С.Эрдэнэ: Хүний хөгжил сангийн мөнгийг МАН өмчлөх эрхгүй
2012.05.11

С.Эрдэнэ: Хүний хөгжил сангийн мөнгийг МАН өмчлөх эрхгүй

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Намууд ирэх сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Монгол хүнийг ажилтай болгоно гэж танай намынхан амласан бол МАН хүний хөгжил, халамжийн чиглэлд анхаарах юм гэнэ. 2008 оны мөрийн хөтөлбөр хэр биелснийг аль аль нь огт ярихгүй юм?

-2008 онд ялсан нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Ялагдсан нь энэ үүргийг хүлээхгүй. Тэр утгаараа МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 46 суудал, манай нам 27 суудал авсан. Жишээ нь цөөнхийн гурван гишүүнээс танай мөрийн хөтөлбөр хэр биелсэн бэ гэж асууж болохгүй биз дээ.

-Хамтарсан Засгийн газар байгуулах үеэр танай намын дарга хоёр нам хамтарч мөрийн хөтөлбөр гаргалаа гэж тухайн үедээ ярьж л байсан. Одоо болохоор бид олонх биш. Бидэнд хамаагүй гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Олонх болсон нам нь урьсан учраас манай нам Засгийн газарт орсон. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөр бол тусдаа зүйл. Гэхдээ л хамтарсан ч мөрийн хөтөлбөр нь хангалттай хэрэгжээгүй. Тиймээс АН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж байгаагүй. Хэдийгээр цөөнх мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүрэггүй ч 2012 оны улсын төсөвт иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа буюу Эрдэнийн хувийн хувьцааг олгох ажлыг батлуулж чадсан. Энэ бол АН-ын 2008 онд сонгогчдодоо амласан мөрийн хөтөлбөр.

Газрын хэвлийд байгаа баялаг ард түмний өмч гээд Үндсэн хуульдаа заачихсан.

Үнэхээр ард түмний өмч мөн л юм бол  иргэн бүр хувь хүртэх эрхтэй. Түүнээс биш цөөн тооны олигархи хувааж идээд ард түмэн нь ядуу, өлмөн зэлмүүн амьдрах ёсгүй шүү дээ. Стратегийн 15 орд, түүнээс гадна дээрх ордын тоонд багтах магадлалтай 40 орд, нөөц нь бүрэн тогтоогдоогүй 400-500 орд гээд Монголын газар нутаг дээр ямар баялаг байна. Ер нь уул уурхайгаас олох баялгаас Монгол Улсын иргэд хувь хүртэх л ёстой. Таван толгойн 1072 хувьцаа бол эхнийх нь. Үүнээс гадна дараагийн ордуудын хувь хишиг олгогдоод явах ёстой. 1072 ширхэг хувьцаа авчхаар бүх зүйл дуусчих юм шиг ойлгох нь буруу.

-Тэгвэл иргэдэд олгож байгаа «Эх орны хишиг» бол МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжиж байна гэж ойлгож болох уу?

-МАН-ын хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр.

-Харамсалтай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад өгөх сая төгрөгөө одоо болтол олгож чадахгүй байна?

-Тийм ээ. Эхлээд нэг сая төгрөг өгнө гэж байснаа больчхоод гурав хувааж олгохоор болсон ч одоо болтол алга. Хэзээ өгөх гээд байгаа юм бэ, бүү мэд. Гэтэл ард иргэддээ 1.5 сая төгрөгөө өгч дуусаагүй байснаа дахиад 1.3 сая төгрөгийн цалин, Хүний хөгжлийн 21 мянган төгрөгийг үргэлжлүүлж олгоно гээд мөрийн хөтөлбөртөө амлачихлаа. Ийм замбараагүй юм ярьж болохгүй л дээ.

-Сонгууль дөхсөн учраас өрсөлдөгч намаа муу хэлээд авмаар санагдсан уу?

-Асуудлыг улстөржүүлэх хэрэггүй. Сонгуульд ямар ч үнэ цэнээр хамаагүй ялалт байгуулахын тулд юу ч хамаагүй амладаг. Ард түмнээр тоглодог улстөрийн жүжгийг зогсоох цаг болжээ. Ийм хариуцлагагүй улстөрийн намыг Монголын ард түмэн сонгохгүй байх хэрэгтэй. Боллоо шүү дээ, ханатлаа л хууртагдлаа.

-АН-ынхан хамтарсан Засгийн газарт байхдаа Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг олгохыг дэмжиж байсан. Одоо Хамтарсан Засгийн газраас гарсан хэдий ч дээрх нийгмийн халамжийг хавтгайруулахад хувь нэмэр оруулсан шүү дээ. Одоо болохоор шүүмжлэх нь зохисгүй санагдчихлаа?

-Хүний хөгжлийн сангийн 21 мянган төгрөг бол МАН болон АН-ынх ч биш. Үндсэндээ тухайн үед ярилцаж байгаад уул уурхай ашигт малтмалаас олсон баялгийг ард түмэндээ хэрхэн хуваарилах вэ. Хаана төвлөрүүлэх, юунд зарцуулах юм бэ гэдэгт нэлээн маргалдаж байгаад Хүний хөгжлийн сан байгуулах нь зөв. Уул уурхай ашигт малтмалаас олсон орлогыг санд төвлөрүүлээд хүний хөгжил рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийе гэж тохирсон. Харамсалтай нь хүний хөгжлийн чиглэлээр иргэдээ, хүнээ бүрэн утгаар нь хөгжүүлж чадсангүй. Тухайн үед миний ойлголтоор сургууль,   цэцэрлэг  биеийн тамирын талбай ч юм уу улс оронд ажлын байр нэмэгдүүлэх, томоохон аж үйлдвэрийн чиглэлийн ажлууд хийгдэнэ гэж ойлгож байсан. Гэтэл өнөөдөр Хүний хөгжил сан зөвхөн бэлэн мөнгө тараадаг газар болчхоод байна. УИХ-аас гишүүдийн бодож төлөвлөж байснаар хууль нь их зөв гарсан. Хуулийн хэрэгжилт л буруу яваад байна.

-Тийм бол аль нэг нам нь сонгуулийн шоу хийж, Хүний хөгжил сангаар олгогдож байгаа халамжийг өмчлөх эрхгүй юм биш үү?

-Хүний хөгжил сангийн тухай хуулийг тухайн үед УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилсан. Гэхдээ анхны үүрэг зорилго нь арай өөр байсан гэдгийг хэллээ. Яагаад гэвэл би энэ хуулийн төслийн санаачлагчдын нэг шүү дээ. Тиймээс аль нэг нам өмчлөх нь утгагүй.

-Өнөөдөр/өчигдөр/УИХ-ын чуулган дээр Д.Тэрбишдагва гишүүн төрийн тэргүүн байсан хүнд хүндэтгэлгүй хандлаа гэсэн утгатай мэдэгдэл хийлээ. Үүнийг гишүүд янз бүрээр хүлээж авсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй бага зэрэг үл ойлголцол үүсэх зэрэг үл ойлголцол үүсэх шиг боллоо. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?

-УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, Д.Тэрбишдагва нарын хооронд маргаан өрнөсөн юм билээ. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хувьд өөрийнхөө болон намынхаа байр суурийг илэрхийлсэн. Миний хувьд Монгол Улсын иргэн хэн ч бай хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг байр суурь баримталдаг.

-ЕрөнхийлөгчасанН.Энхбаярын талаар таны баримталж байгаа байр суурь гэж үү?

-Тухайн иргэний гэм буруутай эсэхийг шүүх л тогтооно шүү дээ. Хэн нэгэн албан тушаалтан, аль нэгэн улстөрийн нам үүнийг тогтоохгүй. Би ч гэсэн тухайн үед ийм нөхцөл байдалтай тулгарч байсан. Тэр ч бүү хэл УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ халаасалчхаад шүүх дээр очоод шүүгдэж л байлаа. Тэр үед хилс хэрэгт гүтгэгдэж, шүүх надад зургаан жил ял шийтгэл ногдуулсан. Шоронд гурван сар хоригдоход үнэхээр хэцүү л байдаг юм билээ. Сэтгэл санаа, ар гэр гээд бүх л юм дарамттай хэцүү. Гэхдээ эцсийн бүлэгт Дээд шүүх үнэн мөнийг нь тогтоосон. Надад хуулийн байгууллагад шалгагдаад, шүүхээс ял шийтгэл авч байхад үнэхээр хэцүү л байсан. Ямар нийгэмд амьдраад байна гэж бодох үе олон гарсан. Гэхдээ би шантраагүй. Манайхан заримдаа хэтэрхий туйлширч, хэн нэгнийг заавал ямар нэг зүйлтэй холбодог нь гэм биш зан.

