2020.11.04
Ж.Ганбаатар: Өнчин барилгын ард газрын албаны дарга нар байдаг
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар асуулт асуулаа:
Улаанбаатар хотыг засахаар зориглоод явбал бүрэн хөгжих боломжтой. 3.3 сая хүн амтай байж хотын түгжрэл, хөрсний бохирдолыг шийдэх боломжтой. Ирээдүйд сайхан хуулиудтай болох юм байна гэдгийг ойлголоо. Өнөөгийн тулгамдаад байгаа асуудлыг яаж шийдэх вэ? Гэр хорооллын айлууд хашаагаа яагаад сунгадаг вэ гэхээр: "Газрын албаныхан урд жаахан талбай үлдэхээр хүнд өгчихдөг юм" гэж байна.
Өнчин барилгын цаана төр, газрын албаны дарга нар байдаг. Өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн засах хуулийн оролдлого байна вэ?
Хуулийг биелүүлэхгүй бол хариуцлагыг нь яах вэ? Төрийн албаныхан өөрсдөдөө үргэлж нүх үлдээдэг. Хууль биелүүлэхгүй бол ажлаасаа гарах эсвэл амралтаа аваад явчихдаг. Ард нь хот байгуулалтын маш том асуудлууд хохирч үлддэг.
Улаанбаатар хотын хөрсний ус дээшилсэн. Гол шалтгаан нь Сэлбэ гол, Чингэлтэйн уулнаас урсдаг булгуудыг хаасан. Үүнээс болоод барилгын өртөг, зардал маш их өндөр болсон. Улаанбаатар хот доошоогоо хөгжих ёстой.
Түүний асуултанд Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.
Хуульд есөн төрлийн бүсчилт бий болгосон. Энэ батлагдсанаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд бүсчилэлүүд бий болох юм. Хуулийн заалтын 57-р зүйлд хяналт шинжилгээг шинээр бий болгосон. Хэрэгжилтийг хянах, уялдуулах зэргийг цогцоор нь оруулж ирсэн. Харин Улаанбаатр хотын хөрсний ус, инженерийн бэлтгэлийн ажлын төлөвлөгөө хаягдсан байна. Эрчим хүчний сайдын хажууд байдаг. Цэвэр бохир ус суваг нь бидэнтэй холбогдсон. Үүнийг цогцоор нь харж чадах хүн байхгүй байна.