2020.11.05
С.Одонтуяа: Газар дураараа олгож байгаа эрх мэдэлтэнд хүлээлгэх ямар хариуцлага байна вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:
Сүүлийн 30 жилд газар дээр газар олголт, хот төлөвлөлт шал өөрөөр гардаг. Учир нь юундаа байна вэ? Мэргэжлийн байгууллагуудыг авилга авдаг улс төрчдөөс салгахгүй бол цаасан дээр сайхан хууль гаргаад ямар ч нэмэргүй.
Хот байгуулалтын баримт бичиг, ерөнхий төлөвлөгөө хангалттай байгаа. Гол нь энд гүйцэтгэлийн хяналт алдагддаг. Та нарын гаргаж байгаа хуулиар алдаа гараад, хэн нэгэн эрх мэдэлтэн дураараа газар олгоод, иргэдийн эсрэг хийж байгаа гэмт хэрэг юм. Хүмүүсийн амьдралын хамгийн чухал зүйлийг устгаж байна. Эрх мэдэлтэнд хүлээлгэх хариуцлага нь юу байна вэ? Үүнийг чангатгах хэрэгтэй. Хотыг ийм болгочихоод хариуцлага хүлээсэн хүн нэг ч байхгүй.
Хэд хэдэн хуультайгаа уялдаа холбоо гаргах хэрэгтэй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль, Хот тосгоны тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын хууль бүгдийг уялдуулах ёстой. Тухайн шатны Засаг дарга эрх мэдэл, бүрэн эрхэй байх гэх мэт.
Барилгажилтын талбай 70 хувь, бусад нь 30 хувь гээд өгчихдөг. Энэ бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад ямар байдаг вэ? 70 хувь нь барилга, 30 хувь нь тоглоомын талбай, ногоон байгууламж гээд маш жижиг юм барьчихдаг. Өндөр барилга баригдах тусам энэ харьцаа өөрчлөгдөх үү?
Хотхоноор нь газрыг өгчихдөг. Хувийн компаниас очиж газар гуйж байна. Энэ асуудал яаж тусгагдсан бэ?
Түүний асуултанд салбарын төлөөлөл хариуллаа.
Газар олголт нь газрын хуулиар явна. Хот байгуулалтын энэ хуулиар батлагдсан төлөвлөгөөний хүрээнд газар олголтын баримт бичгүүд, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, тухайн жилийн төлөвлөгөөнүүд батлагдаж явах ёстой. Үүний хэрэгжилтийг онцгой анхаарч, хариуцлагын асуудлыг чангатгахаар энэ 12 сард оруулан хэлэлцүүлнэ гэж тооцож байгаа. Цахимаар бүх асуудлыг шийддэг болно. Энэ дээр ямар нэгэн мэдээлэл орохгүй хүлээж авахгүй тохиолдолд юу ч хэвлэгдэхгүй, ямар ч дугаар олгогдохгүй, ямар ч шийдвэр гарахгүй түвшинд төлөвлөөд хэрэгжүүлэхэд бэлэн болсон.