Франсуа Олланд ялж, Саркози улстөрөөс үүрд явлаа
2012.05.08

Франсуа Олланд ялж, Саркози улстөрөөс үүрд явлаа

  • Энэ улсад сонгууль зохион байгуулах, явуулах, мөн санал тоолох үйл ажиллагааг Дотоод хэргийн яам хариуцдаг аж.
  • Ийнхүү сүүлийн 20 жилд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Францын Социалист намын анхны төлөөлөгч нь Ф.Олланд боллоо.

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Социалист намаас нэр дэвшсэн Франсуа Олланд ялсан хэмээн тус улсын  Дотоод хэргийн яамны сайд Клод Геан мэдэгдлээ.

Энэ улсад сонгууль зохион байгуулах, явуулах, мөн санал тоолох үйл ажиллагааг Дотоод хэргийн яам хариуцдаг аж. Сонгуульд Францын нийт 46 сая сонгогчийн 72 хувь нь оролцсон байна. Тэдний 53 хувь нь Ф.Олландыг дэмжиж, 47 хувь нь Н.Саркозид саналаа өгсөн талаар «Ройтерс» агентлаг мэдээллээ. Ийнхүү сүүлийн 20 жилд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Францын Социалист намын анхны төлөөлөгч нь Ф.Олланд боллоо.

Тус улсын одоогийн Ерөнхийлөгч Николя Саркози ялагдлаа хүлээн зөвшөөрч, улстөрөө орхихоор болсноо зарласан талаар «DAPD» агентлаг мэдээлэв. Н.Саркози «Их улстөрд би 35 жил зүтгэлээ. Одоо шинэ амьдралаа эхлэх болно. Францчуудын дунд жирийн франц хүн байхыг би хүсч байна» хэмээн мэдэгджээ. Дэлхийн улс орнуудын лидерүүд Францын сонгогдсон Ерөнхийлөгч Ф.Олландад баяр хүргэж эхэллээ. Германы канцлер Ангела Меркель түүнийг хэлэлцээр хийхээр Берлинд ирэхийг урьсан бол тус улсын Гадаад харилцааны сайд Гидо Вестервелле «Энэ бол Олландын түүхэн ялалт. Франц, Герман хамтран евро бүсийн өрийн хямралтай тэмцэнэ» хэмээн мэдэгдэв. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон хоёр орны харилцаа бэхжинэ гэдэгт найдаж буйгаа дуулгасан бол АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама утсаар Ф.Олландтай ярьж, «Их найм», НАТО-гийн саммитын өмнө Цагаан ордонд зочлохыг урьжээ. Түүнчлэн Испани, Итали, Канадын төрийн тэргүүнүүд ч мөн Ф.Олландад баяр хүргэсэн байна.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.