2020.11.05
С.Чинзориг: Төвлөрсөн суурин газруудаа инженерийн дэд бүтцэд яаралтай холбох шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
"Инженерийн дэд бүтэцтэй, цэвэр бохир усны системтэй болох асуудлыг ямар үе шаттай хийх вэ? Ялангуяа бүх сумдыг ийм болгомоор байна. Өвөрхангай аймаг 19 сумтай. Төвдөө хүн ам төвлөрсөн. Эдгээр газруудад инженерийн системд холбох, хөгжүүлэх чиглэлд ямар бодлого баримталж байна вэ?
Барилгын тухай хууль хэрэгжихгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх гэж стандарт гараад, хуульд заасан байдаг. Шинээр барьж байгаа орон сууц, оффисын барилгад энэ чиглэлийн ажил хангалтгүй хийгддэг. Үүнийг барилгын зөвшөөрөл олгохдоо зураг төсөлдөө тусгаагүй бол олгохгүй байх, хуулийн хэрэгжилтийг хангах, ХБИ-ийн нийгмийн амьдралд тэгш оролцох чиглэлд анхаармаар байна.
Барилгын компаниудад аттестатчилал явуул аа. Цүнхтэй тусгай зөвшөөрөлтэй олон компани бий болжээ. Гэрээ аваад чанаргүй гүйцэтгэлтэй. Шаардахаар мөнгөнд тааруулж хийлээ гэдэг. Хууль зөрчиж байгааг нь тусгай зөвшөөрлийг цуцлах, хар жагсаалтад оруулах зэрэг хариуцлагажуулах ажил хиймээр байна.
Газрын тухай хуультай холбоотойгоо хот байгуулалтын хуулиа хэлэлцэх нь зүйтэй. Хичнээн сайхан хот байгуулалтын хуультай болсон ч Засаг дарга нар газрын асуудлыг чинь олгоод байдаг. Гэтэл өнөөдөр түгжрэл үүсээд ямар байгааг харж байна. Хоорондын уялдаагүй байдлыг арилгах ёстой. Тиймээс Газрын тухай хуулиа оруулаад ирвэл Хот байгуулалтын хуулийг уялдуулан батлах нь зүйтэй. Ингэж байж газар төлөвлөлт, хот төлөвлөлт уялдах юм."
Түүний асуултанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.