайжруулах ёстой.
-Та болон нэр бүхий гишүүд Оюу толгойн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан нь үүнтэй холбоотой юу?
-Оюу толгой төслийн талаар анхаарах зүйл байна. Хөрөнгө оруулагч дөрвөн тэрбум ам.долларын давуу эрхийн хувьцаа арилжаална гэж байгаа. Тэгвэл Монголын талын 34 хувь долоон хувь болох магадлалтай. Энэ асуудлыг зохицуулах шаардлагатай. Мөн УИХ-ын 57 дугаар тогтоолд ашигтай ажиллаад эхлэхээр Монголын хувийг 50 хувиас доошгүй болгоно гэж тусгасан. Энэ асуудалд хэр анхаарал тавьж байгааг тодруулахаар л асуулга тавьсан. Хариултыг УИХ-ын чуулган дээр өгөх ёстой.
-Оюу толгойгоос ирэх онд хэдэн төгрөгийн татварын орлого орохоор төсөвт тусгав аа?
- 164 тэрбум төгрөгийн татварын орлого орно гэж төлөвлөсөн. Үүнийг зарим гишүүд хөрөнгө оруулалт нь нэмэгдэж 6 тэрбум доллар болж байхад татвар яагаад өсөхгүй байна гэж шүүмжилснийг анхаарах ёстой.
-Гишүүдийн тэрбум төгрөгийг тусгаагүй нь үнэн биз дээ?
-Нууж хаасан зүйл байхгүй.
-Аймаг бүрт 800 сая төгрөг өгөхөөр хуульчиллаа. Энэ арай далдалсан хувилбар юм биш биз?
-Энэ хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь тухайн орон нутгийн шийдэх асуудал. УИХ-ын гишүүний ямар ч нөлөө байхгүй ээ.
-Улаанбаатар хотод хэдэн төгрөг төсөвлөв. Зам харгуйг нь янзлах овоохон мөнгө өгсөн биз дээ.
-68 тэрбум төгрөг тусгалаа. Зам засах гээд ирэх жил хотод бүтээн байгуулалт өрнөнө. Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн байгаа.
-Урсгал зардлаа танасангүй. Төрийн данхайсан бүтэц хамаг мөнгийг хамж залгиад байх юм. Та үүнтэй санал нийлэх үү?
-Бүтэц орон тоогоо оновчтой, цомхон болгох ёстой. Нэг дэд сайдтай болоод л байсан яагаад хоёр болгож байгаа юм гээд анхаарах зүйл бий л дээ. Нэг агентлаг хийж байсан ажлыг хоёр болгосон гээд шүүмжлэл дагуулсан асуудлуудыг эргэж харах ёстой.