М.Оюунчимэг: Гэр хороололд хэзээ хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц бий болгон өөрчлөх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:
Улаанбаатар хот болон бусад хот, төвүүдэд үүсээд байгаа асуудлыг шийдэхийн тулд Хот байгуулалтын хуулийг шинэчлэн оруулж байна уу гэдэг асуудлаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй байна. Улаанбаатар хотын гэр хороолол, дахин төлөвлөлт хөдлөх үү? Хэзээ байшин хороолол болох юм уу хашаандаа сайхан амьдраад хэсэгчилсэн инженерийн дэд бүтэц бий болгон өөрчлөх вэ? Энд орсон компаниуд шүүхдсээр хэдэн жил болж байна. Янз бүрийн журам гаргаад хэрэгжиж байгаа зүйл нэг ч алга.
Хот байгуулалтын ажил яаж явах гэж байна вэ? Санхүүжилт нь байна уу? Нийслэл хотын төвд шамбааралдуулан байшин бариад байгаа том аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, дэмжих бодлогоор гэр хорооллын дахин төлөвлөлт рүү оруулах арга зам, ажиллагааг хийж байна уу? Тэгж байж өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Бодит амьдралд хэрэгжиж байгаа, хөрсөн дээрээ буугаад үр дүн өгч байгаа зүйл харагдахгүй байна.
Түүний асуултанд салбарын төлөөлөл хариуллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалж үзэхгүй дутуу хийсэн зүйлс байна. Хөрөнгө оруулалтаа яаж босгох, барилгын компаниудаа яаж дэмжих, инженерийн дэд бүтцээ хэрхэн шийдэхээ тодорхой болгоогүйгээр гэр хорооллын дахин төлөвлөлт зарласан. Үүнээс тодорхой цөөн тооны компаниудын ажил явж байна. Өнөөдөр 40 байршилд 33 компани гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхээр явж байна. 2014 оноос хойш 9229 орон сууц ашиглалтад орсон. Улаанбаатар хот нэг төвт хотоос олон төвт хот болох чиглэлийн хүрээнд зургаан дэд төв барихаар ажиллаж байгаа. Энэ зургаан дэд төв рүүгээ орон сууц барих ажил явагдаж байна.