Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ “жагсаасан” байхаа амлалаа
УИХ-ын өнөөдрийн үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд оролцлоо.
Ерөнхий сайд С.Баяр зам, тээвэр, хот байгуулалтын талаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээ, тэдгээрийн хэрэгжилтийн тухай мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүд мэдээлэлтэй холбогдуулан энэ асуудлын хүрээнд ерөнхий сайд болон яамдын сайд нараас асуулт асуулаа. Олонхи гишүүд өөрийн сонгогдсон тойргийнхоо хүрээнд хийх зам засвар, зам тавих ажлуудын талаар, тэдгээр ажлын хэрэгжилт, яагаад хэрэгжихгүй байгаа талаар лавлаж байлаа. Ерөнхий сайд С.Баяр УИХ-ын гишүүдээс эдийн засгийн хямралтай энэ хүнд нөхцөлд засгийн газар ажиллаж байгаагаа анхаарч үзээрэй. Өвчтэй байгаа тамирчин хүнээс спортын амжилт чинь ямар байна гэсэнтэй утга дүйх асуулт асуухгүй байхыг санууллаа.
Мөн зарим гишүүд асуусан асуултдаа хангалттай хариу авч чадсангүй. Учир нь Сангийн яам, Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас огт төлөөлөл байсангүй. Харин өнөөдөр ЗТБХБ яамны сайд Х.Баттулга гишүүдийн асуусан асуултын дийлэнх олонхид нь хариулт өгч "ам хумхилгүй" ярилаа. Ерөнхий сайд хангалттай хариу авч чадаагүй гишүүдээс хүлцэл өчиж дараа нэгдсэн чуулган дээр Засгийн газрын гишүүдээ “жагсаасан” байна хэмээн амлалаа.