УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Улаанбаатар хотын өнгө төрх архитектур төлөвлөлтийн хувьд гарсан алдаа оноо бол ерөнхий архитектурыг аль нэг дарга томилдогтой холбоотой гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатар хот ямар хэв маягийн хот вэ гэдэг нь танигдахаа байсан.
Хотын ерөнхий архитектур гэдэг албан тушаалыг Улаанбаатарчууд өөрсдөө сонгодог болвол яасан юм бэ? Энэ хуульдаа энэ саналыг тусгаж зарчмын зөрүүтэй санал хураалгая гэж бодож байна. 400 метр кв газар дээр 400 метр.кв байшин барьдаг. Ямар нэгэн ногоон байгууламж, авто зогсоолгүй баригддаг. Барилгын дүрэм журамд нийцэхгүй ч яаж ийж байгаад барьдаг болсон.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг эргэж нэг харах болсон. Хэд хэдэн дэд төвүүд, хаяа дагуул хоттой байх төлөвлөгөө батлагдсан. Улаанбаатар хотын 220.000 айл өрх амьдарч байгаа гэр хороололд хот төлөвлөлтийн стандарт гэж байхгүй байна.