2020.11.05

Ж.Бат-Эрдэнэ: Хот байгуулалтын үндэс суурь нь төлөвлөлт юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Хэлэлцэх цаг нь болсон хууль. Нэн тэргүүнд төлөвлөлтийг эвддэггүй байх ёстой. Үүний тулд төлөвлөлтийг гаргасан ААН, мэргэжлийн байгууллагууд өөрийн гэсэн автораа хадгалах ёстой. Хэрвээ эвдэхээр бол автораас санал авч үндэслэлээ гаргаж, түүн дээр тулгуурлан тухайн орон нутгийн байгууллага өөрчилдөг байх ёстой. Тиймээс авторын хяналт, эрх хэр тусгасан бэ?

Хот төлөвлөлтийн тухай, газрын тухай, хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гээд холиод байгаа юм. Эдгээрийн эрх зүйн үндэс нь хот төлөвлөлтийн асуудал юм. Үүнийгээ сайн хийгээд хянадаг, өөрчилдөггүй байсан бол энэ их газрын маргаан, замбараагүй барилга байшин барихгүй, замын түгжрэл ч байхгүй байх ёстой байсан. Тиймээс төлөвлөлтийн хариуцлага, ААН, засаг дарга, эрх мэдэлтэн үүнийг өөрчлөөд байгаа бол хариуцлагыг нь хэрхэх тухай хууль тусгасан бэ?

Хот төлөвлөлтийн бүсчлэлийг тодорхой гаргаж тавих ёстой. Нэг хүн дэлгүүр ажиллуулж байснаа тэрийгээ нураагаад орон сууц, эсвэл эмнэлэг бариад явдаг. Үйлдвэрийн бүсэд орон сууц, орон сцууцны бүсэд үйлдвэр бариад явж байгаа шүү. Үндсэн зарчим шаардлагадаа энийг нарийн зааж оруулаарай.

Хот байгуулалт хамгийн гол нь төлөвллөтийн асуудал юм. Газартай холбоотой асуудлууд, төлөвлөлтийн асуудал, хот тосгоны эрх зүйн байдлын хуулиуд байна. Үүний эхний үндэс нь төлөвлөлт юм шүү. Тиймээс нэрэн дээр нь Хот байгуулалт, төлөвлөлтийн хууль гэж нэрийг өөрчилбөл ямар вэ?"

Түүний асуултанд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариуллаа.