Босоо бичгийн боомилогдсон хувь заяа
"...Цагаан цаасан дээр бичсэн хөх бичгээ ургийн урагт бүү егүүтгэсүгэй! Егүүтгэсэн нь алдартугай!". Одоогоос 800 жилийн тэртээ эзэн Богд Чингис хаан Их Монгол Улсаа байгуулж, үндэсний босоо бичгийг төрийн бичиг болгон таалан соёрхохдоо "Босоо бичгийг хэзээ ч бүү халж, устга. Устгасан хүн ял зэмд унах ёстой" гэсэн санааг ийнхүү нэгэнтээ тунхаглажээ. Гэтэл өнөөдөр Их Монгол Улсынхаа 800 жилийн ойг тэмдэглэж, эзэн Чингис хааныхаа голомтыг сахиж буй Монгол Улс энэ гэрээсийг нь хэр биелүүлж байна вэ? 800 жилийн их ой хэмээн бүтэн жилийн турш сүр дуулиан болсон ч үндэснийхээ бичгийн талаар ганц ч үг ганхийсэнгүй.
Монголчууд яагаад босоо бичгээ халсан бэ. Феодалын үеийн хоцрогдсон бичиг, гадаад нэр томъёог тэмдэглэхэд хүндрэлтэй, бичлэг, дуудлага зөрүүтэй гэх мэт шалтаг нь тухайн үед үндэсний бичгээ халах шалтгаан болжээ. Энэ шалтгаан хангалтгүй юм. Учир нь бичлэг, дуудлага зөрүүтэй байх нь дэлхийн сонгодог хэлний дүр төрх аж. Тухайлбал, англи хэл л гэхэд мөн л ийм зөрүүтэй хэрнээ дэлхий нийтийн хэл болж байна.
Цаг үеийнхээ гэрч, учир мэдэх хүмүүсийн яриагаар бол Москвагаас МАХН-д зөвлөмж нэртэй тулгах бичиг иржээ. Гол агуулга нь монголчууд хуучин бичгээсээ салж Лениний үсгийг хэрэглэвэл социалист нийгэмд хөл тавьж, орос ах нартайгаа мөр зэрэгцэн хөгжил дэвшил өөд тэмүүлэхэд томоохон алхам болно гэсэн санаа байж. Энэ мэтээр лам, хуучин бичиг хоёр монголчуудын хөгжилд чөдөр болно гэдгийг сануулж байсан аж. МАХН ч энэ саналыг нааштай хүлээн авч, асуудлыг дор нь шийдвэрлэсэн байна. 1941 оны тавдугаар сард Намын төв хороо, Ардын сайд нарын зөвлөлийн хурлын тогтоолоор монгол бичгийг халж, оронд нь орос үсэгт тулгуурласан Монголын цагаан толгойг долоо хоногийн дотор зохиохыг Шинжлэх ухааны хүрээлэн, Ардын гэгээрлийн яаманд нэн даруй даатгах нь тэр. Ингээд л 1941-1942 оны хичээлийн жилд улсын хэмжээний Ерөнхий боловсролын 330 сургуулийн нэгдүгээр ангиас эхлэн шинэ монгол үсэг заах болж. Цэргийн албан хаагчдыг ч шинэ үсэгт сургахыг Батлан хамгаалах яаманд даатгасан байна.
Тухайн үед монгол бичгийг халж буйг буруушаан үг хэлэх хүмүүс байсан ч шоронд орж, хэлмэгдэгчдийн тоонд багтахаас айгаад дуугарч чадаагүй аж. Ийнхүү шинэ үсгийн соёл Монголын цөөхөн хүн амыг нэн даруй бүрхэж, сонинууд шинэ үсгийн булан хөтөлснөөр 1946 он гэхэд хүн бүр бичиг үсэгт тайлагдаж, "Ардын эрх", "Үнэн", "Хөдөлмөр", "Улаан Од" сонин шинэ үсгээр хэвлэгдэн гарах болов. 1950 он гэхэд 1000 жилийн түүхтэй монгол бичгийг бүрэн халж, дараачийнх нь 40 жилийн хооронд бичиг үсгээ бараг л мартсан байна. 1990 буюу Монголд ардчилсан хөдөлгөөн өрнөсөн жилийн тавдугаар сард Монгол Улсын анхны парламентын "Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай" нэртэй 36 дугаар тогтцол гарав. Уг тогтоол гарснаар улс орон даяар монгол бичгийг сурах хөдөлгөөн эрчимтэй өрнөж эхэлсэн. Албан газрууд дугуйлан байгуулж, радио телевизээр монгол бичгийн хичээл зааж, эмч нар хүртэл энэ бичгээ эрхэмлэж эхэлснийг бид мэднэ.
