2012 он хүртэл Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох тогтоолын төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Монгол Улсын хууль тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийн тухай" УИХ-ын тогтоолын төслийг мөн өдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс санал авч, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нийцүүлэн хуулийн болон УИХ-ын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэй боловсруулснаа сайд Ц.Нямдорж дурьдаад төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж өгөхийг хүслээ.
УИХ-ын дарга үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцүүлэх боломж гэжээ.
УИХ-ын энэ бүрэн эрхийн хугацаанд Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс ирүүлсэн 157 хууль, УИХ-ын долоон тогтоолын төслийг төсөлд тусгажээ. Эдгээр хуулиас 47 нь шинээр боловсруулах, 24 нь шинэчлэн найруулах, 86 нь нэмэлт, өөрчлөлт оруулах хууль агаад УИХ-ын долоон тогтоолын төсөл нь шинээр болосруулагдах юм байна.