-Гэхдээ тухайн үед нийгмийн зарим хэсэг нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор С.Эрдэнэ цагаадчихлаа гэдэг зүйл ярьж л байсан. Энэ тухай та сонссон биз дээ?

-Ер нь намайг янз бүрээр ярьдаг шүү дээ. Тухайлбал, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болоогүй байсан бол С.Эрдэнэ цагаадахгүй байсан гэдэг. Гэтэл Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болохоос өмнө би цагаадсан байсан шүү дээ. Тэгэхээр манайхан аливаа асуудлыг хэт туйлшруулж, заавал буруутгаж, хэн нэгэнтэй холбож тайлбарлах гээд байдаг. Тэгээд ч үүнд нэг их эмзэглээд ач холбогдол өгдөггүй. Энэ бол одоогийн ороо бусгаа цаг үед байдаг л зүйл.

-Нөгөө талаар төрийн тэргүүн байсан хүний хувьд хэтэрхий хүндэтгэлгүй харьцлаа гэдэгт ямар бодолтой байна вэ?

-Төр засгийн зүгээс тодорхой хэмжээнд хяналт тавьж анхаарлаа хандуулж байна гэж ойлгож байгаа. Ерөнхийлөгч Тамгын газрын даргаа уулзуулсан байсан. Гэхдээ мэдээж хоригдож байгаа хувь хүн гэдгээрээ бахархах зүйл биш л дээ. Хүний эрхэнд хоригдоно гэдэг сайхан зүйл биш. Тэр хүнд ямар байгааг хувь хүнийхээ хувьд маш сайн ойлгож байна. Хүнд хамгийн эрхэм зүйл нь эрх чөлөө байдаг. Гэхдээ миний бодлоор хэн ч бай, ямар ч нөхцөлд гэм буруугүй гэдгээ шүүхээр эцэслэн тогтоолгох ёстой. Гэм буруугүй гэх юм бол суллагдаад бусдын адил ажлаа хийгээд явна. Зарчим нь бол Н.Энхбаяр ч бай жирийн иргэн Бат, Доржоос эхлүүлээд олон хүн шүүх цагдаагийн хаалга татаж, шалгагдаж байна шүү дээ. Тэр бүхэнд хүний эрхийн комисс эрхийг нь зөрчиж байна гэж дуугараагүй л биз дээ. Мэдээж төрийн өндөр албан тушаалтай байсных нь хувьд хүндэтгэх нь зөв. Тухайн үедээ би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихсан, халдашгүй дархан эрх нь үүсчихсэн байхад шүүхийн өмнө зогсож л байлаа. Яагаад гэвэл хууль шүүхийн байгууллага дуудагдахад очоод мэдүүлэг өгөх нь иргэн хүний үүрэг. Энэ асуудлын тухайд аль аль талд нь алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Монгол ёсоо бодоход шүү дээ. Өнөөдөр П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр одоогийн Ерөнхийлөгч ч бай төрийн тэргүүн байсан утгаар нь хүндэтгэлтэй харьцах үүрэгтэй. Тэр талаасаа манай иргэдэд цочирдсон зүйл болсон. Аяндаа цаг хугацааны хувьд шалгагдаад нотлогдох зүйл юм даа.

-Н.Энхбаярын хувьд асуудлыг хурцатгаж өлсгөлөн зарлах нь зөв үү?

-Яагаад тийм шийдэлд хүрсэн гэдэгт дүгнэлт өгөх эрх надад байхгүй.

-ЕТТ-ын дарга Н.Энхбаяртай уулзсан нь нийгэмд эргэлзээ бий болгочихлоо. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж буруутан болох  гэсэндээ уулзуулсан гэдэг тайлбар дагалдах боллоо. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Өнөөдөр цагдаа хэний удирдлага дор байна вэ. ХЗДХ-ийн сайд л удирддаг биз дээ. АТГ-ыг УИХ-аар томилдог. Цагдаа, хүчний байгууллагыг ХЗДХЯ удирддаг. Энд Монгол Улсын Ерөнхийлөгч дангаараа оролцох боломжтой эсэх нь харагдахгүй байгааг ард түмэн эрх биш анзаарч суугаа байлгүй дээ.

Нийтлэлч
Б.Туяацэцэг
Эх сурвалж
Өглөөний сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.