1991-1994 онд нэгдүгээр ангийн сурагчид үндэсний бичгээ сурч эхэлсэн. 1994 онд буюу МАХН парламентад 72 суудалтай байх үедээ Улсын бага хурлын 36 дугаар тогтоолыг хүчингүй болгох 66 дугаар тогтоол гэгчийг гаргалаа. Дараа оных нь зургадугаар сарын 25-ны УИХ-ын 43 дугаар тогтоолоор Монгол бичгийн үндэсний хөтөлбөрийг боловсруулахыг Засгийн газарт даалган баталсан. Ингээд л эхэлж байсан ажлыг унтрааж, нэг биш гуравдугаар ангиас үндэсний бичгийг заах болов. Эх орны үнэт зүйл, ард түмний оюуны охь болсон үндэсний бичгээ манайх шиг хойш тавьдаг орон энэ дэлхийд үгүй.
Өнөөдөр манай төр засгийн өндөрлөгүүд энэ бичгийн үндэсний өв гэдгийг нь хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь ч тодорхой бус байна. Үндсэн хуулинд нь "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн" гэж оруулжээ. Үүнд найруулгын засвар хийгээд "Монгол хэл, бичиг бол..." гэж тодотгохгүй байгаа учраас л маргаан үүсээд байгаа гэнэ.
Үндэснийхээ бичгийг нэгдүгээр ангиас нь заахыг татгалзаж байгаа нь мөн л хачирхалтай. 3-8 дугаар ангийн сурагчид монгол бичиг заалгаж байгаа нэртэй, сурсан ч юумгүй, сураагүй ч юмгүй зэрэмдэглээд орхиж байна. Долоо хоногт ганц удаа буюу 45 минут үзсэн хичээлийг тэд дараагийн удаа ирэхдээ хоолтойгоо холиод ирдэг аж.
Халтар хултар ч гэлээ сурчихлаа гэхэд хэрэглээ огт байдаггүй. Хаана ч хэрэглэхгүй учраас хэн ч сурахгүй нь тодорхой биш үү. "Хэрэглээг бий болгохын тулд нэгдүгээр ангиас нь авахуулаад босоо бичгийг зааж, гадаад, дотоодын их дээд сургуульд суралцах элсэлтийн шалгалтын нэгийг монгол бичгээр авдаг журам тогтоох, төрийн албан хаагчид тангараг өргөхийн өмнө монгол бичгээр зохих программын дагуу шалгалт өгөх, цэргийн албан хаагчдад алба хаах хугацаанд нь монгол бичгийг сургах, монгол бичгээр ямар албан хэрэг хөтөлж болох тухай жагсаалт гаргах зэргийг УИХ-аар хэлэлцэж хуулийн хүчинтэй хөтөлбөр гаргах шаардлагатай. Ингээд ирэхээр хүн бүр үндэснийхээ бичгийг мэддэг болж, эх орон, соёл заншлаараа бахархах сэтгэлгээтэй болно" хэмээн "Хүмүүн бичиг" сонины ерөнхий эрхлэгч Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Галдан ярьж байна. Уг нь үндэсний бичгээ өргөн хэрэглэж, төрийн бичиг болгох
од болохгүй зүйл өнөөдөр алга.
Монголын хүн амын тэн хагасаас илүү нь монгол бичгээр уншиж, бичиж байна. 90 оноос хойших 900 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд монгол бичиг заалгажээ. Энэ тоо жил бүр 50-60 мянгаар нэмэгддэг байна. Унаган монгол бичигтэй 40000 ахмад, 6000 орчим багш, телевизээр болон бие дааж сурсан 95000 орчим хүн, их дээд сургууль коллежээс сурсан 45-50 мянган хүн байдаг гэсэн судалгаатай. Монгол бичгийн компьютерийн программ бэлэн болж байгаагийн дотор монгол бичгийн хөрөвдөг программыг манай эрдэмтэд зохиожээ. Женев хотод байдаг Олон улсын стандартын байгууллага монгол бичгийн стандартыг 2002 онд баталсан. ЮНЕСКО 1991 онд монгол бичгийг хүн төрөлхтний оюуны өв санд бүртгэн авсан. Одоо монгол бичгийн кодыг баталж интернэтийн сүлжээнд оруулж байгаа гэнэ. Ингэж хаа хамаагүй улс орнууд үнэлээд байхад үндэснийхээ бичгийг бид эх орондоо гадуурхан хавчиж байна. Өөрөөр хэлбэл бид босоо бичгээ боомилчихоод байна.