Үнийн хөөрөгдлийн асуудлаар мэдээлэл хийлээ
Валютын ханш, шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөлт, энэ талаар цаашид авах арга хэмжээний талаар Төрийн ордны хуралдааны Г танхимд өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.
Хуралд Валютын ханш, бензин шатахууны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, АН-аас тус хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн Б.Батбаяр, С.Эрдэнэ нар оролцож, ажлын хэсгийнхнээс гаргасан санал дүгнэлтийг сэтгүүлчдэд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Нийгэмд тулгамдаад байгаа хамгийн гол асуудал болох валютын ханш, нефтийн бүтээгэдэхүүний үнийн өсөлт айл өрхийн амьдралд ямар ноцтой хохирол учруулж байгааг тооцохын аргагүй. Өргөн хэрэглээний барааны үнэ 10-15 хувиар өсөж, удахгүй болох цагаан сарын баяртай зэрэгцэн үнийн хөөрөгдөл явагдаж байна. Монгол банкны удирдлага маш хариуцлагагүй алхам хийж, ард иргэдийнхээ халааснаас алдагдлаа нөхөх амташсан аргаа ахин хэрэглэлээ. Нефть импорлогчид үүнийг нь ашиглан төрийн оролцоотойгоор үгсэн хуйвалдсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 144 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Өрсөлдөөний тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш “Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй үнэ тохирох” үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн “Бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Уг нь хууль батлагдсанаар энэ бүтцийг татан буулгах ёстой атал дээрх тушаалыг цуцлаагүй нь хууль бус явдал байсан. Тиймээс хууль зөрчсөн энэ үйл ажиллагааг таслан зогсоогоогүй салбарын сайдад хариуцлага тооцох ёстой” гээд үгсэн хуйвалдсан компаниудын нефть импортлох эрхийг цуцлах хүртэл хариуцлага тооцно гэж ярьж байсан Ерөнхий сайд өнөө хүртэл тэдэнтэй хариуцлага тооцоогүй байгааг шүүмжиллээ.